Т.САЙХАН
Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт "Сүүлийн үед Зүүн Өмнөд Азийн зарим улсад манай иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдохоос гадна залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох нь эрс нэмэгдэж байна.
Тухайлбал, мөнгөн урамшуулал өгнө гэсэн бусдын амлалтанд хууртагдан огт танихгүй хүний банкны карт ашиглан худалдан авалт хийх тохиолдол гарч байна. Тухайн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний банкны картыг ашиглах нь хулгайн гэмт хэрэгт тооцогддог.
Хэрэв хэн нэгэн Таньд ийм төрлийн гэмт үйлдэл хийхийг санал болгох тохиолдолд үүнээс зайлсхийж, цагдаагийн газар хандахыг зөвлөж байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн эсхүл үйлдэхэд оролцсон бол Тайландын Эрүүгийн хуулийн дагуу шүүхээс 3-12 жилийн хорих ял оноодог болохыг анхаарч, хариуцлагатай аялахыг уриалж байна.
Үүнээс гадна олон нийтийн цахим сүлжээгээр Зүүн Өмнөд Азид өндөр цалинтай ажил хийхийг санал болгон Тайландад ирэхийг урьдаг ба үүнд итгэж ирсэн иргэдийг хөрш зэргэлдээ аль нэг улс руу хууль бусаар хил нэвтрүүлж, байршил тодорхойгүй газар аваачин албадан ажиллуулах, хүний наймааны хохирогч болгож байна.
Иймд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан тавьсан аливаа өндөр цалинтай, хялбар ажлын байрны саналаас татгалзаж байхыг зөвлөж байна. Гадаадад ажиллах ажлын байрыг зөвхөн Монгол Улсад зөвшөөрөл авсан холбогдох байгууллагууд санал болгох эрхтэй байдаг. Үүнээс гадна хөдөлмөрийн харилцаанд орох тохиролцоог цахим шуудангаар, эсвэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийдэг олон улсын жишиг байхгүй болохыг анхаарах нь зүйтэй юм. Мөн гэр бүлийн гишүүд, хамтаатан садан, ойр дотны хүмүүсээ хамгаалах үүднээс тэдний зүгээс гадаадад зорчих, ялангуяа гадаадад ажиллах сонирхол илэрхийлэх тохиолдолд энэ талаар анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсье" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn