Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор Дашцэрэнгийн Төмөрдагва хэмээх эрхэмийг урьсан юм.
МАЛЧИН ААВЫН “ХУРАНДАА” ХҮҮ
Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Д.Төмөрдагва 1949 онд малчин Дашцэрэнгийн отгон хүү болон мэндэлжээ. Гурван эгчийн хайранд бөмбөрч, аавынхаа голомтийг залгах хүү 1967 онд Баянхонгор аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийг мужаан мэргэжлээр төгссөн аж. Анх эзэмшсэн мэргэжлээрээ ажлын гараагаа эхэлсэн Д.Төмөрдагва Улаанбаатар хотын төв гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллан галын постын ахлагч, улсын жинхэнэ байцаагч болон Галын аюулаас хамгаалах газар 10 жил үр бүтээлтэй ажилласан тууштай, зарчимтай, хөдөлмөрч залуу хэмээн үеийнхэн нь үнэлдэг. Түүний найз Цагдаагийн хурандаа А.Дамбадаржаа “Залуу байхаасаа л мятрашгүй хөдөлмөрлөж, хийж буй ажилдаа, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа хойч үедээ үлгэр дууриал болсон хүн” гэлээ.
Тэрээр өнгөрсөн үегүй ирээдүй гэж үгүй. Тиймээс ахмад үеийнхнийхээ амьдралын замнал, ажил хөдөлмөрийнх нь амжилтыг олон түмэнд түгээх хэрэгтэй хэмээн захив. Харин нийтлэлийн баатар маань даруухан хүн аж. “Би ч зарим зүйлээ мартчихсан явна лээ. Манай Дамбаа /авгайлсан нэр/ тэр үед чи тэгж хэлсэн. Энэ үйл явдалд чиний манлайлал бусдад урам зориг өгсөн шүү гээд ярьдаг юм. Хүн гэдэг амьтан бие биедээ урмын үг харамгүй хэлж, баярласнаа илэрхийлдэг байх хэрэгтэй, хүүхдүүд ээ” хэмээн бидэнд захисан юм.
Гал сөнөөгч байсан Д.Төмөрдагва 1978 онд Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны дээд сургуульд суралцаж эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөж ирээд Багануур дүүргийн цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр томилогдсон байна. Тухайн үед тушаал дэвшүүлэн хэлтсийн дарга болох магадлалтай хүмүүсийн нэг байсан аж. Гэтэл түүнийг 1987 онд Найрамдалын районы цагдан сэргийлэх хэлтэст Эрүүгийн тасгийн дарга болгон шилжүүлсэн аж. Түүнийг ийнхүү нийслэл рүү татаж авах болсон талаар тэрээр “Тухайн үед ажлын үр бүтээлээр уралдаан зарладаг байлаа. Би ч гайгүй ажилласан гээд тэргүүн байрт орж явсан юм шүү дээ. Үүнээс улбаалан нийслэлд ажиллуулах татаж авсан юм болов уу гэж одоо хэрнээ бодож явдаг юм” гэлээ. Ийнхүү тушаал дэвшүүлэхтэй зэрэгцэн цагдаагийн болон аюулаас хамгаалахын 10 даргыг ОХУ-д 45 хоногийн курст хамруулсан байна. Курсээ төгсөөд ирэхэд нь эрүүгийн нөхцөл байдал хүнд байна гээд 1988 онд Дорнод аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газарт орлогч бөгөөд Цагдан сэргийлэх хэлтсийн даргаар томилжээ. Түүний ажиллаж байх үед төрийн бодлогоор хуваарилалтыг маш зөв хийж, чиглүүлж байсан гэдгийг хурандаа Д.Төмөрдагва онцолж байв. Амьдралынхаа 23 жилийг онцгой байдал, цагдаагийн байгууллагад зориулсан өндөр бор залуу 1991 онд гавъяаныхаа амралтад гарч бизнесийн салбарт хөл тавив.
ДҮРСГҮЙ “ТОВАРИШ” БА ТЕХНИККУМЫН ОНЦ СУРЛАГАТАН
Д.Төмөрдагвыг бага байхад ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч гэлээ гурван эгчийнхээ хайранд өлгийдүүлж өсчээ. “Аав минь ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг бүхий л зүйлээ өөрөө хийнэ. Үнээ малаа саана. Хүүхдүүдээ асрана. Би аавыгаа зүгээр сууж байгааг нь огт хараагүй” хэмээн ярьж суухдаа “Айлын бага, ганц хүү юм болохоор “эрхдүү” өссөн шиг байгаа юм” хэмээн хуучлав. Том эгчийгээ сургуулиа төгсөн Баянхонгор аймгийн Баацагаан суманд эмчээр томилогдон явахад нь аавтайгаа хамт дагаад явсан нь түүний амьдралынх нь бас нэгэн сайхан дурсамж.
Ийнхүү бага насаа Баянхонгор аймагт өнгөрүүлсэн хүү бага сургуулиа төгсөн техник мэргэжлийн сургуульд хуваарилагдсан байна. Сурлага тааруухан байгаад хуваарилагдсан бололтой юм билээ. Арга ч үгүй биз. Би чинь сав л хийвэл гэр лүүгээ гүйчихээд байдаг дүрсгүй маягийн “товариш” байлаа шүү дээ гээд инээмсэглэн ярьж суухдаа бага насандаа очивуу гэлтэй нүүр дүүрэн мишээл тодруулна. “Гэхдээ би тэр сургуульд суралцаж мужаан мэргэжил эзэмшсэнээрээ үргэлж бахардаг” хэмээн хуучилж суухдаа “Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга З.Ойдов манай ангийн хүү. Монгол Улсын гавъяат тамирчин М.Хойлогдорж бид нэг жилийн төгсөгчид” гээд бахархаж, хайрлаж хүндэлж явдагаа ярив. Сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн суралцаж явсан “дүрсгүй” хүү онц сурлагатан бас эвлэлийн үүрийн дарга байжээ.
Түүний амьдралын зөв замнал аавынх нь хөдөлмөрч, шаргуу байдлаас үүдэлтэй. Бүхий л зүйлд нямбай бас тууштай ханддаг аавыгаа харж өссөн болохоор аливаа зүйлд нягт нямбай байдлыг эрхэмлэдэг. Бага залуудаа “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүл, Залуучуудын үнэн” сонинд түүний тухай бичигдсэн нийтлэлийн хайчилбар одоо ч хадгалаастай байна лээ. Зузаан дэвтрийн цаасан дээр хайчилбар болгон наачихаад тухайн он цагийн тухай тэмдэглэлийг нямбай нь аргагүй бичсэн байв. “Би сонин хэвлэл дээр гарсан мэдээгээ, өөрт хамаатай бүхий л бичиг баримтыг хадгалсан юм. Бага залуу байхад бол хэнд хэрэгтэй юм бэ гэж асуух хүн ч бишгүй л байдаг байв. Гэхдээ аавын минь нямбай зан надад байдаг юм. Хожим харахаар түүх болон үлдэж үр хүүхэд, ач зээ минь аавынхаа тухай, өвөөгийнхөө тухай мэдэхэд нь хэрэг болох чухал баримт болж байгаа юм шүү дээ” хэмээн хуучилсан Д.Төмөрдагвын Эвлэлд элссэн гэрчилгээ, сонинд гарсан мэдээ гээд олон зүйлийг нямбайлан хадгалсан нь өдгөө ч шинээрээ мэт сайхан харагдав.
Сургууль төгсөхдөө ангийн анд Батдэлгэртэй хоёулахнаа мужааны дөрөвдүгээр зэрэгтэй төгсчээ. Ангидаа Батдэлгэр, Ойдов гурвуулаа нийлдэг байж. Сургуулиа амжилттай дүүргэж мужааны дөрөвдүгээр зэрэгтэй өндөр бор залуу нийслэл хот тийш хөлгийн жолоо залсан гэдэг. Түүнийг аавынх нь дүү гавъяат барилгачин Очирын Палам Зам гүүрийн барилга трестэд мужаанаар оруулжээ. Ингэж л ажил амьдралынх нь анхны гараа эхэлсэн байна. “Зайсангийн бетонон гүүр, Тэрэлжийн модон гүүрний бүтээн байгуулалтад оролцож явснаараа бахархдаг. Хүүхдүүддээ, найзууддаа энэ гүүрийг барилцаж байсан юм шүү гээд хэлэхээр бахархах сэтгэл өөрийнх эрхгүй л төрдөг. Хүнд хэлэх үгтэй, хийсэн ажилтай байх үнэхээр сайхан” хэмээн Д.Төмөрдагва залуу цагаа эргэн дурсав.
АЖИЛСАГ ГЭРГИЙ, НЯМБАЙ НӨХӨР
Д.Төмөрдагвынх охин, хүү хоёртой. Түүний гэргийг Д.Тунгалаг гэдэг. Ардын боловсролын тэргүүний ажилтан, спортын мастер гэргийгээрээ тэрээр бахардаг. “Хань минь багш мэргэжилтэй. Ажилсаг нь “дэндсэн” хүн байдаг юм. Одоо жуулчны баазынхаа бүхий л цэцэрлэгжүүлэлтийг хийдэг” гэв. 1968 онд эхнэртэйгээ танилцан 1969 онд гэр бүл болж хоёр хүүхдийн аав, ээж болцгоожээ. Хүүг нь Мягмар, охиныг нь Ундрах гэдэг. Зургаан ач, зээтэй.
Эхнэр Д.Тунгалаг нь Багшийн дээдийн оюутан байж. Өвлийн оюутны амралтаар Тэрэлжид амарч явахад танилцжээ. Ирээдүйн ардын багш гал сөнөөгчтэй ханилан амьдралынхаа шанг татсан байна. Анх хадмындаа амьдралаа эхлүүлж Лениний музейн ард жижигхэн шавар байшинд нүүж орсон нь тэдний амьдралын бас нэгэн шинэ хуудас байж. “Манай хөгшин Барилгын III ТМС-д багшаар орж тэр сургуулийн дотуур байранд амьдарч явлаа” гээд хүд хүд инээн “Бид хоёр зургаан буудалд нэг хашаа авч амьдралаа төвхнүүлчихээд хойшоо сурахаар явчихсан юм. Хоёр жаахан хүүхдээ сургуульд нь зөөнө гэдэг эмэгтэй хүнд амар ажил биш л дээ. Хүү минь 33-р сургуульд сурдаг байлаа. Нэг өдөр манай гурав хадмынд хоночихоод маргааш нь иртэл гэрт маань хулгай орчихсон байсан. Тэгээд холоос хүүхдүүд зөөж, үдэш орой эмэгтэй хүн ганцаараа явахад хэцүү юм байна гээд тэр хашаагаа зарж байсан юм” гэлээ.
Хойно төгссөн шинэхэн цагдаа Багануурт хуваарилагдахдаа орон сууцанд оржээ. Тэндээс Найрамдалын районы орлогчоор томилогдон ирэхдээ 10-р хороололд байранд орж байж. Цагдаагийн дарга оршин суугчтай байрныхан даргаараа “тохоон томилсон” байдаг. Нийгмийг аюулаас хамгаалах ажилд ханцуй шамлан зүтгэж байгаа залуухан мэргэжилтэн цаг наргүй ажлын хажуугаар байрныхныхаа асуудлыг сонсч, шийдвэрлэх цаг зав гардаггүй байснаа учирлан ярьж байв.
Аливаад эерүү хандаж, гарц гаргалгаа олж, шийдэл хайж, харилцан ярилцдаг байх хэрэгтэй гэж залуустаа захидаг тэрээр “Ер нь ажлыг сайжруулахын тулд орвонгоор нь эргүүлэх нь шийдэл биш. Тухайлбал, Засгийн газар муу ажиллаж байна гээд унагачихаад дараагийнх нь гарч ирлээ ч ажил сайжрахгүй гэдгийг цаг хугацаа харуулж л байна” гэлээ.
Багш ээж, цагдаа аав хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч ирсэн нь өдгөө амьдралын гол цөм нь болж явна уу гэлтэй. Хоёр хүүхдээ Германд сургуульд сурган мэргэжил эзэмшүүлжээ. Хүү Мягмар нь хуулийн мэргэжилтэй цагдаагийн байгууллагад ажилладаг байж. Эргэлт буцалтгүйгээр бизнест хөл тавьж, өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэсэн Төмөрдагва хүүгээ 2005 онд аавынхаа бизнесийг үргэлжлүүлэн авч явах санал тавьснаар түүний хүү бизнесмен болжээ. Өдгөө жуулчны баазаа хариуцан ажилладаг байна. Харин охин Ундрах нь олон улсын байгууллагад ажилладаг.
БИЗНЕС ЭРХЛЭГЧ Д.ТӨМӨРДАГВА
Хойно хамт суралцаж байсан ангийн анд Цагдаагийн хурандаа Батмөнх 1992 онд “Сутай” компанийг үүсгэн байгуулж Төмөрдагва найзтайгаа хамтарч ажиллах санал тавьснаар тэрээр бизнесийн салбарт хөл тавьсан түүх эхэлнэ. Компанийнхаа харуул хамгаалалт, аялал жуулчлалыг хариуцсан дэд захирлын албан тушаалд “томилогдон” тасралтгүй 10 жил хамтарч ажилласан аж. Бусдын адил гахай үүрч, ганзагын наймаа ч хийж явсан үед түүнд бий. Ингээд найзынх нь компани ч хөл дээрээ босч 2003 оноос “Илд бамбай сервис” компанийг байгуулан харуул хамгаалалтын чиглэлээр хувийн бизнесээ эхлүүлжээ. Түүнийг шинэ бизнес эхлүүлэхэд нь хамтран зүтгэгч, гэр бүлийн найз Батмөнх нь бие дааж ажиллахыг нь сайшаан харуул хамгаалалтаа авч явахыг зөвлөсөн гэдэг.
Ийнхүү хувийн бизнесээ эхлүүлсэн Төмөрдагва эргэлтийн хөрөнгөө хэрхэн босгох талаар арга хайж эхэлсэн байна. Насаараа шахам хуулийн байгууллагад ажилласан болохоор зээл авч ажлаа явуулах тухай бодохоос ч аймшигтай санагддаг байсан тухайгаа тэрээр ярьж өгөв. “Зээл авлаа гэж бодоход төлж чадахгүй орон шоронд орчихвол яах вэ гэдэг айдас байнга л дагана. Бэргэж, бэргэж 30 сая төгрөгийн зээл авлаа. Компанийнхаа оффисийн барилгыг барих гэж байгаа юм шүү дээ. Гэтэл мөнгө хаанаа ч хүрдэггүй ээ. Ингээд банкин дээрээ гүйж очоод зээл нэмж авах хүсэлтэй байгаагаа хэллээ. Та найдвартай төлөгч юм чинь ав, ав л гэж байна” гэв. Бүхий л зүйлд итгэлцэл бас хариуцлагатай байдал ямар ч барьцаа хөрөнгөөс илүү үнэ цэнтэй гэдгийг тэрээр биеэрээ, үйлдлээрээ бусдад үлгэрлэж чадсан аж. Хэдийгээр их хэмжээний мөнгө зээлж бизнесээ босгож байгаа ч цаг хугацаанаас нь өмнө зээлийн төлбөрөө барагдуулан итгэлтэй, найдвартай, хариуцлагатай, сахилга баттай түнш гэдгээ алхам бүртээ баталж байжээ. Нийтлэлийн баатар маань ийнхүү бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэн харуул хамгаалалтын “Илд бамбай сервис” компани, Олон улсын таэквон-догийн “Илд бамбай” клуб, “Өртөө толгой” жуулчны бааз гээд түүний удирдаж, чиглүүлж яваа бизнесүүд өдгөө амжилттай явна.
АЛДАА ОНООТОЙ НЬ ХАМТАД НЬ ХАЙРЛААРАЙ
Намуухан ярьж суугаа энэ эрхэм бусдыг хайрлаж, хүндлэж, дэмнэж, туслаж явсан нь өдгөө хүндлэл хүлээсэн цагдаагийн бэлтгэл хурандааг бүтээсэн гэмээр. Хэдийгээр цагдаагийн дарга, эрүүгийн салбарт олон жил ажилласан ч хүнд хатуурхаж, муу зан гаргаж байсан нь үгүй хэмээн түүний эртний найз А.Дамбадаржаа хэлж байв. Бид он цаг, орон зайг үл хамааран олныг хүүрнэж суув. Тээр жил Дорнодод ажиллаж байх үедээ оросуудтай муудалцсан нь түүний санаанаас гардаггүй аж. Учир нь хээрийн бүсээс хонь хариулж орж ирсэн орос залууг нутагтаа зартай агсам нөхөр дээрэлхдэг байжээ. “Арга байхгүй хүн амины хэрэг. Хэрэгтэн болсон үйл явдлыг яг үнэнээр нь ярьдаг юм. Яг шүүх хурал болохын өмнө Оросын консул хэрэгтэнтэй уулзуулах хүсэлт тавьж над дээр орж ирлээ. Би прокурорт хүсэлт тавьсан шүүхэд шилжүүлсэн учраас тэндээс асуу гэв. Тэр үед Шүүхийн дарга Ц.Шаравдорж байсан. Би ч асуулаа. Тэгтэл орос хэлтэй хүнтэй хамт байлцаад уулзуулчих гэдэг юм. Үнэн хэрэгтээ найрамдалт харилцаагаа бодож л тийм шийд гаргасан хэрэг л дээ. Гэтэл консул хамт уулзуулахаар орсон хүнийг гар гэсэн гэхээр нь тэгвэл хэрэгтнийг буцаагаад аваачаад хийчих гэчихлээ. Ингээд л хэрэг мандана биз дээ” гээд инээв. Тэр үеийн удирдлагууд тулхтай шийдвэр гаргадаг байсныг Д.Төмөрдагва онцлов. Консулыг уурлуулсан том хэрэг мандан асуудлыг шийдвэрлэх “дарга” нарын уулзалт болжээ. Нөхцөл байдал ямар байгаа, юу болсон зэргийг ярилцсаны дараа Д.Төмөрдагвын гаргасан шийдвэр зөв байсан гээд консулыг өрөөнөөс хөөж гаргасан ажээ. Ийнхүү ажил амьдрал хийгээд нийгэм, эдийн засгийн олон асуудлын талаар ярилцаж суухдаа “Бусдыг буруутгаж, зэмлэхээс илүү бодит байдалд зөв дүгнэлт хийж гаргасан шийдвэр цаг хугацаа өнгөрсний дараа эерэг үр дүн авчирдаг юм” хэмээн захив. Тиймээс бусдыг алдаа, оноотой нь хайрладаг байгаарай л гэж залуустаа захимаар байна гэснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
Ажил мэргэжил бүхэн сайхан. Мужаан Төмөрдагва онцгой байдлын алба хаагч, эрүүгийн цагдаагийн дарга болон дэвшиж ажиллахдаа хүнийг ялгаварлаж байсан нь үгүй. Түүнийхээ үр шимээр бусдад хүндлэлтэй амьдарч буй.
Айлын отгон бас ганц хүү “эрхдүү” өссөн ч элгэмсүү зөөлхөн аальтай байсан нь аав, эгч нарынх нь өгсөн төлөвшил. Үүнийг үр хүүхэд, ач зээдээ ч өвлүүлэх нь түүний чин хүсэл. Дүрсгүй маягийн “товариш”-ийн амьдралын хүрдийг энэ хүртэл эргүүлснээ уншигч авхай тантай хуваалцлаа. Орчлон хорвоогийн олон өнгөнөөс тодоор гялалзах бас нэгэн өнгө нь Д.Төмөрдагва гэдэг айлынх ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)