П.АМГАЛАНБАЯР
Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд хонгилд дараалан зогсжээ. Харин үзлэгийн тасагт эмч, сувилагчид тун завгүй ажиллаж харагдана. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-16 насны хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй, оношилгоог энэ сарын 15-наас хийж буй. Тодруулбал, тус дүүрэг “Мишээл” хүүхдийн сан, түүний дэргэдэх мэргэжлийн эмч нартай хамтран эрүүл мэндийн “Сүхбаатар” сувиллын байранд амны хөндийн үзлэг хийж байна. Эмчилгээний хугацаанд мэргэжлийн дөрвөн эмч, сувилагч ажиллаж байгаа аж. Үзлэгийн өрөөнөөс хүүхдээ дагуулсан нэгэн эмэгтэй гарч ирлээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн гэнэ. Түүнийг Н.Сайжрах гэдэг бөгөөд зээгийнхээ шүдийг үзүүлж буйгаа хэллээ. Тэрбээр “Охины маань шүд нь өвдөөд эмчлүүлэхээр ирсэн. Бид хоёр гурван хоног эмнэлэгт ирж шүдээ эмчлүүлж байна. Охины нэг сүүн шүд ургаж байгаа мөртлөө доороосоо хорхойтсонд эмчилгээ хийж өглөө. Харин хоёр шүдийг нь ломбодож өгсөн. Мөн шүдээ хэрхэн арчлах талаар зөвлөгөө бүхий хуудас өгсөн. Хүмүүсийн цаг, эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлсөн ажил хийж байгаад баяртай байна. Улсын эмнэлэгт үзүүлэхэд их хугацаа зарцуулдаг. Харин хувийн эмнэлгийн үнэ төлбөр их байдаг” гэсэн юм.
“Үзүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь сувгийн эмчилгээ хийлгэхээр байна”
Цааш зөвшөөрөл аван үзлэгийн өрөөнд орлоо. Сая нэг хүүхдийн шүдийг үзээд дууссан эмчтэй уулзав. С.Цэнгэлсүрэн эмч “Өнөөдөр (өчигдөр ) өглөөний байдлаар есөн хүүхдийн шүдийг үзлээ. Өдөрт нэг эмч ойролцоогоор 15-аас дээш хүүхдийн шүд үзэж байна. Хүүхдүүдийн ихэнх нь шүдний цооролттой байна. Бид өнгөц, дунд цоорлын шүдийг үзэж байгаа. Үзүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь сувгийн эмчилгээ хийлгэхээр байна. Удаан хугацаанд цооролттой явснаар шүдийг тэжээдэг эсүүд гэмтдэг учраас унах болоогүй шүдээ авхуулах болдог. Уг нь дараагийн шүд ургахад тухайн шүд нь байгаад зайгаа хадгалах байх ёстой. Хугацаанаасаа өмнө авхуулах нь шүдний гажиг үүсэх шалтгааны нэг болдог. Мөн шүд ясан дотроо гацах аюултай. Шүд хөдөлсөн боловч дээрээсээ цоорсон бол дараагийн байнгын шүд нь цооролттой, эсвэл паалангийн ямар нэгэн алдагдалтай ургах сөрөг үр дагавартай. Үзүүлж байгаа гурван настай хүүхдүүд гэхэд сүүн шүдээ авхуулсан, сувгийн эмчилгээнд орох шаардлагатай байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарахгүй, эрүүл ахуйг сахих дадал суугаагүй байгаатай холбоотой. Шүдийг хэчнээн ломбодсон ч шүдээ арчлахгүй, угаахгүй бол шүд ломбо хоёрын завсараар хоёр дахь цоорол үүсдэг. Тиймээс Шүд угаах дадлыг зөв хэвшүүлэх хэрэгтэй” гэв.
800-900 хүүхдэд үзлэг, оношилгоо хийнэ
Сүхбаатар дүүргийн есөн хорооны 3-16 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж, оношилгоо хийхэд хамтарч ажиллаж буй “Мишээл” хүүхдийн сан нь 2015 онд байгуулагджээ. Харин 2016 оноос гадны хүмүүсийн өгсөн хандивыг авч монгол хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийж, шүдийг нь эмчлэх боломжтой болсон байна. Ийнхүү 2018 оноос хөдөө орон нутгийн алслагдсан сум, багийн шүдний эмчгүйн улмаас шүдээ эмчлүүлэх боломжгүй хүүхдүүдэд тусламж үзүүлж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар долоон аймаг 20 гаруй суманд ажиллаж, 7000 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн байна. Мөн нийслэлийн гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүдийн шүдийг эмчлэх ажиллагааг эхлүүлжээ. Энэ тухайгаа тус сангийн үүсгэн байгуулагч Габриелла Шмидт-Корситто “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг найман асрамжийн газар, өдрийн үйлчилгээний төвүүдтэй хамтран 1000 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн. Энэ үйл ажиллагаа хэзээ ч зогсохгүй. Учир нь тухайн асрамжийн газарт шинэ хүүхдүүд ирж байгаа үед бид цаашдаа ч хамтарч ажиллана. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн XVII хороонд төвлөрөөд хүүхдүүдийн шүдийг үзэж байна. Одоогийн байдлаар 300 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилсэн. Нэг хүүхдийн хамгийн доод талдаа хоёр шүд, дээд тал нь арван шүд өвчтэй, цоорсон, гэмтсэн, ёзоор нь өвдсөн хүнд нөхцөлтэй байна. Хүүхдийнхээ шүдний өвчлөлийг хүндэрсний дараа ирэх тохиолдол их байна. Жилдээ хамгийн доод тал нь 1-2 удаа хүүхдийнхээ шүдийг эмчид үзүүлэх хэрэгтэй.
Мөн зургаан нас хүртэлх хүүхдийн шүдийг заавал эцэг эх асран хамгаалагч нь угааж өгөх хэрэгтэй. Энэ насны хүүхдүүд шүдээ хэзээ бүрэн угааж чаддаггүй” гэдгийг хэллээ. Мөн 3-16 насны хүүхдийг шүдийг үнэгүй үзэх арга хэмжээ амралтын өдрүүдэд ч үргэлжилж буйгаараа онцлог гэдгийг Сүхбаатар эрүүл мэндийн төвийн дарга П.Бат-Ирээдүй онцолж байлаа. Бага насны хүүхдийн амны хөндийн хөндийн үзлэгт шүдний үзлэг оношилгоо маргааш хүртэл үргэлжилнэ. Уг ажлын хүрээнд тус дүүргийн 3-16 насны 800-900 хүүхдийн шүдэнд үзлэг оношилгоо хийхээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 202 (6934)