Б.БАЯРЖАВХЛАН
Манай улсад 500 гаруй шүүгч, 100 гаруй шүүх байдаг. Иргэдийн итгэж болох эцсийн зогсоол бол шүүх. Харин сүүлийн жилүүдэд иргэд шүүхэд итгэх итгэл буурсан. Тодруулбал, шүүхээр явж зардал чирэгдэл учруулж байснаас тохирсон нь дээр. Шүүх үнэн зөвөөр шийдэж чадахгүй. Эрх мэдэлтэй мөнгөтэйд нь үйлчилнэ шүү дээ гэдэг хандлага элбэг байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь өнгөрсөн 30 жилд улс төрийн нөлөөтэй эсвэл прокурор, мөнгөтэй, эрх мэдэл бүхий хүмүүс шүүхийн шийдвэрт нөлөөлдөг байсантай холбоотой.
Тэгвэл Монголын шүүгчдийн холбооноос “Шүүгч ба олон нийт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт АНУ-ын давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүгч Жэймс Эндрю Винн оролцсоноороо онцлог байлаа. Мөн энэ үеэр Шүүхийн талаарх олон нийтийн санаа бодлын судалгаа, Шүүгчидтэй холбоотой сахилгын шийтгэлийн талаар танилцуулсан юм.
Өнгөрсөн сарын байдлаар нийт 24 сахилгын хэрэгт холбогдуулан 37 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна. Түүнээс шүүгчийг албан тушаалаас нь огцруулсан гурав, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гурав, сахилгын хэрэг 264 шүүгчид үүсгэсэн байна. Мөн тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар эсвэл 60 хоногоос дээш хугацаанд хойшлуулсан шүүгчдэд арга хэмжээ авсан байна.
Шүүхийн талаарх олон нийтийн санаа бодлын судалгааг СЭЗИС-ийн дэд профессор, доктор Ж.Батхуяг хийжээ. Тэрбээр “Шүүхийн талаар иргэдийн дунд социологийн судалгааг хийсэн. Иргэдийн хувьд ихэвчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээс шүүхийн байгууллагын талаар мэдээлэл авдаг. Мөн бусдын нөлөөнд автах буюу дам ярианд итгэж шүүх шударга биш гэсэн хандлагатай болсон байна. Гэвч шүүхийн байгууллагаар үйлчлүүлж байгаагүй хүмүүсийн итгэх итгэл 30 хувьтай байдаг бол шүүхээр үйлчүүлж байсан хүмүүсийн итгэх итгэл нь 60 хувьтай байна. Судалгаанаас дүгнэхэд иргэдийн шүүх болон шүүгчийн талаарх хандлага хангалттай эерэг биш. Түүний шалтгаан нь мэдээллийн урсгалын сул менежменттэй холбоотой. Тиймээс бид уг асуудлыг цогцоор нь харсан шүүхийн олон нийттэй харилцах стратегийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна” гэв. Шүүх болон шүүгчдэд хандах иргэдийн хандлагын хувьд шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн сэтгэгдэл 30 хувьтай байдаг бол үйлчлүүлсэн иргэдийн хувьд 60 хувьтай буюу сэтгэл хангалуун байдаг нь судалгаагаар гарсан байна.
Харин АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Эндрю Винн АНУ-ын шүүгчид олон нийттэй харилцах хандлага, үзэл бодлоо илэрхийлэх талаар туршлагаа хуваалцав.
Тэрбээр АНУ болон Монгол Улсын хувьд адилхан ардчилсан тогтолцоотой. Гэхдээ хоёр улсын иргэдийн шүүхэд итгэх итгэл харилцан адилгүй байна. АНУ-ын хувьд иргэд нь шүүхдээ итгэдэг. Гэхдээ манай улс одоогийн шүүхийн тогтолцоог бий болгох гэж багагүй хугацааг зарцуулсан. Тиймээс Монгол Улс иргэдийн итгэлийг олохын тулд хугацаа шаардлагатай байна гэж харж байна. Монгол Улсын иргэд шүүх шударга шүүнэ гэдэгт итгэдэг байх хэрэгтэй. Тиймээс бусдын халдлагад автахгүй байж иргэдийн итгэлийг олох чухал юм. Шүүхийн сахилгын асуудал, ажлаа нэр хүндтэйгээр хийхийн тулд шалгах ажиллагааг чөлөөтэй явуулж, бодит нотолгоогоор шийдэх нь чухал. Аль ч улсад шүүхийн тогтолцоонд улс төрийн нөлөө бий. АНУ-ын шүүхийн үйл ажиллагаанд ч бас улс төрийн нөлөө байдаг. Тиймээс шүүгч бусдын нөлөөнд автахгүй байж иргэдтэй ойлголцох нь хамгийн чухал юм. Мөн прокурор, улстөрч нотолгоо байна гэж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэж оролддог. Тиймээс нөлөөнд автахгүй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг олох арга зам" гэсэн юм.
Уг хэлэлцүүлгийн үр дүнгээс харахад иргэдийн зүгээс шүүгчийн гаргасан зарим шийдвэрүүдийг илт шударга бус гэж итгэдэг бөгөөд иймэрхүү сөрөг итгэл үнэмшил эргээд шүүгч болон шүүхэд итгэх итгэлийг сулруулдаг аж. Гэхдээ уг шийдвэрүүд нь хүчин төгөлдөр хуулийн хүрээнд гарсан гэдгийг тэр бүр ойлгодоггүй байна. Энэ нь эцэстээ шүүгчид иргэдийн итгэл үнэмшилд нийцээгүй хуулийн буруутан болдог гэв. Тухайлбал, олон сая төгрөг хулгайлсан хүн хэдхэн сая төгрөгөөр торгуулдаг бол хэдхэн мянган төгрөг хулгайлсан жирийн иргэн олон жилийн хорих ял авдаг. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд авсан арга хэмжээ нь шүүгчийг буруутан болгодог байна. Тиймээс иргэд шүүхийн тухай ойлголтоо сайжруулах хэрэгтэй байгааг хэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)