Т.САЙХАН
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг урьж, ярилцсан. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд УИХ-аас батлагдсан 36 дугаар тогтоолын Ажлын хэсгийг ахлан, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг төсөвлүүлээд байна.
-Шүлхий өвчний гаралт 2022 онд 20 аймгийн 203 суманд 4670 голомт бүртгэгдсэн. Харин зөв тактик барьж ажилласны үр дүнд тархалтыг зогсоож, одоогоор улсын хэмжээнд өвчлөлгүй тайван байна.Вакцины хувьд ОХУ-аас 6.5 сая тунг авч, Биокомбинат ТӨХХК-ын тусгай зориулалтын хөргүүрт хадгалаад байгаа.
-Монгол Улсыг эрүүл малтай болгоход малчин түмний үүрэг оролцоо асар чухал. Нэг өгүүлбэрээр хэлбэл, монгол хүний эрүүл мэнд малчин таны гарт бий. Мал нь эрүүл бол зах зээлд борлуулах, цаашлаад экспортод гарган, ашиг олох боломж бүрдэнэ. Энэ чиглэлд нэлээд хүч хаяж ажиллаж байна.
-Эрүүл монгол малын мах бий болгохын тулд олон улсын жишгээр мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр монгол махаа олон улсад гуйж биш гуядаж өгөх цаг удахгүй ирнэ.
-Баруун аймагт гурван сая орчим мал байгаа бол Халх голын нутагт 100 гаруй га газарт 100 мянган үхэртэй байхаар төлөвлөж байна. Халх голынхоо өндөр өвсөнд бэлчээсэн малаа үнэд хүргэн дэлхийн зах зээлд гаргана.
-Монголчууд бид социализмын үед юу л бол юуг өөрсдөө хийж чаддаг байсан. Гэтэл одоо дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа ч гадагшаа валют зарж авч байна. Бид уул уурхайгаас олсон багахан ашгаа бүх хэрэглээндээ зарцуулаад цоорхой уутанд хийчихсэн юм шиг л амьдарч байна шүү дээ.
-Ирэх таван жилд өргөн хэрэглээний 19, задалбал 55 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилтыг тавьсан. Эхний ээлжид тавхан хувь байдаг гаалийн импортын татварыг үе шаттайгаар 2-3 жилийн хугацаанд 20-30 хувиар нэмэгдүүлж, үндэсний баялаг бүтээгчид буюу дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалж, “төрийн хамгаалалт”-д авна.
-Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг төрийн оновчтой бодлогоор дэмжин хөгжүүлж, дэвшил гаргахын тулд зах зээлийн сүлжээг сумдад бий болгож, арьс шир, ноос, ноолуурын түүхий эдийн үнийн өсөлтийг ханган хэрэгжүүлнэ.
-Угаасан ноолуураас Монгол Улсад өнгөрсөн жил 310 сая ам.доллар орж ирж байсан бол самнасан ноолуур экспортолсноор 500 сая ам.доллар болно. Бид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Цаашдаа Монгол Улс уул уурхайд бус хөдөө аж ахуйд түшиглэсэн бүтээгдэхүүн экспортлох нь чухал.
-Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 70 орчим хувийг орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олгоно.
Эх сурвалж:www.polit.mn