Б.НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Буудлагын спортын ОУХМ Ц.Мөнхзулыг урьж, ярилцлаа. Тэрбээр Египет улсын Каир хотод болсон буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд алтан медаль хүртсэн билээ.
-Та энэ удаагийн ДАШТ-д 585 оноогоор алтан медаль хүртлээ. Мөн мөнгө, хүрэл медалийг ч манай тамирчид хүртсэн. Энэ бол Монголын буудлагын спортын түүхэн амжилт хэмээн харж байна?
-Алтан медалийн төлөө гарахад сэтгэл зүй минь их тайван байсан. Учир нь өмнөх өдөр нь мөнгөн медалийн болзол хангасан. Тухайн үед дасгалжуулагч маань тайван байж, зөв ажиллаарай гэж захисан юм. Мөн надаас гадна Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртсэнээр анх удаа Монголын гурван эмэгтэй тамирчин медалийн тавцанд зогсож, гурван төрийн далбаа Каирын тэнгэрт намирсан. Үгээр хэлэхийн аргагүй сэтгэл огшоосон сайхан мөч байлаа.
-Өмнө нь та эх орноо төлөөлж олон тэмцээнд оролцож байсан. Энэ удаагийн ДАШТ-ний онцлог юу вэ?
-Сонгомол гар буу болон том калибрын төрлөөр өмнө нь буудаж үзээгүй. Учир нь энэ хоёр нь эрэгтэйчүүдийн төрөл. Харин энэ удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн төрөлд эмэгтэй тамирчид оролцсоноороо онцлог болсон. Тиймдээ ч амжилт гаргаж төрийн дууллаа эгшиглүүлж чадлаа.
-ДАШТ-д явахдаа өөрийн дасгалжуулагчгүй явсан. Тэмцээний үеэр багштайгаа холбогдож зөвлөгөө авсан уу?
-Шигшээ багийн хоёр дасгалжуулагчтай явсан. Тэд маань цаг, мөч бүрт зөвлөж байлаа. Мөн багштайгаа цахимаар холбогдсон. Хувийн дасгалжуулагч маань миний үндсэн арга техникийг сайн мэддэг. Тиймээс надад тохирсон зөвлөгөөг өгсөн. Эдгээр багш, дасгалжуулагчдынхаа хүчээр амжилт гаргасандаа баяртай байна.
-Таны хувьд буудлагын спортоор 28 жил хичээллэжээ. Анх тамирчин болох шийдвэрийг хэрхэн гаргаж байв?
-Аав минь буудлагын спортын ОУХМ тамирчин.Тиймээс ааваасаа үлгэр дуурайлал авч өссөн. Харин 1994 онд ээж анх буудлагын спортын дугуйланд намайг бүртгүүлсэн юм. Магадгүй охиныхоо хүсэл сонирхлыг анзаарч харсан байх.Тэр цагаас л тамирчин болсон түүхтэй.
-Та буудлагаар хичээллээд хувь хүн талдаа ямар төлөвшлийг олж авсан бэ?
-Энэ спортоор хичээллээд би хувь хүн болон тамирчныхаа хувьд их олон зүйлийг сурсан. Буудлагын спорт хамгийн түрүүнд тэвчээрт сургадаг давуу талтай. Мөн өөртэйгөө ажиллах чадварыг илүү хөгжүүлдэг. Үүнээс гадна аливаад төвлөрч, анхаарал сайжирдаг юм шүү.
-Мэдээж амархан спорт гэж байхгүй. Ялангуяа буудлага анхаарал шаардсан хүнд төрөлд орох байх. Таны хувьд шантрах үе гарч байв уу?
-Багаасаа буудлагаар хичээллэсэн болохоор буугаа дийлэхгүй үе байлаа. Гэхдээ л үргэлж би чадна, амжилт гаргана гэж боддог байсан. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаас болоод амжилт буурсан үе бий. Харин одоо бэлтгэлдээ орж, илүү хичээж байгаа.
-Тамирчин хүний туйлын зорилго олимп байдаг байх. “Парис 2024” ч ойрхон байна даа?
-Мэдээж тамирчин хүн бүхэн олимпын наадамд оролцож, өөрийгөө сорих хүсэлтэй. Надад ч энэ мөрөөдөл бий. “Парис 2024” олимп болох дөхөж байна. 600 гаруй хоног л үлджээ. Тиймээс бэлтгэлдээ шамдаж, амжилт гаргахын төлөө хичээх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)