Хоолойн лимбэчин Р.Цэрэндэгд

2022-10-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Талын салхи, морин төвөргөөн, хуурын эгшиг уянгалсан өврийн сайхан хангай нутгийн авьяастан, өв соёлын түүчээ нэгэн эрхмийг “Зууны мэдээ”  сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа онцолж байна. Өдрөөс өдөрт алсран буй өв соёлоо түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг билээ. Морин хуурын эгшигтэй хоршиж хүмүүний сэтгэлийг  уудам тал нутаг мэт хязгааргүй орон зайд хөтлөх уртын дуу болон ховорхон тодрох хоолойн лимбийг эзэмшсэн хос авьяастан бол Р.Цэрэндэгд юм. Тэрбээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул  бөгөөд өдгөө Арвайхээр суманд амьдарч байна. Р.Цэрэндэгд өвлөн уламжлагчаас гадна номын санч мэргэжилтэй аж.

 

“Уртын дуутай холбогдоод 60 жил болжээ”

 

Р.Цэрэндэгд гуай уртын дуу болон хоолойн лимбэтэй хэрхэн холбогдсон тухай “Би шээзгий үүрч аргал түүж, шилбүүр барьж хурга, ишиг эргүүлсэн цагаасаа уртын дууны хөг аялгуутай амьдралаа холбосон. Уртын дууг анх 1962 оноос хойш тайзан дээр  дуулж, түүнээс хойш тасралтгүй 60 жил дуулж явна. Хэдий мэргэжлийн дуучин биш ч удам, нутаг уснаас минь заяасан авьяас намайг хөглөдөг болов уу гэж боддог. Хүүхэд наснаасаа уртын дуутай ойрхон өсөж, дуулж яваа минь намайг энэ урлагт илүү дуртай болгосон. Уртын дууг ээж болон өвөг дээдсүүд минь сайхан дуулдаг байсан гэдэг. Угаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга нутгийн хүмүүс уртын дуугаа сайхан дуулж, хуурддаг ард түмэн байдаг” гэсэн юм. Р.Цэрэндэгд хэдий мэргэжлийн сургуульд сураагүй ч өөрийгөө олон багштай гэв. Учир нь уртын дууг түгээхэд тайзан дээр нэгэн хоршил болдог морин хуурчид төдийгүй, уртын дуу хэмээх өв соёлыг түгээн дэлгэрүүлж яваа хүн бүхнийг өөрийнхөө багш хэмээн онцолж байв. Тэрбээр 1962 онд тайзан дээр уртын дуу дуулсан цагаасаа чадварлаг морин хуурч Д. Цэрэнжигмэдтэй хамтран уран бүтээлээ туурвиж эхэлжээ.  Энэ тухайгаа “Бид хоёр нэг нь хуураа хөглөн татаж,  нэг нь дуулж олон жил ардын өв соёлоо түгээсэн дээ” хэмээн дурсан ярьсан юм.

 

Хоолойн лимбийг түгээн  дэлгэрүүлж буй өвлөн уламжлагч

 

“Галуу шувууны дэгдээхий

Гаднаа гараад ганганаж байна

Голын хайртай Гоож нанаа

Галав юүлтэл дуулж сууна аа....” хэмээх монгол ардын “Гоож нанаа” дууг Р.Цэрэндэгд гуай хоолойн лимбээр эгшиглүүлэх нь тансаг агаад сонирхол татам аж. Уртын дуу түүний бас нэгэн гайхалтай, ховорхон авьяасыг нээсэн нь энэ юм байна. Тэрбээр уртын дуугаа дуулахаас гадна хоолойн лимбээр олон сайхан ардын дууг хөглөн эгшиглүүлж нутаг ус, ард түмнийхээ сонорын мялааж яваа ховорхон заяатай нэгэн. Мөн хамгийн чухал нь хоолойн лимбэ хэмээх урлагийг түгээн  дэлгэрүүлж буй өвлөн уламжлагч юм.

Р.Цэрэндэгд гуайн ээжийнх нь төрсөн дүү н.Нацагдорж хэмээх хүн  уртын дууг сайхан дуулахаас гадна хоолойн лимбэчин байжээ. Анх ахыгаа хоолойн лимбээр дуу эгшиглүүлж байхыг хараад ихэд сонин санагдаж, сонирхож эхэлсэн гэнэ. Энэ тухайгаа “Би хоолойн лимбийг их хожуу сурсан. 10 жилийн өмнө хоёр ихэр ачтай болсон. Ихэр хүүхэд нэгэн зэрэг уйлахаараа их сандаргана. Тиймээс хүүхдүүддээ дуу аялж өгдөг байлаа. Тэр үед өөрийнхөө хоолойг сонсоход бага байхад ахын минь хийдэг байсан хоолойн лимбэ шиг сонсогдсон. Тэр цагаас хойш хоолойн лимбээр түлхүү хичээллэж, сайжруулж явна”  хэмээсэн юм. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд Цэрэннадмид гэж хоолойн лимбийг гайхалтай эгшиглүүлдэг хүн байсан тухай Р.Цэрэндэгд гуай мөн хуучилсан юм. 

 

Хоолойн лимбэд ардын дуу илүү тохирдог

 

2018 онд болсон “Нүүдэлчин Монгол” наадамд Өвөрхангай аймгаас л хоолойн лимбэчин оролцож байжээ. Харин дараа жил нь  Азийн орнуудын ардын урлагийн их наадамд Хөвсгөл, Өмнөговь аймгаас хоолойн лимбэчин оролцсон байна. Р.Цэрэндэгд гуайгаас нутаг нутгийн хоолойн лимбэ ялгаатай байдаг талаар лавлахад “Азийн орнуудын ардын урлагийн их наадмын үеэр сонсоход Хөвсгөл аймаг болон төв халхын хоолойн лимбэ ялгаатай байгаа нь ажиглагдсан. Хөвсгөл аймгийн хоолойн лимбэ цохилгогүй, цээжнийхээ хөндийгөөс дуугараад байгаа юм шиг. Харин манай аймгийнх  цээжний хөндий болон төвөнх, хэл хоолой тагнайд цохилготой байдаг” гэсэн юм. Мөн цохилгыг нарийн хийхэд шүд тагнай чухал байдаг аж. “Гоож нанаа”, “Говийн өндөр” гэсэн ардын дуу хоолойн лимбэд илүү тохирдог байна. Гэхдээ ардын дууны нэг, хоёр түрлэгийг  хоолойн лимбээр эгшиглүүлэх боломжтой. Харин түүнээс хэтэрвэл хоолой ядардаг аж. Айзам дуу дээд, доод өнгө рүү их шилждэг, шуранхай ихтэй учраас хоолойн лимбээр хийхэд хүндрэлтэй байдгийг хэлж байлаа. Р.Цэрэндэгдийн урын санд  ардын болон уртын 100 гаруй дуу байдаг аж.

Тэрбээр өв соёлын наадамд хоёр жил оролцож, өв соёлоо түгээж яваа авьяастан. Мөн 2019 онд Азийн орнуудын ардын урлагийн их наадамд оролцсон. Тэр үед Азийн 10 гаруй орон оролцсон байна. Р.Цэрэндэгд гуай тухайн үед уртын дуу, хоолойн лимбээ үзүүлжээ. Танхимд цугласан үзэгчид “Юу дуугараад байгаа юм бэ” гэж их сонирхож хүлээж авсан гэнэ.

Өвөрхангай аймагт  ардын урлагийн өв соёлыг тээж яваа уртын дуучин, хөөмийч, ардын анагаах ухаан, уламжлалт эмчилгээний чиглэлийн ховор хүмүүс байдаг аж. Тиймээс Монгол Улсын өв соёл, түүхийг тодотгох ардын урлагаа түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй явдгаа Р.Цэрэндэгд хэлж байсан юм.  Тэрбээр “Дархан хүн нэг бүтээл урлалаа гэхэд олон жилийн дараа түүний хийцийг хараад дуурайлгаад хийж болно. Харин биет бус өвийг өвлөн уламжлагчид үгүй болбол энэ соёл дагаад алсарна. Тиймээс төр засгаас ч өв соёлоо түгээхэд анхаарч ажиллаж байгаад баяртай байна” гэсэн юм. Хүний амьдралд жаргал, зовлон  хөвөрсөн олон өнгө бий. Тиймээс сэтгэл санаа тавгүй үедээ уртын дуугаа зөөлхөн, хагас хоолойгоор аялахад тайвширчихдаг.  Ногоон дарь эх, Цагаан дарь эх маани хөгжөөх нь хүртэл бүгд л аялгуутай  шүү дээ” хэмээн Р.Цэрэндэгд гуай хуучилсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 210 (6942)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 40 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 42 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 37 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 59 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 58 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 30 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 51 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 25 мин