С.САРУУЛ
Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байна.
2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. Харин 2024 онд 10,000 тонныг бэлтгэхээр төлөвлөж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв. Тэрбээр “Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулах юм. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг байгуулсан” хэмээлээ.
Нөөцийн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Мах экспорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлхүү “Наймдугаар сарын сүүлч буюу малыг тарга тэвээрэгтэй байх үеэс нөөцийн махыг бэлтгэж эхэлдэг. Манай компанийн хувьд арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд нөөцийн махыг бэлдэж дууссан. Нөөцийн махаар хонь, ямаа, үхрийн мах бэлтгэдэг бөгөөд гэрээний дагуу 552 тонн махыг нөөцлөөд байна. Нядалгаа, үзлэг, хөлдөөлт, савлагаа зэрэг бүх үйл явцад технологийн шаардлагыг ханган ажиллаж байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn