С.САРУУЛ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг буюу нийт 200 тэрбум төгрөгөөр нийслэлд сугалаагаар цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 237 мянган хүүхдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Цаана нь улсын хэмжээнд 67500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.Харин нийслэлд 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн 647 цэцэрлэгт 104 мянган хүүхэд авах л хүчин чадал байгаа. 34,485 хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй буюу сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүсэж байна. Эдгээр хүүхдээс хоёр настай нь 24 мянга юм. Сугалааны цэцэрлэг хоёр юм уу гурван насанд л байгаа.
Сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг байдлыг болиулахын тулд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 20 цэцэрлэг ашиглалтад орно. Ингэснээр 3000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж гарч байна гэсэн үг.
Цэцэрлэг түрээслэхээр болж байна. Ирэх долоо хоногт хамгийн их өндөр ачаалалтай 26 байрлалын хамран сургах тойрогт түрээслэх байрны судалгааг авах нээлттэй сонгон шалгаруулалт хийгдэнэ. Түүнчлэн орон сууцны нэг давхруудыг худалдаж авна. Гэр цэцэрлэгүүдийг ашиглана. Улаанбаатар хотод 100 хүүхдийн цэцэрлэг барихад газрын үнэ орохгүйгээр 1.8 тэрбум төгрөг болж байна. Нэг цэцэрлэгийг гурван жил бариад 100 хан хүүхдийн асуудал шийдэж байгаа. Тэгэхэд орчин үеийн технологиор барих гэр цэцэрлэгийн хувьд 100 хүүхдийнхийг 300 сая төгрөгт барьж, 3-5 сарын дотор ашиглалтад орох боломжтой. Уг цэцэрлэгийг 15 жил хүртэл ашиглаж болно.
Байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ. Улаанбаатар хотод 21 байгууллагад 1700 хүүхэд байна. Цаашид энэ намар олон байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжих юм. Цэцэрлэгүүдийн 70-80 хувьд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ авах зохицуулалтыг хийнэ. Хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь тухайн тойрогт байгаа төрийн өмчит цэцэрлэгийн тоогоор буруу төлөвлөдөг байсан. БЗД-ийн 17 дугаар хороонд цэцэрлэгийн насны 2900 хүүхэд байхад ганцхан цэцэрлэг байна. Шинээр хамран сургах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө.Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авдаггүй. 30-40 хувьд нь дандаа өөр хамран сургах тойргийн хүүхдийг авдаг. Эхний ээлжид тухайн цэцэрлэгийн 70-80 хувьд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ авах зохицуулалтыг хийх шийдвэр гарлаа.Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг нь сугалаагүй цэцэрлэгт оруулах боломжийг нээнэ" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn