Хууль зүйн яамны салбарууд өнөөдөр авлига, хээл хахууль, албан тушаалын эрх мэдлээ хууль бусаар ашигладаг талаараа Монголдоо байтугай дэлхийд тэргүүлэхээр болсон байна. Үүнийг салбарын сайд та мэдэхгүй гэж үү? Таны хонгилыг нураана, эрх чөлөөг эрхэмлэнэ гэж нэгдэн жагсаж байхад чинь ард олон дэмжсэн. Миний бие ч дэмжиж байсан. Харин одоо эргэлзэж байгаагаа илэрхийлье. Эргэлзэх учраа таниулъя миний бие...
2018 оны 07-р сард “Гурван Марал Констракшн” ХХК нь “Нарны хүү Сарны охин” ХХК-ийн жилийн таван хувийн хүүтэй орон сууцжуулах төслийн барилгын ажилд зарцуулагдахаар “Чингис хаан банк”-наас 3,0 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг зээлээс 2018.08.09-ний өдөр 1,9 тэрбум төгрөг ор сураггүй алга болж “Гурван Марал Констракшн” ХХК үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд миний бие уг асуудлаар Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс-д “Дариймаа овогтой Гүрсоронз миний гарын үсэг болон “Гурван Марал Констракшн” ХХК-ийн тамгыг ашиглан дансан дахь мөнгийг завшсан” гэсэн гомдлыг гаргасан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 2018.08.09-ний өдрийн 1,9 тэрбум төгрөгийн гүйлгээний баримтан дээрх гарын үсэг нь хуурамч биш буюу миний гарын үсэг болон “Гурван Марал Констракш” ХХК-ийн тамга болох нь батлагдсан. Өнгөцхөн харахад гэмт хэрэг биш мэт боловч үнэн чанартаа үгүй юм.
Монгол банкны эрх бүхий хоёр албан хаагчийн тус өдрийн болон мөнгө гаргасан гүйлгээний баримтыг шинжлэн судлаад “уг баримт бол бэлэн зарлагын гүйлгээ хийх баримт биш бөгөөд данс хоорондын шилжүүлэг хийлгэхэд зориулагдсан шилжүүлэгийн баримт” бөгөөд шилжүүлгийн баримтаар бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийх боломжгүй гэжээ. Мөн түүнчлэн шилжүүлэг ч хийх боломжгүй. Учир нь илгээж байгаа талын бүрдүүлбэр байгаа боловч хүлээн авч буй талын бүрдүүлбэр хоосон тул бүрдүүлбэр дутуу баримтаар гүйлгээ хийгдэхгүй гэжээ. Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Чингис хаан” банкинд холбогдох 190200607 тоот хэргийг олон удаа хаах санал гарган, хэрэг хариуцсан прокурорууд ч хааж байсан. Хэрэг хаах үед бид улсын прокурорт гомдол гаргасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын газраас тус хэргийн харъяалалыг Авлигатай тэмцэх газарт харъяалуулахаар тогтоосон.
Хэрэг хаагдах үед хэргийн материалтай танилцсан миний бие “Чингис хаан” банкны удирдлага болон холбогдох албан тушаалтанууд миний гарын үсэг бүхий, “Гурван Марал Констракшн” ХХК-ийн тамгатай шилжүүлгийн баримтыг ашиглан “Гурван Марал Констракшн” ХХК-ийн тамгатай шилжүүлгийн баримтыг ашиглан “Гурван Марал Констракшн” ХХК-ийн дансанд бэлэн бусаар байсан 1,9 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагдсан гэдгийг мэдсэн болно.
Авлигатай тэмцэх газраас уг хэргийг шалгаад 2018.08.09-ний өдөр “Чингис хаан” банкинд 1,9 тэрбум төгрөг бэлнээр байгаагүйг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 2018.08.09-ний өдөр “Чингис хаан” банк болон удирдлага нь миний гарын үсэг, “Гурван Марал Констракшн” ХХК-ийн тамга бүхий бүрдүүлбэр дутуу шилжүүлгийн баримт ашиглан “Гурван Марал Констракшн” ХХК-ийн дансанд бэлэн бусаар байсан мөнгийг бэлнээр байсан мэтээр гүйлгээ хийсэн байна. Байхгүй мөнгийг зарлага болгоод гаргадагаас үзвэл ХУУЛЬ БУС МӨНГӨ УГААДАГ БАНК гэсэн хардлага төрүүлж байна.
190200607 хэрэгт нотлох баримтаар тус банкны гүйцэтгэх захирал С-н өгсөн албан тоотонд 2018.08.09-ний өдөр Д.Гүрсоронз өөрийн биеэр ирээд 1,9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн, орлогын гүйлгээ хийгээгүй гэжээ. Авлигатай тэмцэх газарт хийсэнтэй тулгаж үзвэл тухайн өдөр бэлнээр тус банкинд байхгүй байсан мөнгийг миний бие хэрхэн авах боломжтойг ойлгохгүй юм.
Тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн “Чингис хаан" банкны теллер Б-н мэдүүлэг: 2018.08.09-ний өдөр Д.Гүрсоронз 1,9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгээд “Эрдэнэс Фүүдс” ХХК руу 1,9 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн гэжээ. Одоо болтол орлого хийсэн баримт хавтас хэрэгт байхгүй бөгөөд миний бие тус өдөр “Чингис хаан” банкин дээр хийх нь байтугай очоогүй юм. Теллер, гүйцэтгэх захирал хоёрын мэдүүлэг зөрүүтэй байгаа нь тэднийг энэ мэдүүлэгээ хуурамчаар өгсөнийг гэрчилж буй за.
Тус хэрэгт анхаарал татсан бас нэгэн асуудал бол “Нүүдэлчин групп” ХХК-ийн худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр бус гэрээний асуудал байдаг. Тус гэрээнд газар, үл хөдлөх хөрөнгүүдийг 5 сая төгрөгөөр, 299 сая төгрөгөөр, 1,3 хэрбум төгрөгөөр гэсэн гурван өөр дүнтэй гэрээг 1 обьект дээр хийсэн байдаг. “Нүүдэлчин групп” ХХК-ийн нягтлан бодогч тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө: Татвараас зайлсхийх зорилгоор зөрүүтэй үнийн дүнтэй гэрээ хийснээ илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Чингис хаан” банкинд холбогдох 190200607 тоот хэрэгт “Гурван Марал Констракшн” ХХК-ийн дансанд бэлэн бусаар байсан 1,9 тэрбум төгрөгийг завшсан, мөнгө угаасан, гэрчийн мэдүүлэг хуурамчаар өгсөн, хэрэгт нотлох баримт хуурамчаар үйлдсэн, татвараас зайлсхийсэн, ял завшуулахын тулд албан тушаалаа мөрдөгч, прокурорууд зохион байгуулалтайгаар бүлэглэн үйлдсэн хэргүүд багтаж байна.
Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт харъяалал тогтоосон хэргийг эрүүгийн цагдаагийн газарт нийслэлийн прокуророос харъяалуулж хэрэг хаасан гэх прокурор Э.Бадрал гэгч хаасан боловч одоог хүртэл надад хэрэг хаасан тогтоолыг танилцуулаагүй байгаа нь дээр дурдсан гэмт хэргүүдийг нуун дарагдуулахын тулд хийж буй гэмт үйлдэл юм. Энэ нь миний цаашид гомдолоо үнэн зөвөөр шийдвэрлүүлэх эрхийг хааж буй төдийгүй Авлигатай тэмцэх газарт хийгдсэн мөрдөн байцаалт, дүгнэлтийг устган өөрчилсөн байх хардлагыг төрүүлж байна.
“Нарны хүү Сарны охин” ХХК, “Гурван Марал Констракшн” ХХК-ийн захиалагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж захиалагчдыг орон сууцанд нь оруулах, төлбөрийг нь буцаан олгох чинхүү хүсэлтэй байгаа боловч дээрх гэмт хэргийг нуун дарагдуулж, ял завшуулж байгаагаас болоод үйл ажиллагаа явуулахад хэвийн бус болоод байна. Эдийн засгийн хямралтай энэ үед захиалагчдынхаа эрхийг хурдан хангах нь дээр дурдсан хоёр компани төдийгүй төрийн эрхийг барьж буй хүчний дэмжлэгээс бүрдэх учиртай.
“Чингис хаан” банкинд холбогдох 190200607 тоот хэргийг нуун дарагдуулж байгаа мөрдөн байцаагч, прокуроруудын хууль бус үйлдлийг та ч мэдлээ, захиалагчид маань ч мэднэ, Монгол түмэн маань ч мэдлээ. Зөвхөн “Чингис хаан” банк төдийгүй нэр бүхий улс төрчид ч энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй юм. Гэхдээ үнэн учрыг олж, хууль бус үйлдлийг амьдралын хэвшлээ болгосон мөрдөгч, прокуроруудын үйлдлийг илчлэх нь сайд таны салбараа цэвэр байлгах үүрэг гэж ойлгож байна.
Албан тушаалаа урвуулан ашиглах үйлдэл нь улс орныг мөхөөн доройтуулах үйлийн нэг юм. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах үйлдэл гэж шууд ойлгож болох юм. Аливаа улс гүрэн авилгалаа дарж, баялаг бүтээгчдээ дэмжиж байж хөгждөг. Та шударга бусын хонгилыг нураахад иргэдийг төлөөлнө гэдгийг дахин сануулая. “Нарны хүү сарны охин” ХХК, “Гурван Марал Констракшн” ХХК-ийн захиалагчид улсын маань иргэн гэдгийг таныг ухамсарлаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Таныг тус салбарын сайдын хувьд уг асуудалд ул суурьтай хандаж шударга бусын хонгилыг дахин сэргэхгүйгээр нураахыг хүсье.
Үргэлжлэл бий...
“Нарны хүү Сарны охин” ХХК-ийн Ерөнхий захирал, хувийн хэвшлээс жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг санаачлан хэрэгжүүлэгч Амбагай овогт Дариймаагийн Гүрсоронз
2023.02.01