П.АМГАЛАНБАЯР
Гүн цэнхэр, цагаан, улаан өнгө бороон дусал мэт асгарч, наана нь номин ногоон орчин хүрээлнэ. Энэ мөчид цагаан өнгөөр даашинзыг нь урлаж, үс нь намирсан хоёр эмэгтэй гар гараасаа атгаж, халуун дотно харцаар биенээ ширтэх аж. Зургийн тайлбар дээр “Гараас чинь хөтлөхөд орчлонг би мартана” хэмээн бичжээ. Танхимд ороход өнгөний хослол бүхий уран сэтгэмжит зургууд, нам гүм орчин, ил гал гээд сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ. Энэ бол зураач М.Тэмүүлэнгийн “Далавчтай зүрх” үзэсгэлэнгийн танхим. Хананд “Хувиршгүй сэтгэл, “Гэрэлт ирээдүй”, “Сүвлээгүй сувд”, “Амьдрал минь ээ”, “Хайр хүртэл ганц алхам”, “Амь” гэсэн өвөрмөц дүрслэл, өгүүлэмж бүхий зураг, өнгө будгийн тансагийг мэдрүүлнэ. Танхимд хоёр хөрөг, уран сэтгэмжээр бүтсэн 20 зураг дэлгэжээ.
Түүний уран бүтээлүүд дуусгаж байж хуудсыг нь хаамаар санагддаг ном шиг дэндүү амттай өгүүлэмжтэй аж. Магад зураач хүн өнгөний хослолыг ийм гайхалтай утга агуулгатайгаар цаасан дээр буулгах биз.
Аавынхаа урланд анхны зургаа буулгажээ
Зураач М.Тэмүүлэнгийн зураг зурах авьяас, өгөгдөл, мэдрэмж ааваас нь өгөгдөлтэй. Аав Д.Мөнхжаргал нь орчин үеийн модернист, абстракт, натирморт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач байжээ. Тиймээс аавынх нь зураг зурж буй агшин хийгээд уран зураг түүний амьдралын салшгүй нэг орон зай нь болон “Далавчтай зүрх”-ээр таны мэдрэмжид хөг нэмэхээр уран бүтээлийн онгод нь оргилж буцалж явна М.Тэмүүлэнгийн анхны сэтгэлд тод үлдсэн хайртай зураг нь аавынхаа урланд зурж байсан натирморт аж.
Зураг зурах нь бясалгал хийж буй мэт тайвшралыг өгдөг
Зураг зурж буй агшин түүнд гайхалтай мэдрэмж хийгээд бясалгал хийж буй мэт тайвшралыг өгдөг аж. Тэрбээр “Эмэгтэй хүн зураач болно гэдэг тийм ч амар зүйл биш. Зургаараа дамжуулж нийгэмд эерэг сайн сайхныг түгээж, амьдралын гэрэл гэгээг илэрхийлэхийг хүсдэг. Аливаа зүйлд бүтээлч, уран сэтгэмжээр хандахыг эрмэлздэг” гэж байлаа.
Түүний уран бүтээлүүд тод, цул өнгөөр гэрэлтэнэ
Тэрбээр хараас бусад тод, цул өнгөөр зурах дуртай. Өөрийн мэдэлгүй тод хурц өнгийг шүүрээд л авдаг өнгөлөг зураач. Тиймээс чимэглэх уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвидаг нэгэн. Орчноос тасарч нам гүм орчинд ганцаараа зураг зурах нь түүний хувьд тансаглал юм. Зураач хүний хамгийн аз жаргалтай агшин зураг зурж буй мөч, урмын үг, бусдад өөрийгөө танилцуулах цаг хугацаа гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Урлагийн хүн мэдрэмжтэй гярхай, бусдаас нэг алхам түрүүлж, илүү уран сэтгэмжтэй алхах хэрэгтэй гэж ярьдаг. Тиймээс уран зураг түүнд уран сэтгэмж, аливаад илүү мэдрэмжтэй хандах төлөвшлийг суулгажээ. Тэрбээр “Зураг бүхэн миний дахин давтагдашгүй мэдрэмжүүдээс үүдэлтэй. Бүгд өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ “Гараас чинь хөтлөөд орчлонг би мартана” бүтээлдээ илүү хайртай гэсэн юм.
Яруу найрагч Р.Эмүжин М.Тэмүүлэнгийн зурган дээр “Чиний мэдрэмж маш сонин танил дотно алган дээр байгаа юм шиг атгах гэхээр баригддаггүй амьсгал шүргэх мэт амьсгалын хажуугаар яг тэр мөчид зөрөөд одох мэт хайр хүртэл ганц алхам. Тэр ганц алхамд багтаад авчих гэхээр болохгүй. Явуулах гэхээр болохгүй туулж баршгүй ганц алхам” хэмээн бичсэн нь нүдэнд туслаа. Р.Эмүжин түүний уран бүтээлийн өнгө аясыг ийн тодотгож “Далавчтай зүрх” хэмээн нэр өгсөн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)