П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Lеаderships forum” буландаа урьж, Монгол улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн зохицуулагч, төслийн менежер Н.Ганчимэгтэй ярилцсан юм. Түүний хэлсэн онцлох арван эшлэлийг хүргэж байна.
-Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж буй 300 гаруй сэтгүүлчийг хамруулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид урьдынх шигээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан.
-Судалгаанаас харахад тухайн үед сэтгүүлчид мэдээллийг олж авах, түүнийгээ нягтлан шалгахад хүндрэл гарч байсан. Хязгаарлалтын улмаас эх сурвалжуудтай холбогдох боломж бага, холбоо барих хаяг тодорхойгүй, цаашлаад мэдээлэл өгөх эх сурвалжийн дутагдалд орох, бэлдэж буй мэдээлэл нь олон нийтэд түгээх хэмжээний хангалттай биш зэрэг тохиолдол гарч байсныг сэтгүүлчид хэлсэн.
- Мөн бусад эх сурвалжийг баттай бус гэж зарлаж, зөвхөн албаны эх сурвалжийг ашиглахаас өөр аргагүйд хүргэсэн, албаны эх сурвалжаас өгсөн мэдээлэл нь зөрүүтэй байсан тул иргэдэд бухимдал, төөрөгдөл үүсгэж байсан зэрэг нь бэрхшээл болж байсан нь харагдсан.
-COVID-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн тухайн цаг үед хэвлэлийн эрх чөлөө хумигдсан гэж дүгнэж болохоор байв. Цаашлаад цар тахлын үед тогтоож буй эдгээр хязгаарлалт нь цар тахал дууссаны дараа ч хадгалагдаад үлдэх вий гэсэн болгоомжлол төрсөн байсан.
-Мөн нөгөө талаас хэвлэлийнхэн мэдээллийг сенсаацтайгаар түгээж, хэт дайрч давшилж, хүндэтгэлгүй харьцаж байна, оновчгүй асуулт асууж, мэргэжлийн бус байна гэдэг шүүмжлэл их гарч байв. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандаагүй, эх сурвалжаа нягтлаагүй, баттай бус мэдээлэл тараасан, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан зэрэг ёс зүйн алдааг гаргаж байна гэж судалгаанд оролцогсод үзэж байсан.
-Мөн төр, засгийн зүгээс явуулсан үйл ажиллагаа, хэвлэлийнхний ажиллаж буй байдалд ч аль алинд нь анхаарах, сайжруулах шаардлага байгаа нь судалгааны дүнд анзаарагдсан. Учир нь ийнхүү харилцан ойлголцохгүй ажилласнаас үүдэн COVID-19-тэй холбоотой баталгаагүй, эргэлзээтэй мэдээлэл иргэдийн дунд түгэх болсон.
-COVID-19 цар тахал шиг олон нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн үед хэвлэл мэдээлэл, засгийн газар, төрийн байгууллага зэрэг талуудын оролцоо, ойлголцол зайлшгүй байх хэрэгтэй байна гэж үзсэн. Эндээс хямрал буюу олон нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн үед энэхүү харилцааг хэрхэн авч явах вэ гэдгийг томъёолох хэрэгцээтэй байгаа нь тодорхой байв.
-“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд есөн хүнтэй үйл ажиллагааны баг буюу хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгмийн тус бүр гурав, гурван төлөөлөл бүрдэж ажилласан. Багийг хямралын үед хэрхэн ажиллах талаар жигд ойлголттой болгох үүднээс олон улсын болон дотоодын багш нарын хамтарсан бүрэлдэхүүнтэй чадавхжуулах сургалтад цахимаар хамруулсан.
Төсөл хэрэгжсэнээр хэвлэл мэдээлэл, орон нутгийн засаг захиргаа (төр, засаг), иргэд, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн талууд харилцан бие биенийхээ нөхцөл байдал, ажлын онцлогийг ойлгосон, хямрал, эрсдэлийн үед зорилтот бүлгийнхээ онцлогт тулгуурласан мэдээлэл харилцааны ажил явуулах хэрэгтэйг мэдсэн, хамтарсан баг болж ажиллаж чадсан, хоорондоо бус COVID-19-тэй тэмцэж буй гэдгээ ойлгосон нь онцлох үр дүн байв.
-Үндэсний хэмжээнд болон засаг захиргааны нэгж бүрд хямралын мэдээллийн харилцааны багийг байгуулан ажилласнаар төр, хэвлэл мэдээлэл, иргэний гуравласан холбоо, харилцан итгэлцэл үүсэж, иргэдийг баталгаатай мэдээллээр хангахад ач тусаа өгнө гэж үзэж байна.
Эх сурвалж:www.polit.mn