Д.ДАРАМБАЗАР
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад "D-Parliament" цахим хуудсыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Энэ цахим систем нь УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн бөгөөд Монгол Улсын иргэн хэн бүхэн хуулийн төсөлд санал өгөх, цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, УИХ-ын үйл ажиллагааны цахим товхимол зэрэг үндсэн дөрвөн функцтэй аж.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал гэдгийг онцлов. Мөн тэрбээр нийт оюутан суралцагч болон олон нийтэд хандаж "D-Parliament" цахим хуудсанд нэгдэж, нийгмийн асуудлыг нийтээрээ зөвлөлдөж хэвшихийг уриалсан юм.
Эх сурвалж: www.polit.mn