Д.ДАРАМБАЗАР
Энэ удаагийн дугаарын зочноор усан спортын дасгалжуулагч Б.Энхтуулыг урьж, ярилцлаа.
-Саяхан болсон “Азийн хүүхдүүд-2022” наадамд таны шавь өмнөх амжилтаа эвдэж, спортын дэд мастер цолны болзол хангасан. Тэмцээний үеэр тамирчиндаа юу гэж зөвлөж байв?
-Тэмцээн 50 метрийн бассейнд болсон. Манай тамирчны хувьд анх удаа ийм урт бассейнд сэлсэн нь тухайн тэмцээн байлаа. Бидний бэлтгэл хийдэг бассейн 17 метрийн урттай л даа. Бэлтгэлийн үед хананаас түлхэлт авчихдаг байсан. Харин урт бассейнд очоод тасралтгүй гар хөлийн ажиллагааг жигд, хурдан хийх ёстой болсон. Мөн энэ спортод тооцоолол хийх их чухал. Тиймээс тамирчиндаа өмнөх уралдааных нь амжилтыг сануулж, тухайн мөчид таарсан зөвлөгөөг нь хэлж өгөх хэрэгтэй. Даанч бассейнаас шалтгаалж тухайн тэмцээн дээр цагуудыг нь хэлж өгөх боломж гараагүй. Тиймээс хананаас түлхэлт авахгүй гэдгээ тооцоолж хурдаа тааруулж уралдаарай гэж захисан. Мөн манай тамирчин бусад тамирчнаас өндрийн хувьд намхан байсан. Усан спортод өндөр намыг ялгаа хүртэл амжилтад нөлөөлдөг. Учир нь усан спорт секунд биш хормоор хэмжигддэг онцлогтой. Өндөр тамирчдын гар барианд түрүүлж хүрэхэд тэр тамирчин нэг хормоор түрүүлчихдэг. Тиймээс өмнөх хурднаасаа илүүг гаргаж, хичээх хэрэгтэйг захисан.
-Бид спортын сэтгэл зүй гэж их ярьдаг болсон. Энэ нь ч олон улсын жишгийг харахад үр дүнгээ өгч байх шиг. Тэгвэл усан спортын тамирчин сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг юм бол?
-Манай улсад усан спортын тамирчидтай ажилладаг мэргэжлийн сэтгэлзүйч байхгүй. Бусад орны хувьд тамирчин бүхэн сэтгэл зүйн бэлтгэлээ мэргэжлийн хүмүүстэй хийдэг юм билээ. Тиймээс дасгалжуулагчийн хувьд би насны ангилалтай тэмцээнд бусад тамирчдын өнгөрсөн уралдааных нь цагийн үзүүлэлтийг өөрийнхтэй нь харьцуулж харуулдаг. Цагийн хувьд өөр том тэмцээнд түрүүлсэн тамирчдынхтай тийм ч хол зөрүүгүй байдаг. Тиймээс айх хэрэггүй, зүгээр л уралд, боломж байгаа гэдгийг нь үргэлж сануулж, урам өгөхийг хичээж байна. Харин насны ангилалгүй тэмцээнд цагийн зөрүү ихтэй учраас өөрийгөө сориод үз гэж зөвлөдөг.
-Та усан спортоор олон жил хичээллэж, өөрийн мэдлэг чадвараа бусдад сургаж байна. Энэ хугацаанд энэ спортын ач холбогдлыг юу гэж дүгнэсэн бэ?
-Усан дотор биеийн булчингууд зэрэг ажилладаг учраас хүний бие жигд хөгжинө. Мөн биеийн галбирыг засахаас гадна эрүүл мэндэд их ач холбогдолтой. Зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг жигд тараадаг. Цусны эргэлт ч нэмэгддэг. Мөн усанд сэлснээр нурууны үенүүдийн ачааллыг багасгаж өгдөг гээд биеийн хөгжил талаасаа ч их хэрэгтэй спортын төрөл юм.
-Хэдэн наснаас хичээллэхэд илүү тохиромжтой вэ. Бага насны хүүхэд хичээллэхэд хэр эрсдэлтэй байдаг бол?
-Усан спорт бол техникийн спорт. Тиймээс насны хязгаар байхгүй. Гэхдээ мэдээж багаасаа сурсан нь илүү ашигтай. Амжилт гаргах магадлал өндөр. Нас нь бага байх тусам сурахдаа хурдан. Мэргэжлийн багштай ажиллах учир эрсдэл бага. Харин нас тогтсон хүмүүс харьцангуй удаан сурдаг. Гэхдээ бэлтгэлээ таслахгүй, тууштай хичээллэснээр асуудалгүй сэлж чаддаг болно. Манай бассейнд зургаагаас дээш насныхан явдаг.
-Хүүхдүүд усанд сэлж сурахын тулд эхлээд ямар техникийг эзэмших ёстой байдаг вэ?
-Миний бодлоор уян хатан, ямар нэгэн дасгал хөдөлгөөн байнга хийдэг, айдасгүй байх хэрэгтэй. Ер нь усан дотор хөвөгчтэй байгаа тохиолдолд живэхгүй. Хүмүүс айхаараа биеэ бариад дасгал хөдөлгөөнөө хийж чаддаггүй. Зарим хүн байнга хөдөлгөөн хийдэггүй болохоор хөшүүн байдаг. Энэ тохиолдолд дасгалаа хийж чадахгүй байх тохиолдол бий. Харин техникийн хувьд эхлээд хөвөгчтэйгөө усанд дасах хэрэгтэй. Үүний дараа амьсгалын дасгал хийнэ. Тэгээд хөл, гарын дасгал хийснээр усанд сэлж сурна.
-Манай тамирчдын хувьд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нөөц, ур чадвар хэр байгаа гэж та бодож байна?
-Хэрэв дэлхийн жишигт нийцсэн усан бассейн, энэ спортыг дэмжсэн зөв бодлоготой болчихвол монгол тамирчид дэлхийн шилдгүүдийн эгнээнд орох бүрэн боломжтой. Үүний тод жишээ нь Б.Энххүслэн шүү дээ. Түүний хувьд зургаан сарын хугацаанд бэлтгэл хийгээд ДАШТ-ий эрхээ өөрийн хүч хөдөлмөр, чадвараараа авч чадлаа. Тиймээс зөв системийг тогтоож чадвал манай тамирчдад тэсвэр тэвчээр, хүсэл зорилго, хамгийн гол нь чадвар байна.
-Энэ спортоор амжилт гаргаад, мэргэжлийн тамирчин болохоор зоривол хэр хугацаанд тасралтгүй бэлтгэл хийх шаардлагатай вэ?
-Доод тал нь хоёр жил тууштай хичээллэх хэрэгтэй. Зун нь амраад, бусад үед долоо хоногт 2-3 удаа ажлынхаа зав чөлөөгөөр хичээллэхэд энэ спортын тухай ерөнхий суурьтай болно. Энэ хэмнэлээр зургаан сарын хугацаанд бэлтгэл хийхэд хүний бие задраад их сайхан болдог. Гол нь хэт өөрийгөө ядраалгүй ачааллаа зөв авах хэрэгтэй. Бас эрүүл чийрэг, золбоолог байхад усан спортын нөлөө чухал шүү. Энэ спортоор хичээллэсэн хүүхэд бусад спортод ч эвсэлтэй болчихдог.
-Таны аавыг усан спортын хүн гэж сонссон. Тиймээс та энэ спортод багаас дурлаж, хичээллэж эхэлсэн үү?
-Манай аав усан спортын мэргэжилтнээр ОХУ-д сургууль төгссөн. Анх 1987 онд төв бассейн ашиглалтад ороход үйл ажиллагааг нь хариуцаж ажилладаг байлаа. Тиймээс би таван настайгаасаа л бассейнд сэлж сурсан. Үүний ачаар энэ спорттой холбогдсон. Анх МУБИС-ийн багш, дасгалжуулагчийн ангид 25 хүүхэд орсон ч гурав нь л төгссөн байдаг. Миний хувьд 2008 оноос мэргэжлээрээ ажиллаж байна. Түүнээс хойш усан спортын хүүхэд багачуудыг бэлтгэж, тэмцээн уралдаанд шавь нараа дасгалжуулсаар байгаа.
-Таны оюутан байх үеийн сургалтын арга барил ямар байсан бэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас хэр судалдаг байв?
-Зарим үед Японы мэргэжилтнүүд ирж үндсэн хичээл зааж, дараагийн жилээс нь төв бассейнд дадлага хийдэг хийсэн. Японы мэргэжилтэн, багш нараас их олон зүйл сурч, дадлагажсанаа мартдаггүй. Усан спорт хөгжсөн орон ямар техник ашигладгийг тэндээс мэдэрч байлаа. Тиймээс хамгийн эхэнд зөв суурийг тавьж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, бэлтгэлийн 50 метрийн бааз олонтой байх ёстой. Мөн хүүхдийг ирээдүйд тамирчин болгох гэж байгаа бол багаас нь бэлтгэх нь үр дүнтэй. Сэлж сурч буй хүүхдүүд тусдаа, тамирчин болохоор зорьж буй хүүхдүүдийг мөн тусад нь зөв системтэйгээр бэлдвэл амжилт гаргах нөөц нь ихэснэ.
-Хүүхдүүд энэ спортоор хичээллэж байгаад дунд нь завсардах нь элбэг. Энэ нь юунаас шалтгаалж байна?
-Багаасаа хичээллэж эхэлсэн хүүхдүүд ихэвчлэн 15-18 хүртэлх насандаа амжилт гаргаж эхэлдэг. Харин 18 хүрэхээрээ их дээд сургуульд суралцах, ирээдүйн амьдралаа төлөвлөх зэрэг олон асуудалтай тулгардаг. Тиймээс спортоо орхих нь бий. Үнэндээ манай орны хувьд усан спортын тамирчнаар ажиллаж, амьдрахад цалин, дэмжлэг гэж байхгүй. Энэ нь чадвартай олон хүүхэд хайртай спортоо орхих гол шалтгаан болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 217 (6949)