Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Үндэсний бөхийн түүхэнд “Хоёр Пүрэв”-ийн нэг болж шинэ өнгө төрх, түүхийг бичиж байгаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхантай ярилцлаа. Тэрбээр үндэсний бөхийн шуудагны барилдаанд шинэ хувьсал, хувилбар гаргаж ирсэн байдаг. Б.Пүрэвсайхан 2010 онд аймгийн арслан, 2012 онд улсын начин, 2014 онд улсын харцага, 2016 онд улсын заан цолыг хүртсэн билээ.
-Энэ жилийн наадамд хүлээлтэд хүртэл барилдаж чадсангүй. Өөрөө их харамсаж байгаа харагдсан?
-Өөртөө түүхт 100 жилийн ойгоор 1024 бөхийн барилдаанд сайн барилдаж, цолоо ахиулах зорилго тавьсан байсан. Бэлтгэлээ ч сайн хийсэн. Гэвч дөрвийн даваанд аймгийн заан О.Түмэнд унасан. Зүүн шуудаг задрах агшинд анхаарал алдаж, зүүн гараа тавьсан. Үүнийг өрсөлдөгч маань мэдэрч мордоод хөмөрчихсөн. Том биетэй хүн дайраад мордоход яаж ч чадаагүй. Тухайн үед улсын наадамд гаргаж боломгүй том алдаа гаргалаа гэж өөртөө их харамсаж байлаа. Гэхдээ нэгэнт уначихсан учир яалтай ч билээ. Одоогоор миний хувьд бэлтгэлээ сайн хийж, дараа жилийн наадмын тухай л бодож байна.
-Улсын харцага болсон жилээ таныг содон үзэгдэлтэй таарсан гэх цуу яриа байдаг юм билээ. Та ямар зүйлтэй учирсан юм бэ?
-2014 онд Манай “Ховд” дэвжээнийхэн наадмын өглөө бэлтгэлээсээ бууж ирсэн. Харцага Н.Батзаяа бид хоёрыг ирж явахад долоон шувуу яг өмнүүр нисээд гарсан юм. Бид хоёр “За нэг маань заан болох нь дээ” гээд их бэлгэшээж байсан. Тэр наадмаар улсын харцага цол хүртсэн. Дараа жил нь Н.Батзаяа ах маань харцага цол авсан. Хэдийгээр заан болоогүй ч цолоо ахиулсан. Амны билгээс ашдын билэг гэж үнэн юм билээ.
-Тэр жилийн наадмаар та Ц.Содномдорж арслантай харцага байхад нь тунасан. Түүнд наадмаас өмнө олон унасан байсан. Тухайн үед ямар тактиктай барилдсан бэ?
-Би тавын даваанд Ц.Содномдорж харцагатай тунах байх гэж тооцоолж байсан. Өмнө нь түүнтэй таарахад үргэлж шуудгаа алдчихаад байсан. Харин Б.Адьяахүү багш маань наадмаар “Чи шуудгаа алдаж болохгүй. Тэгээд барьц сонгоод барилд” гэж зөвлөсөн. Тэр зөвлөгөөг нь дагаж барилдаад давсан даа.
-Таны амжилттай Ч.Батзориг заан салшгүй холбоотой байх?
-Би өөрийгөө их азтай гэж боддог. Миний ард заан ах маань байна. Ахдаа маш их баярлаж явдаг. Анх би 18 настай хотод орж ирээд, Ч.Батзориг ахындаа таван жил амьдарсан. Үргэлж ахтайгаа бэлтгэл хийдэг байлаа. Ах бэлтгэл дээр их ширүүн. Тэр ширүүн бэлтгэлийг даасны хүчинд би өнөөдөр энэ хэмжээнд байгаа гэж боддог. Одоо бол алдаа, оноог минь хэлж өгдөг. Ах үргэлж “Чи яагаад миний дархан хавирааг хийхгүй байна” гэж асуудаг юм.
-Тэр хавирааг нь сурах гэж оролдож байв уу?
-Уг нь сурах гээд давтаад л байдаг. Барилдаан дээр хийх гэхээр нэг л болж өгөхгүй байна. Нэлээд хэдэн жилийн өмнө нэг барилдаан дээр хавираад уначихсан. Түүнээс хойш хийгээгүй. Би их зориг муутай хүн байгаа биз. Гэхдээ заалны барилдаанд, доогуур даваанд туршиж үзнэ гэж бодож байгаа.
-Ч.Батзориг заан өөрөө их даацтай хавирдаг байсан даа?
-Ах өөрөө их өвөрмөц хийдэг. Хэчнээн техник бүх зүйлийг нь заалгасан ч биеийн онцлог нөлөөлдөг юм байна лээ. Ахын биеийн онцлог ч өвөрмөц шүү дээ. Гуя түнхэндээ их бяртай.
-Нэгэн үе Ц.Содномдорж болон Р.Пүрэвдагва арслантай таныг таарахад Бөхийн өргөөнд үзэгчид шуугилдаад л. Орчин үеийн хэллэгээр дуэл дуудаж байгаа маягтай мөн ч сүртэй байдаг байсан?
-Бид нэг үед гарч ирсэн бөхчүүд. Таарах болгондоо үнэн хүчийг үзэж байсан нь үзэгчдийг баясгаж байсан байх. Үзэгчид шуугилдаад эхлэх их гоё мэдрэмж шүү. Миний хувьд хоёулантай нь эн тэнцүү барилдсан. Нарийн тоолж байсангүй. Нэг бөхөө дэмжих нь спортод байлгүй яахав. Харин барилдааны дараа хэт хувь хүн рүү дайрсан хэрүүлийн шинжтэй болгох нь онцгүй санагддаг. Ер нь анзаараад байхад үзэгчдийн дунд нутгархаг үзэл арай ихдээд байх шиг. Уг нь үзэгчид бөхөөсөө л өрсөлдөөн харж байвал сайхан. Барилдаан дэвжээн дээр болж тэндээ л дуусдаг байх ёстой. Дэвжээнээс гараад хар буруу юу ч бодох ёсгүй.
-“Хоёр Мөнх”, “Хоёр Эрдэнэ” гэдэг шиг “Хоёр Пүрэв” гэж та хоёр бөхийн түүхэнд үлдэх байх даа?
-Цагийг эзэлсэн аварга, арслангуудтай бид яаж жишигдэх билээ. Нэгэн цагт адил нэртэй, эн тэнцүү хүч үздэг байсан гэж дурсагдвал сайхан. Манай Р.Пүрэвдагва их шартай. Унасныхаа дараагийн учраа дээр их ширүүн үзнэ шүү дээ. Давж байж л санаа нь амардаг онцлогтой. Би ч ялгаагүй. Нэг унасан бол дараа нь унахгүй л гэж үзнэ.
-Одоо ч “Хоёр Пүрэв”-ийн гал гарсан барилдааныг үзэгчид хүлээсээр байгаа?
-Арслан заан болсноос хойш аль аль нь тунаанаас гараад бараг таарсангүй. Таарвал тамираа тасартал барилдана даа.
-Барьц сонгоо байхгүй болсон учир бөхчүүд сэрвүүгээс илүү барилдаан хийж байна. Та барилдаандаа хэрхэн өөрчлөлт хийж байна?
-Улсын наадамд даваа болгонд цаг барилдаад олон шуудагдаад байвал давахад бэрх. Тиймээс ядаж доод даваануудад сэнжигнээс аргалдаг байх хэрэгтэй болж байна. Өмсөж болмоор юм шиг санагдаад байгаа. Барилдааны үед хийх гэхээр нөгөө л зориг дутаад байх шиг. Энд нэг чухал хүчин зүйл нь бөхчүүдийн зодог. Зодог шуудаг янз бүр байх юм.
-МҮБХ-ноос өнгөрсөн хавар стандарт гаргасан. Барилдаан болгоны өмнө шалгаж харагдсан. Үр дүнд хүрэхгүй байна уу?
-Шалгасан барилдаануудын үед өөр байсан. Харин наадмаар шалгаагүй. Тэгэхэд л бөхчүүд өөр зодог шуудаг өмсөөд гарч байгаа юм. Хүн болгоны зодогны ширээс нь өөр, утас нь өөр. Барьц авахад үнэхээр хэцүү. Сүүлийн үед ухаадастай уутан зодог их дэлгэрч байна. Тэр бол барьц авахад хамгийн хэцүү. Үндэсний бөх барьцны барилдаан учраас барьц авч чадахгүй бол барилдаан гарахгүй. Барилдаан удаад байгаа нэг шалтгаан нь энэ шүү дээ. Нөгөө талаас гар хуруунд их халгаатай. Манай бөхчүүд адилхан л энэ спортоор хичээллэж байгаа юм чинь нэгнийгээ хайрлах хэрэгтэй. Энэ бол тухайн бөхийн хүн чанар, жудагтай шууд холбоотой асуудал.
-Жудаг, чанар гэснээс барилдааны үед ойролцоо унаад бөхчүүд маргалдаж харагддаг. Үнэхээр давсан, унаснаа мэдэхгүй үе байдаг уу?
-Зарим үед давсан, унаснаа мэдэхгүй тохиолдол байдаг. Жишээлбэл, би нэг удаа Ч.Эрдэнэсайхан арслантай барилдаад ойролцоо унасан. Яаснаа мэдэхгүй байж байтал хөлийн цэц “Дахиад барилд” гэсэн. Тэгээд дахиж барилдсан удаатай. Орой нь гэртээ бичлэг үзсэн би унасан байна лээ. Тиймэрхүү тохиолдол гардаг шүү.
-Зарим барилдаанд бөхчүүдийн зүгээс даваа гуйх тохиолдол гарах уу?
-Хааяа тийм тохиолдол гарна. 2014 онд харцага болсон жил “Дарви” сумын 90 жилийн ойд аймгийн арслан Б.Тайвантай үзүүр түрүүнд үлдсэн. Б.Тайван “Дарви” сумын бөх. Бид хоёр нэгэн үеийн найзууд бас манай хүргэн. Гэхдээ би “Улсын цолтой бөх чамд унаж өгөхгүй шүү” гэж хэлээд давсан. Өнгөрсөн зун манай суманд болсон барилдаанд Б.Бат-Өлзий заан бид хоёр үзүүр түрүүнд үлдэхэд үзэгчид намайг давна гэж ярьцгааж байсан. Бид хоёрыг яриагаа хийсэн гэж хүртэл дуулдаж байв. Бид хоёрын дунд огт тийм зүйл болоогүй. Хоёр цаг гаруй яс үзээд би унасан. Үзэгчид бөхчүүдийг шударга барилдсангүй гэж шүүмжилдэг мөртлөө өөрсдөө тийм өнгө аяс гаргах тохиолдол байна.
-Барилдааны үед хэрхэн өөрийгөө хурцалдаг вэ?
-Би өөрийгөө барилдааны үед жаахан характертай хүн юм болов уу гэж боддог. Ч.Батзориг ах “Та нар ямар эрхлэх гэж гарч ирсэн биш олигтойхон яваад барилдчих. Хазахаас бусдыг хий” гэдэг юм. Аймгийн цолтой байхад заримдаа элэг бүсдэж байгаад уначихаар ах “Түшүүлээд тавьчихсан шонгийн мод шиг юм зогсож байгаад уначихлаа” гэж зэмлэнэ. Ахын хэлдэг эдгээр үг намайг их ирлэдэг. Ер нь миний онцлог явж барилдах гээд байдаг талтай.
-Бас хэт их характер гаргавал үзэгчдэд шүүмжлүүлнэ шүү дээ?
-Би нэг хэсэг барилдахгүй байхдаа үзэгчдийн дунд суугаад бөх үздэг байсан. Тэд бөхчүүдийг сайн мэдэрдэг. Одоо тийм мэх хийлээ гэхэд өнөөх нь яг л хийж байх жишээтэй. Үзэгчдийн хэлж байгаагаас бас бодмоор тунгаармаар, шингээж авмаар зүйл их байдаг шүү.
-Барилдаангүй, бэлтгэлгүй үедээ ихэвчлэн юу хийдэг вэ?
-Тийм үе бараг гарахгүй дээ. Залуу хүн завгүй байсан нь дээр санагддаг юм. Амралтын өдрүүдэд ихэвчлэн барилдаантай. Зарим өдөр барилдаангүй таарвал ууланд алхдаг.
-Өмнөө том зорилго тавьсан хүн олон зүйлээс өөрийгөө чөлөөлөх хэрэг гардаг байх. Наргиан цэнгээнээс хэрхэн татгалзаж байна?
-Ерөнхийдөө наргиж цэнгэх зэргээс ихэвчлэн татгалзана. Найз нөхөдтэйгөө уулзах үе байлгүй л яахав. Гэхдээ хэм хэмжээтэй. Би архи дарс бараг уудаггүй. Хүмүүс дарвиад шахвал “Та нар миний өмнөөс барилдаж өгөхгүй биз дээ” гээд хэлчихдэг. Дотны найзууд бол ойлгоно.
-Хааяа явмааргүй санагдаад бэлтгэлээ таслах үед байдаг уу?
-Би бэлтгэлээ тасалдаггүй. Багшийнхаа хэлснийг хийгээд, болж өгвөл дээр нь жаахан нэмэлтээр өөрийгөө шахдаг. Өнөөдрийн бэлтгэлээс маргаашийн амжилт шалтгаалдаг болохоор сайн хийхийг хичээдэг. Зарим барилдаан мэдрээд, тэсрэлттэй мэх хийгээд их гоё болдог. Гэтэл зарим үед мэдэрье гэж хичээгээд ч болохгүй үе байна. Энэ бүхэн бэлтгэлээс их шалтгаалдаг юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 222 (6954)