Т.САЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзулыг урьж, ярилцсан. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Төрийн албаны мерит зарчмаар ажиллаж явсаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргаар томилогдсон. Манай соёл урлагийн салбарынхан 24 жилийн дараа бие даасан яамтай боллоо. Энэ багийн нэг хэсгийг бүрдүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа аваад агентлагийнхаа үйл ажиллагааг бэхжүүлж ажиллаж байна. Дээрээс нь манай агентлаг стратеги төлөвлөгөөгүй байсан бол стратеги төлөвлөгөөгөө боловсруулж гаргаж байна.
- Соёл урлагийн салбарт ажилласан он жилүүдэд би нэг зүйлд ихэд эмзэглэж ирсэн. Манай соёл урлагийн салбарын албан хаагчдын цалин хөлс, нийгэмд үнэлэгдэж байгаа үнэлэмж муу байна. Ялангуяа сонгодог урлагийнхан маань олон жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөөр УДБЭТ гэх том айлд хөгжимчин, бүжигчин, найруулагч болж ирдэг. Тэдний авьяас хөдөлмөрийг юугаар ч орлож болдоггүй, тийм ховор зүйл. Нэг л өдөр уран бүтээлчдийн маань итгэл нь мохож, урам зориггүй болох вий гэж айх юм.
- Би Австрали улсад соёл, урлагийн менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Ер нь менежментээр суралцах нь олон давуу талтай байсан. Урлаг соёлын түүхээс эхлээд маркетинг, сурталчилгаа гээд өргөн хүрээний ойлголт байдаг. Мөн улс орнуудын соёлын бодлогыг судалсан.
- Улс орон бүхэн соёлын биет бус өвд тулгуурлан баяр наадам зохион байгуулж эхэллээ. Улс орнуудын дунд соёлын өвийн булаацалдаан байсаар ирсэн. Тэгвэл одоо баяр наадам зохион байгуулж, энэ бол манай улс үндэсний өв шүү гэдгийг тамгалж байна. Бид ч соёлын өвөө хамгаалж энэ манай ондоошол, ялгарал шүү хэмээн тамгалах нь чухал байна.
- Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Соёлын биет бус өвийн наадмыг гурван жилд нэг удаа зохион байгуулахаар заасан. Энэхүү наадам анх 2018 онд зохион байгуулагдаж байсан бол удахгүй Соёл урлагийн газраас зохион байгуулах гэж байна. Энэ бол нүүдэлчин Монголын дэлхий рүү тэмүүлсэн наадам байх юм. Одоо цагт хүмүүс наадам гэдэг үгэнд сөрөг хандлагатай болжээ. Ингэж болохгүй. Нүүдэлчин ард түмэн маань цуглаж наадмаа хийдэг байсан өв уламжлалтай үндэстэн. Нүүдэлчдийн өв соёлоороо бид бусад орнуудаас ялгаатай гэдгээрээ бахархаж, баярхах хэрэгтэй.
- Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч гэдэг нь өв уламжлалыг маань тээж яваа үнэт хүмүүс юм. Үе үедээ тасралтгүй уламжлаад ирсэн гэсэн үг. Бид өвлөн уламжлагч нараа онцгойлон үзэх ёстой. Бид ховор нандин музейн үзмэрээ шилэн хоргонд хийгээд нандигнан хадгалдаг шүү дээ. Түүнтэй адилхан хандах ёстой.
- Соёлын өвийн нэгдсэн бүртгэлийн мэдээллийн санд 11 мянга гаруй өвлөн уламжлагч бүртгэгдсэн байдаг. Үүнээс 102 хүнийг соёлын биет бусийг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан байна гээд Засгийн газрын тогтоолоор баталчихсан байдаг. Тэгэхээр энэ хүмүүст өвлөгдөж ирсэн уламжлалыг бид найр наадам хийж, сурталчилж, түгээн дэлгэрүүлэх нь маш чухал бодлого юм.
Эх сурвалж:www.polit.mn