Хийлийн эгшиг тасраагүй 35 жил

2023-01-09
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

 

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

….Танхим нам гүм болоход үзэгчдийн хүлээлт, догдлол нэгэн хэмд хүрнэ. Удирдаач дохиураа алгуурхнаар хөдөлгөхөд  үзэгчид  тийм гэхийн аргагүй  тансаг аялгуунд  хөглөгдөж, сонгодог хөгжмийн ярууд умбах аж.  Монголын сонгодог урлагийн  хөгжлийг бүтээлцэж,  олон авьяаслаг уран бүтээлчдийг өлгийдөн буй газар бол яах аргагүй Монгол Улсын филармони. Энэ байгууллагаас ажлынхаа гарааг эхэлж, амьдралынхаа 35 жилийг зориулсан эрхэм бол Улсын филармонийн симфони найрал хөгжмийн концертмейстр З.Туяа юм.  Тэрбээр шинэ оны босгон дээр Гавьяат жүжигчин цол хүртэж, олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн билээ. Хийл хөгжмийн яруу, тансаг хөгөөр үзэгчдийн сонорыг мялааж,  сонгодог хөгжмийн сайханд дурлуулж яваа түүнийг  "Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Амьдралын тойрог" буландаа урилаа. Тэрбээр гавьяаныхаа амралтад гарсан ч хийл хөгжим хийгээд, хамт олон нь түүний амьдралын салшгүй нэг хэсэг гэлтэй.  
Үгээр илэрхийлэмгүй сэтгэлийн таашаал хийгээд гоо зүйн дээд мэдрэмжийг түгээдэг шидтэй зүйл бол яах аргагүй хөгжим билээ. Нэг симфони сонсоход нэг роман уншсантай адил гэдэг. Тиймээс түүний  симфони адил амьдралын  дурдатгалыг сийрүүлэн хүргэе.
 

Гэр бүлийн хамт.

 

УРЛАГИЙН ГЭР БҮЛЭЭС ГЯЛАЛЗСАН ОД

 

Тэрбээр Улаанбаатар хотын уугуул бөгөөд хүүхэд насных нь дурсамжууд 40 мянгатад өнгөрчээ. Их дэлгүүрийн  зүүн талд байрлах 39 дүгээр цэцэрлэгт байхаасаа мандалин хөгжим тоглодог авьяаслаг хүүхэд байжээ. Ийнхүү тэрбээр хийл хөгжимтэй холбогдсон амьдралынхаа гэгээн дурсамжийг хуваалцсан юм. Нийтлэлийн баатар маань хүүхэд наснаасаа ирээдүйн хүсэл мөрөөдөл зорилгоо олжээ. Учир нь урлагийн  гал дүрэлцсэн нэгэн гэр бүлээс төрсөн од юм. Түүний аав нь Монголын хөгжмийн урлагт олон авьяаслаг уран бүтээлчийг төрүүлсэн хөгжмийн зохиолч, багш С.Задгай. Харин ээж Н.Гарваа нь УДБЭТ-ын найрал дуучин юм.  
З.Туяагийн хөгжим тоглох авьяас, мэдрэмжийг нь аав олж харж  урлагийн  сургуульд  оруулахаар шийдсэн байна. Ийнхүү 1967 онд  Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгч, хийл хөгжмийн ангид орж урлагийн замналаа эхлүүлжээ.  Хийл хөгжмийн А үсгийг зааж, урлаг хэмээх том орон зайд хөтөлсөн  нэгэн эрхэм бол түүний мэргэжлийн багш З.Алимаа юм. Энэ тухай тэрбээр "Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуульд ороход өөр хөгжмийн ангид орох боломжтой  байсан хэдий  сонголтгүйгээр  хийлийг сонгосон. Би жижигхэн биетэй байсан учраас гар, хуруу нь хийл хөгжимд тохирно гэж бодсон байх. Тухайн үед төгөлдөр хуур, морин хийл, хийл хөгжмийн ангид нийлээд 27 хүүхэд элсэн орж, 11-үүлээ төгссөн" гэлээ. 

 

З.Туяа Улсын филармонийн гурван үеийн түүхийг бичилцсэн уран бүтээлч юм.

 

БАГШИЙН СУРГУУЛЬД ЭГШИГЛЭСЭН ХИЙЛИЙН АЯЛГУУ

 

Нийтлэлийн баатар маань "Урлагийн гэр бүлд төрж өссөн гэдгээрээ үргэлж талархаж, бэлэгшээж явдаг. Аав маань намайг мэргэжилд минь дурлуулах гэж  урамшуулдаг байсан. Би эцэг эхээс наймуулаа. Гэр бүлийнхэн маань бүгд урлагийн мэдрэмжтэй хүмүүс. Аав маань биднийг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж мэргэжлээ сонгоорой гэж хэлдэг байсан. Тиймээс эгч З.Тунгалаг маань ээжийн мэргэжлийг өвлөж УДБЭТ-д найрал дуучнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан" гэлээ. 


Ийнхүү түүний хүүхэд нас Хөгжим, бүжгийн дунд сургууль, авьяасын уурхай болсон УДБЭТ-ын ягаан байшин, Улсын багшийн дээд сургуулийн танхимд өнгөрчээ. Учир нь аав нь Багшийн сургуульд төгөлдөр хуур,  онолын багшаар ажилладаг байж. Энэ тухай "Аавыгаа хичээлээ зааж дуустал өрөөнд нь хөгжмөө давтаад суудаг хүүхэд байлаа. Гавьяат жүжигчин “Соёл-эрдэнэ” хамтлагийн дуучин Ч.Насантогтох бид  хоёр Хөгжим бүжгийн сургуулийн нэг ангийн найзууд. Ч.Насантогтохын маань аав бас Багшийн сургуульд ажилладаг байсан юм.  Тиймээс бид хоёр хичээлээ тараад л аав нарыгаа хүлээгээд өнждөг байлаа. Бид хоёр энэ дурсамжаа ярих их дуртай" гэлээ. Тэрбээр аавынхаа тухай ярихдаа шавь нарыг дурсах дуртайгаа хэлсэн юм. Яах аргагүй хөгжмийн зохиолч, С.Задгай гуайн олон шавь монголын хөгжмийн урлагт тод гялалзаж яваа авьяастнууд билээ. Жишээ нь, Чингис хаан одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров гээд авьяасын охь болсон уран бүтээлч бий. 

 

СОЁЛЫН ЯАМНЫ ТУШААЛ ӨВӨРТӨЛСӨН 20 НАСТАЙ ХӨГЖИМЧИН

 

Тэрбээр Хөгжим, бүжгийн дунд сургуулийн хийл хөгжмийн ангид 12 жил сурч, 1979 онд төгсжээ. Ийнхүү 20 настай охин Соёлын яамны тушаалаар Улсын филармони гэх том айлаас ажлын гараагаа эхэлсэн байна. Тухайн үед ерөнхий удирдаачаар Ц.Намсрайжав гуай ажиллаж байжээ. Энэ тухай "Энэ үеэс мэргэжлийнхээ үнэ цэнийг улам ихээр мэдэрч, олон сайхан бүтээлд оролцсон. 1980 онд Ц.Намсрайжав удирдаачийн удирдлагаар Монголын сонгодог урлагийн хөрсөнд дэлхийн алдарт Л.Бетховений есдүгээр симфонийг анх удаа тавихад тоглож байсан. Үүнээс хойш тус симфонийг 30 жилийн дараа дахин эгшиглүүлэхэд нь  мөн  ажиллаж байлаа. Энэ үед удирдаачаар Ц.Намсрайжав удирдаачийн хүү Н.Бүтэнбаяр багш маань ажилласан" гэлээ. Ийнхүү дэлхийн сонгодог бүтээлийг Монголынхоо хөрсөнд буухад нь аав, хүү хоёр удирдаачтай хамтарч ажилласан  ховор агшны эзэн юм.

Симфони  найрал хөгжимд 35 жил ажиллахдаа  20 жилд нь оркестрын ерөнхий  концертмейстрээр ажиллажээ.


Ц.Намсрайжав удирдаач залуу боловсон хүчнээ илүү хөгжүүлэхийг эрмэлзэж гадаад руу сургуульд явуулахаар болсон байна. Тиймээс Ц.Туяа ажилчдын конкурс өгч тэнцээд 1981 онд ОХУ-ыг зорьжээ. Ийнхүү М.Мусоргскийн нэрэмжит Уралын дээд сургуулийг А.Г.Фомин  багшийн удирдлагад зургаан жил сурч төгссөн байна.  Энэ үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн ангийнхаа таван хүүхэдтэй, мөн аавынхаа шавь  нар болох Б.Шарав, Х.Билэгжаргал гэсэн мундаг хүмүүстэй хамт сурч байжээ. Энэ тухай "УДБЭТ-ын концертмейстер Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Ц.Мөнхболдтой  бид хоёр Уралын дээд сургуулийн А.Г.Фомин  багшийн шавь байсан. Монголдоо ирснийхээ дараа хоёулаа оркестрынхаа концертмейстрээр ажилласан. Тэр үедээ багш маань харсан бол ямар их баярлах байсан бол гэж ярьдаг байлаа" гэсэн юм.


ОХУ-д түүний амьдралын хамгийн нандин цаг хугацаа хөврөн оджээ. Учир нь тэрбээр тэнд суралцаж байх хугацаандаа ханьтайгаа танилцаж, хүүгээ төрүүлсэн байна. Түүний  хань тухайн үед  “Горный институт” гэсэн уул уурхайн сургуульд  сурдаг байжээ.  Энэ тухайгаа "Бид нэг хүүтэй. Хүүгээ ОХУ-д сурч байхдаа төрүүлсэн юм. Амьдралын минь хамгийн сайхан дурсамж тэнд хадгалаастай байдаг. Тиймээс сургуулиа төгсөөд монголдоо ирсний дараа хүүгээ таван нас хүрэхэд  төрсөн хотыг нь үзүүлэхээр дагуулаад явж байлаа" хэмээн амьдралынхаа нандин дурсамжийг хуваалцсан юм. Түүний хүү Б.Анар ээжийнхээ мэргэжлийг өвлөж Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байна.

 

ГУРВАН ҮЕИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН 35 ЖИЛ

 

З.Туяаг ОХУ-ыг зориход Улсын филармонийн ерөнхий удирдаач Ц.Намсрайжав “Сургуулиа төгсөж ирээд филармонидаа  ажилаарай” гэж захижээ. Түүнийг сургуулиа төгсөөд ирсэн даруйхан багш нь өөд болсон байна. Дараа нь түүний хүү Н.Бүтэнбаяр филармонид удирдаачаар ажиллажээ. Тэрбээр “Н.Бүтэнбаяр удирдаачтай олон жил хамтарч ажилласан.  Багш маань утсан хөгжимчин учраас илүү ойлгож, мэргэжлийн талаас зааж сургадаг байлаа. Багштайгаа хамт дэлхийн  болон монголын орчин цагийн сонгодог зохиол, уран бүтээлээ тоглосондоо баяртай байдаг” гэлээ.  З.Туяа Улсын филармонид ажиллах хугацаандаа үе үеийн удирдаачидтай хамтран Л.Бетховен, П.Чайковский, И.Гайдн, В.Моцарт, Д.Шостакович зэрэг дэлхийн сор болсон хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг монголын сонгодог урлагийн хөрсөнд буулгасан байна. Түүнчлэн  Монголын хөгжмийн зохиолчдоос Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ц.Намсрайжав, З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Шарав, Х.Билэгжаргал, Н.Жанцанноров нарын томоохон симфони зохиолуудыг тогложээ. Мөн өөрийн бие даасан уран бүтээлээ үзэгчдийн сонорт хүргэсэн байна. Жишээ нь, Уралын хөгжмийн зохиолч Г.Топорковын хийл, симфони найрал хөгжимд зориулсан концерт, А.Вивальди "Дөрвөн улирал" хийлийн концерт, Н.Римский-Корсаков "Шехерезада" симфони найрал сюитийн хийлийн гоцлолууд, дэлхийн ба монголын симфони найрал хөгжимд зориулсан зохиолуудын хийлийн гоцлол номерыг тогложээ. Энэ тухайгаа “Бие даасан уран бүтээлийн тайз сандрал догдолоор дүүрэн цаг хугацаа байдаг. Н.Бүтэнбаяр, Ц.Баатаржав удирдаачтайгаа  өөрийнхөө бие даасан уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байлаа. Мөн цөөхүүл хамтлагаараа хилийн чанадад олон тоглолтод оролцсон.  1989 онд Монголынхоо сонгодог урлагийг сурталчлах дэлхийн залуучуудын 13-р их наадамд хамтлагаараа тоглосон. Мөн 2003 онд Н.Бүтэнбаяр багштай Токио хотод болсон  Азийн  орнуудын дээд зэрэглэлийн симфони хөгжмийн наадамд 80 гаруй уран бүтээлчдийн багтай оркестраар  явж байлаа. Миний ажил бол багийн ажил. Тайзан дээр нэг хүн шиг тоглож, үзэгчдэд сонгодог урлагийн сайхан мэдрэмжийг түгээдэг. Тайзан дээр нэг уур амьсгалаар удирдаачийнхаа хүссэн хэмжээнд хүрч, амжилттай тоглосон үед хамгийн  их бахархах сэтгэгдэл төрдөг. Энэ бүх дурсамжийг хамтдаа бүтээж байгаа учраас баярлах, гуних  цаг хугацаа нь хүртэл нэг. Мөн тухайн уран бүтээлийг анх удаа үзэгчдэд хүргэсний дараа сайхан мэдрэмж төрдөг дөө. Оны сүүлчийн босгон дээр Гавьяат жүжигчин цол  хүртэхэд хамгийн түрүүнд хамт олон минь  нүдэнд харагддаг юм байна лээ. Хамт олныгоо баярлаж байгааг харах их сайхан цаг хугацаа байсан” хэмээлээ. 


Тэрбээр Улсын филармонийн гурван үеийн түүхийг бичилцсэндээ  баярладаг, дурсаж ярих дуртай гэсэн юм. Сургуулиа төгссөн шинэхэн уран бүтээлч оркестрын ууган ахмадууд хамтарч ажиллаж байжээ.  Түүнийг улсын филармонид дөнгөж ажилд ороход монголын сор болсон уран бүтээлчийн нэг чадварлаг концертмейстр Э.Түмэндэмбэрэл гуай Болгарт сураад төгсөж ирж байжээ. Дараа нь Н.Бүтэнбаяр удирдаачийн үед өөрийнхөө үеийнхэнтэй ажилласан байна. Мөн залуу удирдаач, хөгжимчидтэй мөр зэрэгцэн хамтарч ажилласандаа баяртай  байдаг гэсэн юм.


З.Туяа  симфони  найрал хөгжимд 35 жил ажиллахдаа  20 жилд нь  оркестрын ерөнхий  концертмейстрээр ажиллажээ. Ийнхүү гавьяаныхаа амралтад гарсны дараа СУИС-д долоон жил багшилж, гурван жилийн өмнөөс Монгол Улсын консерваторд багшилж байгаа аж. Тэрбээр хийл бол нарийн мэдрэмж шаардсан хөгжим. Хөгжмийнхөө өнгийг чихээрээ мэдэрдэг учраас нарийн сонсголтой байх ёстой. Тиймээс шавь нартаа "Хөгжмөө өөрийн болгохын тулд бэлтгэл чухал. Ингэж байж хөгжмөө мэдэрч, үзэгчдийн сэтгэлд хүрэх аялгууг эгшиглүүлж, өнгө суудаг юм” гэж захидаг гэлээ. 

 

АВЬЯАСЫН ОН ЦАГИЙН ТОЙРОГ

 

Хөгжим тоглох дуртай жаахан охин дуурийн театрын тайзан дээр ээжийгээ дуулж байхыг хараад ээж шигээ урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Хамгийн сүүлд ээжийгээ дэлхийн сонгодог Карменд дуулж байхыг нь хараад  ямар их бахархсанаа дурсан ярихад аз жаргал мэдрэгдэнэ. Намайг сургуулиа төгсөөд  мэргэжлийн оркестроор ажиллаж байхад аав ээж минь охиныхоо тоглолтыг үзээд сууж байхад миний хүүхэд насны дурсамж хөврөн байсан байх хэмээн нийтлэлийн баатар маань дурсан ярисан юм.


 Тэрбээр “Энэ цаг үед миний мэргэжил хүүгээр минь дамжигдаад үргэлжилж байна. Хүү минь төгөлдөр хуурчийн мэргэжлийг эзэмшснийхээ дараа удирдаачийн мэргэжлээр давхар сурсан. Одоо Улсын филармонид найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байна. Би хүүгийнхээ тоглолтыг үзэх их дуртай. Бас хүү минь удирдаачаар ажиллаад  би оркестроор тоглодог байсан. Хүүгээ мэргэжлийн сонгодог хөгжим удирдаад, гайхалтай симфони зохиолуудыг сонсоод сууж байхдаа  аав ээжийн минь авьяасын үргэлжлэл юм даа гэж бодож суусан” гэлээ. Үнэхээр авьяас гэдэг удам дамжин үргэлжилж байдаг аугаа зүйл юм. Энэ л замналаар Монголын сонгодог урлагийн түүхийг бүтээлцэж яваа нийтлэлийн маань баатар З.Туяагийн удмын түүх хөврөн байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 5 (6990)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

16 цаг 36 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

16 цаг 36 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

16 цаг 36 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

16 цаг 36 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

16 цаг 36 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

16 цаг 36 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

16 цаг 36 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

16 цаг 36 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

16 цаг 36 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

16 цаг 36 мин