Т.САЙХАН
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Баурыжан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр /12.01/ гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болжээ.
Тэрбээр “УИХ-аас баталсан Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргын орлогч, мөн Засаг даргын зөвлөхийг чөлөөлсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга н.Болатыг чөлөөлөх, 2003 оноос хамт ажиллаж ирсэн Ж.Курейныг тэтгэвэрт нь гарга гэдэг тулган шаардалт тулгалаа. Хэрэв энэ хоёрыг чөлөөлөхгүй бол намайг Засаг даргынхаа ажлыг өг гэсэн. Амьдрал баян, би Засаг даргынхаа суудлыг энэ хоёр эрхмийнхээ суудлаар сольж байгаа. Эдийн засаг хямралтай, дайнтай үед намынхаа бүлгийг хагалахыг хүсээгүй. Жаахан ч гэсэн ажил хийг гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргаж байгаа. Гуравт, эрүүл мэндийн шалтгаан гарсан, эмчлүүлэх шаардлагатай болсон. Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад хүнд байсан гэсэн ч ах нарынхаа амьдралыг бодож, залуусыг бас битгий эвдрээсэй гэдэг үүднээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn