С.САРУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Эх сурвалж бол сэтгүүлзүйн хамгийн чухал зүйл.Тэр утгаараа эх сурвалжийг төрөлжүүлэх, эрэгтэй, эмэгтэй төлөөллийг тэнцвэртэй байлгах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд трэнд болж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл Мэдрэмжтэй мэдээлье нэгдэл "BBC"-гийн 50:50 төсөл, "Bloomberg"-ийн Шинэ дуу хоолой, "Financial times"-ын хэрэгжүүлсэн сайн туршлагыг сэтгүүлчид, редакцуудад зааж түгээж байна. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагын туршлагыг харахад улс төр, эдийн засаг, технологи гээд бүхий л салбарт эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа нь төсөөлшгүй эерэг үзүүлэлтийг авчирч байгаа юм. Өмнө нь хэзээ ч хэвлэлээр гарч байгаагүй эх сурвалжуудыг яриулж байгаа нь сэтгүүлчдийн хувьд “алтны шинэ орд” илрүүлж байгаа мэт сайхан хэрэг.
Шинэ эх сурвалж аливаа асуудлыг өөр өнцгөөс харах боломж олгож байдаг. Тухайлбал, "BBC"-гийн 730 орчим салбар нэгж нь дуу хөгжим, соёл, улс төр гээд эх сурвалж болгон дээрээ 50:50 харьцааг нэвтрүүлдэг. Үүний үр дүнд аливааг шинэлэгээр хардаг болсон. Шинэ хүмүүс контент руу орж ирж байгаа нь бүтээлийг чанартай, сонирхолтой болгосноор уншигчид, үзэгчдийг илүү их татаж байна. Илүү олон эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэж байгааг үзэгчдийнх нь 10 хүний долоо нь анзаарснаар тухайн контентыг илүү үнэлдэг, төлбөртэйг нь хэрэглэдэг болсон. Ингэж эх сурвалжийнхаа хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж, хэвшмэл ойлголтыг халснаар үзэгч, уншигчдынхаа итгэлийг олж авч байна” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn