Б.ДОЛЖИНЖАВ
Цар тахлын улмаас нэг жил өнжсөн бар жилийн наадам ёстой нэг дэлгэр сайхан боллоо. Дараа жилийн наадам хүртэл ярих зүйл ихтэй дэнж хотойтол наадлаа. Баяр наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан юм.
Наадмыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ. Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна.Их хааны сүр хүч, билиг оюуны суу алдар монголчууд бидний зүрх сэтгэлд бадамлан асаж, монгол төрийн гал голомтыг өнө мөнхөд бадраах болтугай” гэсэн юм.
Наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллалаа.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой давхацсан Үндэсний их баяр наадмын нээлт тоглолт бүрийнхээ эд эс ширхэг бүрт нь Монгол ёс уламжлалыг шингээсэн, Чингисийн Монгол гэж ямархан орон дэлхийн тавцанд оршин буйг тод харуулав. Өнөөдрийн Монгол Улс ямар замнал, түүхэн цаг үеүдийг туулав гэдгийг жүжигчилсэн тоглолтоор үзүүлсэн нь залуу, хойч үеийнхний эх орноороо бахархах сэдлийг сэрээлээ. Үндэсний бүжиг, дуу, циркийн үзүүлбэрээс гадна морьтой харваачид төв цэнгэлдэхийг тойрон хурдлан давхисан нь энэ л эрэмгий морь, онч мэргэн нум сумныхаа хүчээр Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэдгийг найруулагч Н.Наранбаатар наадмыг үзэхээр зорин ирсэн жуулчдад эргэн нэг сануулсан юм. Морьдын төвөргөөн дуу цэнгэлдэх даяар хадахад үзэгчдийн сэтгэл ихэд хөдөлж байгаа нь нижигнэсэн их алга ташилт, уухайн дуунаас мэдэгдэж байлаа.
Нээлтийн бас нэг онцлог нь Дорнын нэрт нэрт их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Дөрвөн улирал” шүлгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат ая, хөгжмийн найруулга хийж дуу болгожээ. Нүүдэлчин энгийн Монгол ахуйн тухайн дуу өгүүлэх тус дууг дуучин, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Харанга хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, Яг түүн шиг шоугаар олонд танигдаад буй дуучин Ч.Мишээл нар амилуулсан юм. Гурван үеийн дуучдыг сонгосон нь бас нэгэн шинэлэг зүйл байлаа.
“Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин өөхнөөс нь хүлхэх сайхан” сайхан хэмээх хэсгээр эхэлсэн энэ дуу “
“Алаг нүдний нулимсан дусалд багтан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа
Аяа амьдрах сайхаан” гэсэн дахилттайгаар бүтжээ. Сайхныг нь олж харвал, жижигхэн зүйлд эх орны минь аугаа их өв соёл шингэж байдгийг, Монгол ямар сайхан орон бэ гэдгийг хүмүүст мэдрүүлсэн сайхан дуу болсныг олон нийт магтаж байсан юм. Хөгжмийн зохиолч Б.Чинбат тулганы гал бадраах ёслолд зориулан монголчуудын дөрвөн цагийн аж амьдралыг харуулсан шүлгийг дуу болгосон юм. Үндэсний их баяр наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр ёслолын буудлага, дроны үзүүлбэрийг толилуулсан юм.
Ийн Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа, шагай харвааны шилдгүүд болон айргийн тавд хурдалсан морьдын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Т.Очироо улсын мэргэн, Б.Пунсалдулам даян мэргэн боллоо
Үндэсний сурын харвааны төрөлд энэ жил эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Тэднээс дархан мэргэн гурав, даяар дуурсах мэргэн хоёр, даян мэргэн зургаа, улсын мэргэн 18 байв. Үндэсний сурын хана харвааны адаг өрөг дууссаны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төрийн өндөрлөгүүд сурын талбайд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дуут сум тавьснаас сүүлийн сум байгаа амжилттай оносон юм.
Үндэсний сурын шилдэг эрэгтэй харваачид
-Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны харваач, Монгол Улсын Гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангалаа.
-Хоёрдугаар байрыг 40 сумнаас 37 сум оносноор Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан
-Гуравдугаар байрт 40 сумнаас 37 сум оносон Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхтүвшин орж, Монгол Улсын гоц харваач
-Дөрөвдүгээр байрт 40 сумнаас 36 сум оносон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат, спортын мастер Н.Алтантулга орж, улсын онч харваач
-Тавдугаар байрт 40 сумнаас 36 сум оносон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, спортын мастер Ж.Оюунгэрэл орж, улсын тод харваач цол хүртлээ.
Үндэсний сурын шилдэг эмэгтэй харваачид
-Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш, улсын мэргэн Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Даян мэргэн цолны болзол хангалаа.
-Хоёрдугаар байрт 37 сум оносон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач
-Гуравдугаар байрыг 37 сум оносон Орхон аймгийн уугуул, спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач
-Дөрөвдүгээр байрт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, спортын мастер Б.Сүрэнжаргал орж, онч харваач,
-Тавдугаар байрт 35 сум оносон Дорнод аймгийн Булган сумын уугуул А.Цэвэлмаа орж тод харваач цол хүртсэн юм.
Урианхай сурын харваа
-Урианхай сурын харваанд 330 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, спортын дэд мастер Б.Мөнхзориг 24 оноогоор түрүүлж, урианхай сурын Улсын мэргэн болсон юм.
-Хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, урианхай сурын Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл
-Гуравдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, спортын мастер Э.Хосбаяр-
-Дөрөвдүгээр байрт спортын мастер Н.Баттулга нар шалгарлаа. Энэ удаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд урианхай сурын харвааны тэмцээнийн төрөлд анх удаа 4-5 дугаар байрыг шалгаруулсан юм.
Буриад сурын харваа
Буриад сурын харвааныц эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Матад сумын уугуул, Улсын мэргэн, спортын мастер З.Ариунбат 64 сумаас 59 онон түрүүлж, Улсын хошой мэргэн боллоо. Харин эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын дэд мастер З.Пэрэнлэй түрүүлж, буриад сурын Улсын мэргэн цол хүртсэн юм.
Шагайн харваа
Үндэсний их баяр наадмын Шагайн харваанд нийт 112 багийн 896 харваач цэц мэргэнээ сорилоо.
Тэргүүн байрт:Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг” баг
Дэд байрт: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул залуу харваач Г.Наранбат ахлагчтай “Гуа Орд” компанийн баг
Гуравдугаар байрт: Аймгийн гоц мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Шонхор” баг тус тус шалгарлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 135 (6867)