Н.Даян
Ажлын байран дахь гэрэлтүүлэг нь ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Бидний харах чадвар нь хүрээлэн буй орчны гэрэлтүүлэгтэй холбоотой. Мэдээллийнхээ 85 хувийг харах мэдрэхүйгээрээ хүлээж авдаг. Ажлын байрны гэрэлтүүлэг буруу төлөвлөлттэй, стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэг, тухгүй байдлыг үүсгэх, ажлын бүтээмжийг бууруулах, үйлдвэрлэлийн ослын шалтгаан болох сөрөг үр дагаврыг бий болгодог. Иймд үйлдвэрлэлийн ажлын байрны гэрэлтүүлгийг анхнаас нь зөв төлөвлөх, гэрлийн төрлийг сонгох, суурилуулах, гэрэлтүүлгийн хэмжээг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Ажлын байр бүрийн гэрэлтүүлгийн тохиромжтой хэмжээ, гэрлийн өнгийг тодорхойлох нь ажилчдын сэтгэл зүй, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг аж.
Ажлын байрны гэрэлтүүлэг нь жигд тархсан, ажилтны нүд рүү шууд тусахгүй, гялбалт, сүүдэр үүсэхгүй, ашиглахад хялбар байх ёстой. Гэрэлтүүлгийн зөвшөөрөх хэмжээ нь ажлын төрөл болон тухайн ажлын байр барилгын гадна эсвэл дотор байрлаж байгаагаас хамаарч өөр байдаг байна. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний сүүлийн гурван жилийн статистик тоо баримтаас үзэхэд гэрэлтүүлгийн хэмжээ аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байрны 7.5 хувьд нь хангалтгүй байгаа аж. Ажлын байран дахь гэрэлтүүлэг нь ажилтны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар аж ахуйн нэгж, байгууллагууд төдийлөн анхаардаггүй. Тиймээс гэрэлтүүлгээс шалтгаалсан үйлдвэрлэлийн осол, нүдний эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: polit.mn