П.Амгалан
"Үндэсний номын баяр”-ыг энэ сарын 20-22 нд Сүхбаатарын талбайд 31 дэх удаагаа зохион байгуулах гэж буй талаар “Номын соёлт ертөнц” ТББ-аас хэвлэлийн хурал хийлээ. Энэ удаа “Илүү их уншъя” уриатайгаар УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэх аж. Номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн бүртгүүлжээ. Мөн энэ жилийн номын баярт гадаадын зохиолчид хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Номын баярыг зохион байгуулах сайн дурын ажилд 400-гаад хүүхэд залуус бүртгүүлснээс 50 нь сонгогдон ажиллаж байгаа аж. Энэ үеэр “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Номын баярыг 2007 оноос хойш жилд хоёр удаа тэмдэглэж өдий хүрлээ. Энэ хугацаанд нийгэмд ном унших соёл түгэн дэлгэрч, олон хүн энэ баярыг хүлээдэг болсон байна. Номын баярт 15-22 насныхан идэвхтэй оролцдог. Бусад орноос номын баярыг зорьж олон хүн ирэхээ мэдэгдсэн. Энэ бүхэн Монгол Улсын нэр хүнд яригдах учраас илүү сайн зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ.
Эх сурвалж:Polit.mn