Б.ОД
"1000 Инженер-Ажлын байр 2022" өдөрлөг тавдугаар сарын 12-нд ШУТИС-ийн хичээлийн VIII байранд болох гэж байна. Энэ өдөрлөгийг БШУЯ-наас ес дэх жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс зохион байгуулж байгаа юм.
Япон улсын КООСЭН сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн 96 төгсөгч өдөрлөгт оролцох юм байна. Эдгээр төгсөгчид Япон улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшжээ.
Зохион байгуулагчид "Өдөрлөг 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, механик инженер, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийх, сонгон шалгаруулж хамтран ажиллана.Төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой" гэв.
Эх сурвалж:www.polit.mn