С.САРУУЛ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар /НМХГ/-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар “Манай байгууллагын утсанд СХД-ийн нутаг, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй "Эм Ди Си Пи" гэх компанийн мах боловсруулах үйлдвэрт гаднын биет холиод байна гэх гомдлыг ирүүлсэн. Үүний дагуу хяналт шалгалт хийхэд тухайн үйлдвэрийн байранд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын болон агуулахын бүртгэлгүй зэрэг тодорхой зөрчлүүд илэрсэн.
Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан. Иймд тухайн үйлдвэрлэлийн орчинд байсан ямааны махнаас болон бодис хольсон уснаас тодорхой дээжийг авч лабораторид хүргүүлсэн. Тодруулбал, гэсгээж байсан болон бодистой усанд сойсон, сойсны дараах, агуулахад эцсийн бүтээгдэхүүн, хадгалагдаж байсан зэрэг зургаан төрлийн ямааны махнаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд хамруулсан. Мөн тухайн нунтаг бодис болон тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодис хольсон ус зэргээс дээж авч шинжилгээнд хамруулаад байна. Лабораторийн шинжилгээний хариу өнөөдрөөс гарна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа" гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn