Б.ДАРЬСҮРЭН
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Г.Энх-Учрал нь есөн настай. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд тархины хорд хавдартай гэж оношлогдсон байна. Гавлын суурь хэсэг байрласан, дунд болон тэнцвэрт тархийг хамарсан 4.2 см-ийн хорт хавдартай. Тархинд усжилт үүссэн. Зөвхөн зүрх, амьсгал, нугасны сувгийг чөлөөлж, гуурс тавих хагалгааг “Улсын гуравдугаар төв эмнэлэг”-т хийлгэсэн. Харин хорт хавдын усыг гадагшлуулах эмчилгээг яаралтай хийлгэхгүй бол нүд нь хараагүй болох, таталт өгөх зэрэг сөрөг нөлөөтэйг БНСУ-ын эмнэлгээс анхааруулсан тул охины ар гэрийн төлөөлөл ард түмэнд хандлаа.
БНСУ-д хийгдэх эмчилгээнд нийт 420 сая төгрөг шаардлагатай байгаагаас 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг хандивын аян эхлүүлж, 200 сая төгрөг цуглуулан өгчээ. Үлдэгдэл 220 сая төгрөгийг хугацаа алдалгүй бүрдүүлэх шаардлагатай тул эцсийн арга буюу ард түмэндээ хандаж, хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Энэ сарын 29-ний 14:00 цагт “UB PALACE”-ын концертын их танхимд болох ба тасалбарын үнэ 25000 төгрөг байна. Тоглолтод МУГЖ Б.Ганчимэг, Ж.Одмаа, Э.Бүрнээбаяр, Б.Батбаатар, Х.Үнэнхүү, Б.Батболд, Ч.Баярмаа, МУСТА Л.Нарантуяа, Б.Мөнхбаяр, Д.Бердибек, Б.Энхбаяр, Ч.Батцэнгэл, Х.Ган-Эрдэнэ, О.Баднаанямбуу нар оролцоно. Харин урилгаар ЧД-ийн 61 дүгээр сургуулийн “Дорны хүрээ” бүжгийн хамтлаг, “Хөх тэнгэр” хамтлагууд урилгаар оролцох аж.
Мөн охины ээж Г.Оюун-Эрдэний нэр дээрх Хаан банкны 5304108506, Хас банкны 5002275983, Худалдаа хөгжлийн банкны 2624002438 дансанд хандив өргөх боломжтой.
Эх сурвалж: www.polit.mn