Б.Баатархүү: Соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь Монгол Улсад өгч буй шагнал биш, хариуцлага

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Р.ОЮУН

 

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарын зочноор Соёлын яамны дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, доктор /Ph.D/, дэд профессор Б.Баатархүүг урьж ярилцлаа.

 

-Хүн төрөлхтөнд үгүй болж байгаа хэдэн зүйл бий. Тухайлбал, аливаа ард түмний эх хэл, үгийн сан, нутгийн аялга, биологийн төрөл зүйл үгүй болж байна. Мөн язгуур соёл өөрчлөгдөн хувьсаж, зарим талаараа устаж байна. Монгол Улс, Монголын ард түмэн хүн төрөлхтөнд язгуур соёлоо хадгалж байгаа цөөхөн ард түмний нэг. Өнөөдөр бидний нүүдлийн язгуур соёл өөрчлөгдөж байна.

Монголчууд нүүдлээс суурьшмал амьдралд эрчимтэй шилжиж байна. Бидний багадаа хонь хариулж өссөн тэр ахуй амьдрал нүдэн дээр өөрчлөгдөж, танигдахгүй боллоо. Тиймээс хүн төрөлхтөнд уламжлалт соёл өөрчлөгдөж устах эрсдэл бий болсон учраас ЮНЕСКО-гоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд баталсан. Монгол Улс 2005 онд энэ конвенцэд нэгдэн орсон. Эдүгээ 15 өвийг бүртгүүлсэн. Үүнд уртын дуу, монгол наадам, монгол гэр, монгол тууль, хөөмий багтана. Хамгийн сүүлд хөхүүрийн айргаа бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, соёл устаж үгүй болох эрсдэл буй учраас соёлын өвд бүртгүүлсэн. Соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь Монгол Улсад өгч буй шагнал биш, хариуцлага. Өвөг дээдсээс өнөөдрийг хүртэл яваад ирсэн соёлын өвийг устаж үгүй болохоос нь өмнө бид дараагийн үедээ дамжуулах үүрэгтэй.

Соёлын биет бус өвийн судалгаа гэхээр өнөөдөр яг юуг хэлэх вэ. Хүнтэй уулздаг судалгаа. Үүнийг бид ерөнхийдөө соёлын биет бус өвийн судалгаанд хамруулж болно. Орчин цагийн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гэвэл Шинжлэх ухааны академи байгуулагдсан үеийг хэлж болно. 1961 онд Шинжлэх ухааны академийн ууган хүрээлэнгүүдтэй холбож ярихаас өөр аргагүй. Тухайлбал, Хэл зохиолын хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, хожим Соёл, урлагийн хүрээлэн гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл, Шинжлэх ухааны академи дээр судалгаа бодлогоор явж байсан. Бусад эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудад судлаачийн сонирхолд хөтлөгдөж явагддаг гэсэн үг. Тиймээс академийн судалгааг онцолж байна. Тухайлбал, 1961 оноос Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээр жишээлэхэд тухайн хүрээлэнд угсаатны зүйн сектор байгуулахад н.Бадамхатан ажиллаж байсан. 1950-аад оны сүүлээс Монголын олон угсаатны бүлгийн соёлыг судлах ажил системтэйгээр эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр устаж үгүй болох гээд байгаа тэр соёлын өвийг судлахын чухлыг тухайн үеэс манай ахмад эрдэмтэд анзаарсан байна. н.Бадамхатан гуайн дурдатгалд “Энэ нутгийг, энэ хүмүүсийг одоо судлахгүй юм бол хожимдоно” гэж цаатангуудын тухай өгүүлсэн байдаг.

Мөн С.Лувсанвандан гуайн 90 жилийн ойд зориулсан хурал болсон. Энэ хүн Соёл, урлагийн хүрээлэнгийн захирал байхдаа нэг онцгой анхаарсан зүйл бол ардын язгуур урлаг, соёлын асуудал байсан. Тухайн үеийн судалгаагаар Монгол нутаг дахь олон гар урчууд, дархчууд, ардын авьяастнуудтай уулзсан. Ардын авьяастнуудыг судлах, хөгжүүлэх талаар онцгой анхаарч байжээ. Монгол Улсын Ардын багш С.Дуламын судалгаанд мөн монгол соёлыг язгуур хэлбэрээр нь хурдан судлахгүй бол соёл өвлөн уламжлагчид цөөрсөөр байгааг түүний багш Чой.Лувсанжав анхааруулсныг хэлж байсан. С.Дулам багш 1992 онд Германы эрдэмтэнтэй Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Чингис хааны Цагаан сүлдний сүүлчийн тахилчийн өргөмөл хүүтэй уулзаж, эртнээс бодитоор өвлөгдөж ирсэн цагаан сүлдний талаарх чухал мэдээллийг тэмдэглэж үлдсэн. Германы монголч эрдэмтэн Амель “Монголд нэг настай хүн нас барах нь нэг номын сан устаж байгаатай адил” гэсэн. Өөрөөр хэлбэл, хүнтэй уулзаж судалдаг соёлын биет бус өвийн судалгааны үнэ цэнийг дурдсан байдаг. Тэгэхээр соёлын биет бус өв гэдэг нь хүнтэй хамт оршдог. Хүн нь үгүй болбол дагаад үгүй болдог соёлын өв юм.

 

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ХҮН ДЭЭР ТОГТДОГ

Блиц

Мэргэжил: 

Угсаатан судлаач, түүхч

Боловсрол:

1997-2001 онд: МУИС-ийн угсаатан судлалын анги

2002-2004 онд: МУИС-д магистр

2012 онд: МУИС-д түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан

2018 онд: СУИС-д дэд профессор цол хүртсэн

Ажлын туршлага:

2001-2008: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан

2008-2015: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд Салбарын эрхлэгч

2015-2017: СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнд захирал

2018 онд: МУБИС гэрээт багш

2019 онд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Түүх, соёл урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх

2020 онд: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын дарга

2021-2022 онд: МУБИС-д гэрээт багш

-Дорноговь аймгийн Даланжаргалан суманд миний багад уран Молом гэж хүн байлаа. Хожим их сургууль төгсөөд 2000 оноос хойш очиход энэ хүн аль хэдийнэ хорвоогийн жамаар өөд болсон байсан. Молом гуай мөнгөний дархан хүн. Өнөөдөр өөрсдийгөө Боржигон гэдэг таван аймгийн 17 сум бий. Боржигоны удам дамжсан дархан өнөөдөр алга. Молом гэдэг хүний бүтээсэн соёл энэ хүнтэйгээ хамт дууссан. Соёлын биет бус өвийн судалгаа хүн дээр тогтдог. Бид археологийн судалгааг мэднэ. 2000 гаруй жилийн тэртээ үлдээсэн булшийг өнөөдөр хулгайч, тонуулчид ухаад аваад явчихгүй бол дэлхий сүйрэх хүртэл ч байж л байна. Харин хүн үгүй болдог. Тиймээс соёлын биет бус өвийн судалгааг цаг үетэй уралдаж хийх шаардлагатай. Соёлын биет бус өв хүнтэйгээ хамт оршдог. Хүн байхгүй бол дагаад үгүй болдог ийм эрсдэлтэй.

Соёлын биет бус өвийг өвлөн уламжилж байгаа хүмүүсийн бүртгэлийг тухайн улс орон бий болгож тайлангаа ЮНЕСКО-гийн төв хороонд танилцуулдаг. 2010 оноос Монгол Улс соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаа бүртгэж эхэлсэн. 2020 оны байдлаар 10495 хүнийг өвлөн уламжлагчаар бүртгэжээ. Миний бодлоор уламжлалт мэдлэг, ухаанаараа цагаан идээгээ боловсруулж байгаа ээжүүд, уламжлалт мэдлэг, ухаанаараа мал аж ахуйгаа эрхэлж буй малчин бүр өвлөн уламжлагч. Тиймээс өвлөн уламжлагчийг хэрхэн илрүүлэх, тодруулах асуудлыг хөндөх ёстой. Өнөөдөр 10495 хүнийг соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэсэн нь том ололт. Энэ асуудлыг хөндөж байгаа нь бусдын ажлыг буруутгаж, шүүмжлэх гэсэнгүй. Цаашид яах вэ гэдгийг хөндөж байгаа юм. Монгол туулийг манай эрдэмтэд олон ботиор ном болгож гаргасан. Хэдэн мянган жилийн өмнөөс туулийг бичгээр бус амаар уламжилж ирсэн. Тухайлбал, Төрийн туульч Баатаржав өвөг дээдсээсээ олон үе дамжин өвлөн уламжилж ирсэн туульч хүн. Нэг өдөр энэ хүн хорвоогийн жамаар өөд болно. Дараагийн Баатаржав байна уу, үгүй юу. Хожим тууль цээжилсэн хүнийг бид туульч гэж хэлэх үү.

 

Соёлын өвийг өвлөн уламжлагчийг илрүүлэхэд судлаачдын оролцоо алга

 

-Монгол гэрийн урлал, зан үйл ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Бидний хамгаалах ёстой өв. 2014 онд баруун гурав, Өвөрхангай аймагт судалгаа хийсэн. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум мод боловсруулах комбинатын суурин дээр үлдсэн гэрийн урчууд байна. Бат-Өлзий сумын хүн амын 50 хувь нь гэрийн мод урладаг. Гэрийн модыг эрээлж чадахгүй эхнэр гэж байхгүй. Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 10495 хүн дотор Өвөрхангайн Бат-Өлзий сумаас нэг ч хүн байхгүй. Энэ хүмүүс өвлөн уламжлагчид биш юм уу. Яагаад бүртгээгүй юм бэ. Баруун гурван аймагт гэрийн модны уламжлалт урлал хадгалагдаж байна. Гэтэл миний уулзсан гэр урлаачид энэ бүртгэлд байхгүй. Ховдын Эрдэнээ гэж хүн бий. Энэ хүн галын ширээс буюу төмрийн дархны зан үйл нь есөн үе дамжсан удамтай. 2005, 2015 онд хоёр удаа очиж судалгаа хийсэн.

Галын ширээс хийх зан үйлийг Судрын чуулган, Монголын нууц товчоонд тэмдэглэсэн. Ялангуяа, Судрын чуулганд тодорхой тэмдэглэсэн байдаг. Одоо энэ зан үйлийг ганцхан Эрдэнээ гуай авч явж байна. Гэтэл өвлөн уламжлагчийн бүртгэлд байхгүй. Өвлөн уламжлагчийг бүртгэх үйл явц зөвхөн тухайн сумын соёлын өвийг хариуцсан мэргэжилтний хүрээнд явж байна. Монгол Улсад соёлын өвийг өвлөн уламжлагчийг илрүүлэхэд судлаачдын оролцоо алга. Тиймээс судлаачдын оролцоог нэмэгдүүлье. Судлаачдад тулгуурлаж өвлөн уламжлагчийг илрүүлье. Дараагийн нэг асуудал нь өвлөн уламжлагчийн шавь төрүүлэх. Судалгаа хийж байхад мод хийдэг хүмүүс шавь төрүүлэх нь бүү хэл мод огтолсон хэргээр шалгагдаж байна. Конвенцын үзэл санааны дагуу соёлын биет бус өвийн чухлыг үндэсний болон олон улсад ойлгуулах явдал чухал. Соёлын биет бус өв зөвхөн судлаачид, хариуцсан байгууллага, урлаг, соёлын байгууллагын асуудал биш. Олон нийтийн мэдлэг ойлголт чухал үүрэгтэй байдаг.

 

СОЁЛЫН ӨВИЙН АЛДААТАЙ ЗҮЙЛҮҮД

 

-Соёлын наадмыг их хийж байгаа. Соёлын өвийн наадмыг хийх нь чухал ач холбогдолтой. Соёлын наадам бол “Өөрийнхөө соёлд эргэн суралцах үйл явц юм”. Тэр утгаараа маш чухал. Өөрийнхөө соёлыг мэдэхгүй байсан ард түмэн энэ наадамд оролцохын тулд өөрийнхөө соёлд дахин суралцаж байна. Гэхдээ зарим талаар соёл дэглэгдэж байна. Дэглэгдсэн соёл зайлшгүй байх ёстой. Соёлыг дэглэж үзүүлэхээс өөр аргагүй. Гэвч тухайн орчинд нь соёлыг аль болох хадгалах ёстой. Соёлын өвийн алдаатай зүйлүүд бий. Энэ нь наадам зохион байгуулагчдын буруу биш. Тухайлбал, жаахан хүүхдэд эхнэр дээл өмсүүлсэн байдаг. Энэ нь уламжлалт соёлын алдаатай ойлголт. Магадгүй урлагийн үзлэгт эхнэр хүний дүрд тоглож байвал өмсөж болно.

Мөн бидний өдөр тутмын асуудал байна. Цонхоор сүү асгасныгаа цацал өргөж байна гэсэн ойлголт бий болжээ. Цагаан сараар идэхгүй байж идээ засна. Тэгээд С.Дулам гуайгаас цагаан сараа яаж тэмдэглэж, зүгээ гаргадаг байсан бэ гэж бие биеэсээ өөрийнхөө соёлыг хайдаг. Шагай харвааг эмэгтэй хүн харваж болдоггүй юм уу. Энд жендэрийн ялгаа харагдаж байна гэж эмэгтэйчүүдийн холбооноос асуудал үүсгэсэн. Гэтэл конвенцын зарчмын дагуу язгуур соёлоо хадгалах ёстой. Шагай харвааг өөрчилж спортын төрөл болгон хөгжүүлж болно. Гэхдээ язгуур шинжийг нь хадгалах ёстой. Шагай харваж байгаа залууст буруу байхгүй. Тиймээс соёлын өвийн талаарх олон нийтийн боловсролын асуудал Монголд хангалтгүй түвшинд байна. Зарим талаар Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн гэдгийг Б.Пүрэвсүрэн доктор хэлж байсан. Боловсролын тогтолцоонд соёлын өвийн талаарх хичээлийн хөтөлбөрүүд зайлшгүй хэрэгтэй. Соёлын өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн конвенцын үзэл санааг сэргээх. Бид байхгүй болсон ямар соёлын өвүүдийг сэргээх боломжтой юм бэ. Тиймээс баримтжуулалтуудыг хангалттай түвшинд хийж үлдээх ёстой. XIII зууны үеийн Европын жуулчны тэмдэглэлд “Гэр тэргэний нүүдлийг хараад яг хот нүүж яваа юм шиг гайхалтай” хэмээн бичсэн байдаг. Бид энэ соёлыг сэргээж соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновац, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж байна.

 

Тогтвортой хөгжил соёлын амьд өвтэй холбоотой

 

-Биет бус өв гэдэг нэр томъёогоо Монгол Улс хэрэглэж хэвшсэн. ЮНЕСКО-гийн конвенцэд нэгдсэн орны зарим нь ЮНЕСКО-гийн зарчмыг тэр чигээр нь хуулбарлаж байгаа. Энэ бол буруу юм биш. Нөгөө талаар өөрийн орны онцлогт тохируулан хэрэглэж байгаа. Тэгэхээр бид цаашид яах вэ. Хүн төрөлхтний тогтвортой хөгжил бол соёлын амьд өвтэй холбоотой гэдгийг ЮНЕСКО тэмдэглэсэн. Саяхан Монгол Улсад айлчилсан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал “Амьд өв ба тогтвортой хөгжлийг сурталчлах” гэдгийг танилцуулсан. Бид нэр томъёог шууд өөрчлөх боломжгүй. Аажимдаа соёлын амьд өв гэдэг нэр томъёог хэрэглэх нь зохимжтой гэж бодож байна. Тухайлбал, Оросын эрдэмтэн Н.Л.Жуковская “Монгол маягаар мах иднэ гэдэг яг урлаг” гэж бичсэн. Хөгшчүүл гүзээг зумалж идвэл хоньгүй болно гэж цээрлэдэг байсан. Гүзээний тэр арзгар хэсэгт жинхэнэ аминдэм нь байдаг. Тиймээс хөгшчүүл үүнийг зумалж идэхийг цээрлэдэг байсан.

Дэлхийн нүүдэлчдийн наадам гэж хийдэг. Киргизэд болсон наадамд 19 орон оролцсон. Монголоос гадна өөрсдийгөө нүүдлийн соёлыг хадгалсан ард түмнүүд гэж өөрсдийгөө үзэж байна. Тэгвэл Монголын соёл юугаараа ялгаатай юм бэ. Нүүдлийн аж ахуй, соёлыг түүхчид сонгодог хэлбэрийн нүүдлийн мал аж ахуй юм гэж бичиж ирсэн. Тэгэхээр бид цаашлаад нүүдлийн гэдэг тодотголтой яваад байх уу эсвэл монгол соёл гэх юм уу. Бусад нүүдэлчнээс ялгарахын тулд бид монгол гэдэг үгийг хэрэглэж заншъя.

ЮНЕСКО-гийн нэг үндсэн зарчим бол биет бус өвийг өнөөдрийн идэвхтэй амьдралын хэсэг байх ёстой гэж үзсэн. Дараагийн үеийнхэнд өвлөгдөх нөхцөлийг хангах ёстой гэсэн үндсэн утга санаа байна. Зарим судлаач соёлын өвийг царцааж, хөгжихгүй байна. Соёл өөрчлөгдөж, хувьсах нь зайлшгүй. Соёлын биет бус өв гэдэг тухайн улс орны соёлын эх хөрөнгө нь. Энэ хөрөнгө булингартай байвал цаашаа соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал гээд бусад салбарыг ярих боломжгүй болно. Тэгэхээр суурь нь соёлын биет буюу амьд өв. Усаар бол эх ундарга нь соёлын биет бус өв юм. Соёлын биет бус өвийн тогтолцоо. Энэ тогтолцооны нэг гогцоо тасрахад бид тогтолцоогоо хөгжүүлэх боломжгүй. Тухайн орон нутагт соёлын өвийг хадгалах. Боржигон уртын дууг энэ тайзан дээр сонсох юм уу эсвэл тухайн орон нутагтаа боржигон найран дээрээс сурах уу гэдэг асуудал байна. Соёлын өвийг тухайн орчинд нь амьдаар нь хадгалах ёстой. Боржигон найрын дэг гайхалтай соёл байсан. Одоо Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд байна. Үүнийг цааш нь авч явах ёстой. Эцэст нь хэлэхэд Соёлын биет бус өв буюу амьд өвгүйгээр бид Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инноваци, аялал жуулчлал, цаашлаад тогтвортой хөгжлийг ярих боломжгүй юм. Энэ бүгдийн эх ундарга амин сүнс нь соёлын амьд өв буюу биет бус өв юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 160 (6892)

 

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

4 цаг 36 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

5 цаг 11 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин