П.Амгалан
Сүхбаатарын талбайд өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан иргэн Х.Бээжин цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр "Монголын тусгаар тогтнолд Орос улс хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалын үед орос цэргүүдийн тусламж их байсан. Мөн японы эзлэн түрэмгийлэгчид дайрч орж ирэхэд тусалсан. Бидний тусгаар тогтнолд тус болсон ганц улс юм. Гэтэл нэр бүхий хүмүүс хоёр улсын зуун жилийн найрамдалт харилцааг хагалан бутаргах зорилгоор удаа дараа цуглаан зохион байгуулсан учраас эсэргүүцлээ хөнгөн хэлбэрээр илэрхийлсэн. Удахгүй дахиад жагсаал зохион байгуулахаар ярилцсан. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно. Орос Монголын зуун жил гар барьсан харилцааг хэзээ ч таслуулахгүйн төлөө цаашдаа ч тэмцэхийн тулд албан ёсны бүлгэм байгуулж байгаа. Миний ард ямар нэгэн хамгаалалт байхгүй. Бид өөрсдийн итгэл үнэмшлээр байгаль орчин, эх дэлхий, ирээдүйнхээ төлөө явж байна" гэлээ.
Эх сурвалж:Polit.mn