Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР
“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дугаарын зочин”-оор өвлийн усанд сэлэлтийн Монголын анхны дэлхийн аварга М.Цэнгүүнийг урьж ярилцлаа. Тэрбээр өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн, ОБЕГ-ын аврагч Ш.Даваадоржийн зээ охин ажээ.
-Усанд сэлэлтийн тамирчид бэлтгэлээ бассейнд базаадаг. Харин өөрөө хаана бэлтгэлээ хангадаг вэ?
-Монголд хүйтэн устай бассейн, бэлтгэлийн зориулалтын төв байхгүй. Тиймээс би харзны усанд бэлтгэл хийсэн. Бассейнд сэлэх нь мөстэй усанд шумбахаас тэс өөр. Анх өвөө маань надад усанд сэлэхийг зааж өгсөн. Харин техникийн бэлтгэлээ өвөөгийнхөө хамтаар Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд хийдэг. Би энэ спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Одоогоор долоо хоногийн зургаан өдөр, хичээлтэй үед гурван өдөр бэлтгэлээ тогтмол хийж байна. Бассейнд орохоосоо өмнө хүйтэн усанд 1-2 минут биеэ дасгадаг. Анх сэлж сурахдаа сандарч, эвгүй санагдаж байсан. Би мэлхий сэлэлтээр дагнан хичээллэж байгаа.
-Ийм жаахан мөртлөө ДАШТ-д эх орноо төлөөлж оролцлоо. Тэмцээнд орохын өмнө сандарч байв уу?
-Словени улсын Блед хотод болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс 25, 50 метрийн мэлхийн сэлэлтээр хоёр алт, нэг мөнгөн медаль авсан. +5 хэмийн хүйтэн усанд сэлсэн. Миний эхний төрөл 50 метрийн мэлхий сэлэлтээр эхэлсэн. Харин энэ төрөлд сэлэхэд ус их хүйтэн санагдсан. Өмнө нь 50 метрийн зайнд сэлж байсан ч уралдаж үзээгүй. Тиймээс өөрийгөө амжилт үзүүлж чадахгүй гэж бодсон. Гэхдээ ус руу орохын өмнө “Чаддаг юм чинь зүгээр сэлэхэд л хангалттай” гэж өөрийгөө зоригжуулсан. Мөн өвөө маань “Наадах чинь гүнзгий биш тайвшир” гэж хэлсэн. Уснаас гарч ирсний дараа дүнгээ сонсоод их баярласан. Харин 25 метрт түрүүлнэ гэсэн итгэлтэйгээр уралдаж, алтан медаль хүртсэн.
-Дэлхийн аваргын алтан медалийг өвөөгөөсөө түрүүлээд зүүж зогсоход юу бодогдож байв?
-Манай өвөө тэмцээнд өрсөлдөх бүртээ үргэлж хоёроос дээш медальтай ирдэг. Намайг энэ спортоор бэлтгэж эхэлсэн цагаасаа л дэлхийн, азийн аварга болгоно гэж ярьдаг байсан. Тэр хүслийг нь анхны тэмцээнээрээ биелүүлж чадсандаа баяртай байна. Мөн өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргын анхны алтан медалийг аваад, төрийн далбаагаа өргөөд зогсох мөч гоё байсан. Харин медалиа аваад хартал модон медаль байсан. Энэ нь эко гэж өвөө маань хэлсэн. Тэмцээнд авч явж оролцуулсан өвөөдөө, зардлыг минь даасан аавдаа баярлалаа гэж хэлье.
-Өвөл усанд сэлэхэд их даардаг байх даа?
-Бие чийрэг болж, усандаа дасчихдаг. Хүйтэн усанд дассан бие гадаа хэчнээн хүйтэн байсан ч сэлэх үедээ даарч, бээрдэггүй. Тиймээс энэ спорт тамирчныг өөрийгөө сорих чадвартай болгодог.
-Анх ямар тэмцээнд оролцож байв?
-Анх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод тусгай байр эзэлж байсан. Харин 10-15 насны ангилалд ДАШТ-д анх удаа оролцоод шууд гурван медаль хүртлээ.
-Өвөөгийнхөө талаар ярихгүй юу. Хамт бэлтгэл хийхэд ямар байдаг вэ?
-Өвөөг минь Ш.Даваадорж гэдэг. Энэ удаагийн тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл, Франц Улсад болсон мөстэй усанд сэлэлтийн тэмцээний дэлхийн аваргаас нэг хүрэл медаль хүртсэн. Миний усанд сэлэлтийн багшаар ажиллаж, зааж, дэмждэг мундаг хүн. Өвөөгөө тэмцээнд оролцож, уралдаж байхыг нь харах, түрүүлээд бариандаа хүрэхийг нь харах их гоё. Өвөөгийн хувьд багаасаа усан спортод хорхойсож, 1983 оноос өнөөдрийг хүртэл хичээллэж байна. Амьдралынхаа 40 жилийг энэ спорт, амжилтын төлөө зориулж яваа хүн. Мөн Анх 1986 онд УАШТ-д оролцохдоо насанд хүрэгчдийн ангиллын нэгдүгээр зэргийн болзол хангасан юм билээ. Тиймээс би өвөө шигээ хүн болохыг хүсдэг.
-Энэ спорт тамирчнаас ямар чадвар шаарддаг вэ. Анх хичээллэхэд юу анхаарах ёстой бол?
-Техник илүү чухал санагдсан. Нэгэнт л усандаа дасчихсан учраас зөв техниктэй байвал хурдан, гэмтэлгүйгээр тэмцээнээ дуусгаж чадна. Техник сайтай хүн хурдан сэлж, түрүүлэх боломжтой. Тиймээс техник дээрээ илүү анхаарч, бэлдэх ёстой гэдгийг энэ тэмцээнээс ойлгосон.
-Өвлийн усанд сэлэлт гурван төрөлтэй. Түүний нэгээр нь дэлхийн аварга боллоо. Харин нөгөө хоёрыг нь сурсан уу?
Өвлийн усанд сэлэлт мэлхий, далайн гахай, өврөөр даллах гэсэн төрөлтэй. Түүнээс би өөрийн амжилт гаргасан мэлхий сэлэлтээр л дагнан хичээллэж байгаа. Нөгөө хоёрыг нь одоохондоо сураагүй. Тиймээс далайн гахай, өврөөр даллах сэлэлтийг сурчихаад тэмцээнд оролцож, медаль хүртэхийг хүсэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 30 (7015)