УБЦТС ТӨХК-ийн эрхэм зорилго:
Чадварлаг ажилтнуудаар чанартай үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж, цахилгаан эрчим хүчийг найдвартай түгээгч, аюулгүй ажиллагааг хангасан салбартаа тэргүүлэгч компани болно.
Нийслэл хот гэрэл цахилгаантай болсон түүх
Анх 1931 онд “Дунд голын чийдэнгийн хороо”-ны шинэ цахилгаан станцыг Германы Берлин Тегель хэмээх заводад 1928 онд үйлдвэрлэсэн 300°С халуун уур цагт 0.8-1.0 тонн боловсруулдаг дөрвөн зуухтай, Англид үйлдвэрлэсэн уурын машинтай, 60 гц давтамжтай тус бүр 250 кВт хүчин чадалтай 525В хүчдэлтэй хоёр ширхэг генератор суурилуулж, туршилт, тохируулга хийж ажилд залгаснаар нийслэл хотноо цахилгаан гэрэл гялс хийсэн түүхтэй. Энэ цахилгаан станц ашиглалтад орсноор 40 км газарт 2 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 1088 кВА суурилагдсан хүчин чадалтай 33 агаарын дэд станц нь тус бүр 2-100 кВА чадалтай хүчний трансформатортой, 220В-ын цахилгааны нам хүчдэлийн шугамын хамтаар барьж байгуулан 1932 оны хоёрдугаар сарын эцсээр ашиглалтад оруулснаар Монголд цахилгаанаар хангах нэгдсэн сүлжээ бий болох эхлэл тавигджээ. Ингэж нийслэл хотыг нэгдсэн түгээх сүлжээгээр хангах болсон 1932 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг одоогийн УБЦТС ТӨХК-ийн тулгын чулуу тавигдсан өдөр гэж үздэг билээ.
“Дунд голын чийдэнгийн хороо”-ны цахилгаан станц ашиглалтад орсноор тус тусдаа байсан бага чадлын цахилгаан үүсгүүрүүдийг зогсоож, хэрэглэгчдийг нь нийслэлийн цахилгааны төвлөрсөн шугам сүлжээнд холбон Зүүн хүрээ, Гандан, Бөмбөгөр ногоон театр, Төмрийн завод, Наадмын талбайн байршлыг төвлөрсөн журмаар цахилгаан гэрлээр хангаж эхэлсэн юм.
УБЦТС ТӨХК өнөөдөр
УБЦТС ТӨХК нь өнөөдөр нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 418 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэглэгчийн тоо 95.4, худалдан авсан цахилгаан эрчим хүчний хэмжээ 66 хувь өссөн. Цахилгаан эрчим хүчний алдагдал 5.9 нэгжээр буурсан эерэг үзүүлэлттэйгээр түүхт 90 жилийн ойгоо угтаж байна.
Суурилагдсан хүчин чадал:
4042.6 МВА
-35 кВ-ын дэд станц 274 ком
-Хаалттай хуваарилах байгууламж 109 ком
-6-10 кВ-ын дэд станц 7759 ком
-0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам 10756 км
-Хэрэглэгчийн тоо 417936
-Ажилтны тоо 1943
-Цахилгаан түгээлт 3520.9 сая.кВт.ц
-Түгээлтийн алдагдал 13.44 %
-Жилийн борлуулалт 3047.8 сая.кВт.ц
-Борлуулалтын орлого 543.0 тэрбум.төг
Компани ажилтнуудынхаа эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар олон улсын OHSAS-18001 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны” стандартыг Канадын эрх бүхий байгууллагаар баталгаажуулан нэвтрүүлсэн бөгөөд одоо ISO45001 стандартыг хэрэгжүүлэхээр зөвлөх компанитай хамтран ажиллаж байна. Хэрэглээний болон орон нутгаас шилжин суурьшсан хүн амын механик өсөлтөөс хамаарсан цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор шугам тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх ажлыг улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгаа хэдий ч эрчим хүч үйлдвэрлэж буй өртөг хэрэглэгчийн төлж буй үнэ тариф бага байгаагаас шаардлагатай өргөтгөл, шинэчлэлийн ажлыг далайцтай хэмжээгээр хийж чадахгүй байна.
Түүнчлэн түгээх сүлжээнд ашиглаж байгаа шугам тоноглол 35-аас дээш жилийн насжилттай, хуучирч байгаагаас найдвартай байдал буурах эрсдэл нэмэгдэж байгааг зохих түвшинд бууруулахаар техникийн шинэчлэлийн төсөл хөтөлбөр, судалгааны ажлуудыг эрчимтэй хийж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд түгээх, хангах үйл ажиллагаанд мөрдөх 16 стратегийн хөгжлийн зорилтыг тодорхойлж, 204 дэд төсөл бүхий “Хөгжлийн бодлогын баримт бичиг’’ боловсруулсны биелэлт 98 хувьтай амжилттай хэрэгжиж байна. Үйлдвэрлэл үйлчилгээ, барилгажилт, зуслангийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, 6-35 кВ-ын шугам сүлжээг өргөтгөх, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн банкны Эрчим хүчний нэмэлт төслийг 2011-2013 онд хэрэгжүүлж, нийслэл хотын цахилгаан хангамж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байлаа.
Өнгөрсөн хугацаанд цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагааг ухаалаг удирдлагын системд шилжүүлэх, иж бүрнээр хөгжүүлэх, сайжруулах асуудлыг түлхүү авч үзэж 2012-2020, 2020-2025 онд баримтлах “Техникийн бодлогын дүрэм”-ийг боловсруулан жил бүрийн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Энэ хүрээнд 6-35 кВ-ын хөндийрүүлсэн саармагийн горимыг Монгол Улсад анх удаа резистив газардуулгын горимд шилжүүлэн, сүлжээний дотоод хэт хүчдэлийг бууруулах, реле хамгаалалтын сонгох чадварыг сайжруулах, тоноглолын ашиглалтын хугацааг уртасгах төслийг 2015 оноос үе шаттай хэрэгжүүлж 35 кВ-ын найман дэд станцыг бага Омын эсэргүүцлээр, ДЦС-3-ын 35 кВ-ын ИХБ-ыг өндөр Омын эсэргүүцлээр газардуулсан юм.
Газардлагын хамгаалалтыг 264 шугамд тавьснаар хүн, амьтанд аюултай байдал үүсгэж байсан эрсдэлийг бодитойгоор арилгаж, сүлжээний дотоод хэт хүчдэлийг бууруулан шугам тоноглолын ажиллах хугацааг уртасгаж чадлаа. Мөн дэд станцуудад тохиолдож байсан ферро-резонансын үзэгдэл, хүчдэлийн трансформаторууд гэмтэх, дэлбэрэх аюулыг зайлуулсан билээ. Манай хамт олон Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж гэр хорооллын хэрэглэгчдийн ¼ хувийг хамарсан, цахилгаан халаагуурыг хэрэглэх бололцоог бий болгох үүднээс 29 тэрбум төгрөгийн зардалтай Багц-1, Багц-2 төслийг амжилттай хэрэгжүүлснээр Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 35 хорооны 42 мянга гаруй айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж, гэр хорооллын шугам сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлсэн юм.
Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо тус компанид хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд бодлогын дэмжлэг үзүүлж, жил бүрийн өвлийн улиралд хэрэглэгчдэд үзүүлсэн тарифын хөнгөлөлт, түүнийг дагалдсан ачааллын өсөлтийг найдвартай хангах олон ажил хэрэгжүүлсэн. Үүний нэг нь UB-56 төсөл тухайн нөхцөл байдалд чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Уг төслөөр дэд станцуудын чадлыг өргөтгөн, нийслэлд 39 дэд станц, гэр хороололд цахилгаан дамжуулах 15 шугамыг шинээр барьж угсран, 37 мянга орчим айл өрхийн цахилгааны эх үүсвэрийг сайжруулсан байна. Дээрх төсөл арга хэмжээнүүдийг бодлогын дүрэмд тусгасан шинэчлэлийн ажилтай давхар хэрэгжүүлж 6-10 кВ-ын фидерийг бүрээстэй дамжуулагчаар солих, зориулалтын арматурыг хэрэглэж шугамын ашиглах хугацааг 40-өөс багагүй жилд хүргэх, автоматжуулах, СКАДА систем рүү холбох, горим ажиллагааг сайжруулах, ачааллыг хөнгөлөх, 6 кВ-ын хүчдэлийн сүлжээг 10 кВ руу шилжүүлэх зэрэг олон ажил хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар 35 кВ-ын 22 дэд станц, 6-10 кВ-ын 45 хуваарилах байгууламжийн 769 ком таслуур, сэлгэн залгах аппаратад SCADA системийг нэвтрүүлж, 568 шугамын таслах залгах тоноглолын төлөв, горим ажиллагааг диспетчерийн удирдлагын пультнээс байнга хянах, алсын удирдлагаар удирдах үйлдлийг гүйцэтгэж байна. Мөн Эрчим хүчний салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, түгээх сүлжээний төлөвлөлт, техник технологийг дэлхийн жишигт хүргэх зорилт, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг стратегийн баримт бичгийг боловсруулах ажилд хошуучлан оролцож, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах, төсөв хөрөнгийн зарим хэсгийг улсын болон нийслэлийн төсөвт тусгуулан түгээх сүлжээг тэлж байна.
Компанийн хэмжээнд цахилгаан эрчим хүч борлуулалтын ХХХМС, ДМСС, түгээх сүлжээний орон зайн мэдээллийн Титэм ArcGIS, гадуур ажиллах хүчний ГЯЛС системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бид нөөцийн удирдлагын ERP, сүлжээний мэдээлэлд вэбээр нэвтрэх UT системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. UT системийг хэрэгжүүлснээр инженерийн тооцооллын PowerFactory програмыг газар зүйн мэдээллийн сантай нэгтгэж, хоёр тусдаа мэдээллийг нэг үндсэн баазаас татаж, шинэ сүлжээний төлөвлөлт, тооцоолол хийх боломж бүрдүүлсэн юм. Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж “Цахилгаан хэрэглэгч” онлайн системийг нэвтрүүлэн төлбөр төлөхөөс эхлээд тоолуурын заалтаа хянах, илгээх, гэрээгээ шинэчлэх, сунгах, ажлын захиалга, дуудлага өгөх, гэмтэл мэдээлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс дуудлагын төв 70047004, шинэ холболтын хүсэлт шийдвэрлэлтийн new.tog.mn системийг нэвтрүүлж үйлчилгээгээ цахимжуулан түргэн шуурхай болгосон. Төрийн болон төрийн бус гадаад, дотоодын байгууллага, харилцагчдад компанийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар сурталчлах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэхийн тулд компанийн албан ёсны цахим сувгуудыг идэвхтэй хөгжүүлэн ажиллаж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах эрхэм үүргээ амжилттай биелүүлэхийн зэрэгцээ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг амжилттай хэрэгжүүллээ. Засгийн газраас хэрэгжүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах тарифын хөнгөлөлт нь хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд хандах хандлагыг харуулахын зэрэгцээ, түгээх сүлжээнд ийм зохицуулалт хийхэд техник тоног төхөөрөмж бэлэн эсэхийг шалгасан сорилт болсон. Хөл хорионы хатуу дэглэм мөрдөж буй үед компанийн цахим системүүд зохион байгуулах, зохицуулалт хийх чадвартай, зардал багатай, аюулгүй ажиллах чадвартай гэдгийг бид нотолсон. Цаашид түгээх сүлжээндээ ухаалаг тоолуурын системийг бүрэн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Орчин үед түгээх сүлжээг гурван үзүүлэлтээр эрчим хүчний алдагдал хэд байгаа, сүлжээний тасралтын индекс ямар байгаа, үйл ажиллагааны зардал хэд байгаагаар дүгнэдэг болсон.
Компанийн хэмжээнд цаашид гурван том төсөл хөтөлбөр нэвтрүүлэх зорилт дэвшүүлээд байна.
1. Алдагдлыг бууруулахын тулд ухаалаг тоолуурын системийг бүрэн нэвтрүүлэх
2. Цахилгаан түгээлтийн автомат удирдлагын системийг эрчимтэй хөгжүүлж тасралт саатлыг бууруулах, гэмтлийг аюулгүй орчинд чанартай арилгах боломжийг бүрдүүлэх, горим ажиллагаанд хүний оролцоог бууруулах
3. Байгууллагын нөөцийн удирдлагын салангид системүүдийг нэгтгэн хүний нөөцийн ERP системд бүртгэж урсгал зардлыг бууруулж, чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд шуурхай хүргэнэ.
Үе үеийн гүйцэтгэх удирдлага, ерөнхий инженерүүд, чиг үүрэг хариуцсан дэд захирлууд, нийт ажилтнууд ажиллах хугацаандаа компанид тулгамдсан асуудлын тодорхой хэсэгт төвлөрч суурь баазыг бүрдүүлж ажилласаар 90 жилийн түүхийн хуудсыг амжилт бүтээлээр бичсэн билээ. Тухайлбал, төрийн компани болон ажилласан 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй найдвартай, аюулгүй байдлыг хангах гол ажил болох техник технологийн шинэчлэл хийхэд нийгэм эдийн засгийн өсөлт, бууралт Улаанбаатар хотын хүн амын тасралтгүй өсөлт болон хурдацтай механик өсөлтийн хэрэгцээг хангах, цар тахлын хүнд сорилт бэрхшээлийг давах зэрэг үүрэг, хариуцлагыг үе үеийн гүйцэтгэх захирлууд нуруундаа үүрч ажилласныг дурдах нь зүйтэй. Гүйцэтгэх захирал Д.Баттулга Дэлхийн банкны төслийг хэрэгжүүлж Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төвүүдийг байгуулах, гэр хорооллын шугам сүлжээний алдагдлыг бууруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол Ч.Саранжав захирал компанид Евро стандартыг нэвтрүүлж, 594 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж, “Жаргалан” эко хотхоныг ашиглалтад оруулж ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн. С.Төмөрхүү захирлын үед компани хэрэглэгчтэй харилцах сувгийг цахимжуулах, СКАДА системийн суурийг тавих, шинэ холболтын үйл явцыг сайжруулахад анхаарч ажилласан бол Д.Баярсайхан захирал нийт ажилтнуудын цалинг 20 хувиар нэмүүлэн, Чингэлтэйн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байр, орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж ажилласан байна. Р.Дагдан нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах эрхэм үүргээ амжилттай биелүүлэхийн зэрэгцээ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг амжилттай хариуцлагатай хэрэгжүүлэн ажилласан. Түүхт 90 жилийнхээ ойн босгон дээр Эрчим хүчний салбарын 2021 оны “Шилдэг байгууллага”-аар шалгарсан байна.
БИДНИЙ БАХАРХАЛ
Гантөмөрийн Тулга
2021 оны “Эрчим хүчний салбарын шилдэг мастер”-аар шалгарсан. Товч танилцуулбал, Г.Тулга нь цахилгааны инженер мэргэжилтэй. 2002 онд УБЦШСГ-ын Чингэлтэй салбарт агаарын шугамын монтёроор ажлын гараагаа эхлүүлж ашиглалт засварын мастер, угсралтын монтёр, тоолуурын монтёр, засварын инженер, 2012 оноос Зүүн түгээх төвд кабель дэд станцын засварын мастераар ажиллаж байна. Эрчим хүчний салбарт тасралтгүй 20 орчим жил ажилласан. Эрчим хүчний яамнаас “Хүндэт жуух бичиг”, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан.
Баярын Батцэцэг
Инженер-эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. УБЦТС ТӨХК-д борлуулалтын мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, төслийн хэсгийн ахлагч, Баянгол ХҮТ-ийн ахлах нягтлан бодогч, өдгөө дотоод аудитын нягтлан бодогчоор ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 33 жил, компанид 21 дэх жилдээ ажиллаж буй манай тэргүүний ажилтнуудын нэг. Тэрбээр “Эрчим хүчний тэргүүний ажилтан”, 2017 онд “Улсын хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулж, 2021 онд хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлж, УБЦТС ТӨХК-ийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичигдсэн билээ.
Жигжидсүрэнгийн Лодойдамба
2015 онд УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсэгт монтёроор ажлын гараагаа эхэлсэн. Хариуцсан дэд станцынхаа нийт авлагыг бууруулж хамт олноо манлайлан ажилладаг. 2020 онд цар тахлын хүнд нөхцөлд авлагаа өсгөхгүй Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн “Шилдэг ажилтан”-аар, 2021 онд УБЦТС ТӨХК-ийн “Хангах үйл ажиллагааны шилдэг монтёр-авлага барагдуулагч”-аар шалгарсан.
Гантөмөрийн Сарайдамба
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг Цахилгаан системийн инженер мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д ээлжийн монтёр, инженерээр ажиллаж байгаад 2016 оноос УБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлого зохицуулалтын хэлтэст алдагдлын инженер, судалгаа тооцооны инженерээр ажиллаж байна. Түгээх сүлжээний тоноглолын тоо, хүчин чадлыг тодорхойлох, ачааллын хэмжилт хийж оновчтой горимоор ажиллуулах инженерийн тооцооллыг тогтмол гүйцэтгэж техникийн алдагдлыг бууруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний цахилгаан хангамжийн төлөвлөгөөг Хот төлөвлөлт судалгааны институтын хамт боловсруулсан. УБТС ТӨХК-ийн 2021 оны “Бодлогын шилдэг инженер”-ээр шалгарсан манай шилдэг ажилтнуудын нэг юм.
Ойдовын Лувсандагва
2010 онд УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвд дэд станцын ашиглалт, засварын монтёроор анх ажилд орсон. Олон удаагийн аюулгүй ажиллагааны нарядаар их засварын ажлын удирдагчаар ажиллаж, ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн Эрчим хүчний яамнаас “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулж, 2018 онд ӨХТТ-ийн “Шилдэг монтёр”, 2021 онд УБЦТС ТӨХК–ийн “Түгээх үйл ажиллагааны ашиглалт засварын шилдэг монтёр”-оор шалгарсан.
Дижитал, хиймэл оюун ухааны эрин зууныг цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөхөд бэрх юм. Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, сүлжээ, серверийн хэрэглээ тасралтгүй байх өндөр шаардлагатай болсон энэ үед нэг секунд ч цахилгаан тасалдуулахгүй байх үүргийг биелүүлэхийн төлөө бид тасралтгүй чармайн зүтгэсээр 90 жилийн түүхэн ойгоо угтаад байна. Бидний туулан урагшилсан энэ түүх хүнд бэрх сорилт, ололт амжилт, бүтээн байгуулалт өрнөсөн, хөлс хүч шаардсан 90 жил байсныг онцлохын сацуу цар тахлын шинэ нөхцөл байдал, амаргүй хүнд бэрхийг хамтдаа даван туулж ажил үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаа хамт олноороо бахархаж байна. Дэлхийн шилдэг техник, технологийг нэвтрүүлэн нутагшуулсан, сайн менежмент бүхий ажилтан, албан хаагч, харилцагчтай, хэрэглэгч нартаа ээлтэй компани байхын төлөө хамтдаа хичээж ажиллах болно.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР УЛАМ ХҮЧИРХЭГЖИХ ҮЙЛСТ ХАМТДАА ЗҮТГЭЖ, МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ ӨНӨ МӨНХӨД ОРШИХ БОЛТУГАЙ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)