Б.ДОЛЖИНЖАВ
Хөл хорио, цар тахалд хоёр жил орчим “дарлуулсан” монголчууд ямар нэгэн хязгаарлалт, санаа зовнилгүй хэвийн амьдралдаа бүрэн шилжээд удаагүй байна. Урин хаврыг угтан сая нэг санаа амарлаа гэтэл хил залгаа улсад үүссэн асуудал бидний амьдралыг 360 градус эргүүлж орхив. Үүнээс үүдсэн жагсаал, хууль журам, хэмнэлтийн горим гэсэн олон асуудал үүсч “Монголд амьдрахад хэцүү боллоо” гэсэн сөрөг мэдээлэл тасралтгүй хөвөрч байна. Яг ийм эгзэгтэй, ихэнх хүн эх орноосоо зугтахыг хүссэн цаг үеийг сөрөн үндэсний хувцас загварын “Уран гоёл” загварын шоу болсон нь ёстой нэг гандуу жилийн ширүүн аадар бороо мэт олны цангааг тайлж чадлаа. Аливаа зүйл цаг үеэ олно гэдэг ийм л сайхан.
Зөвхөн Монголд л байх, гагцхүү Монгол хүний оюун санаа, ур ухаан, сэтгэл зүрхнээс урган гарах үндэсний хөгжим, уртын дуу, циркийн үзүүлбэрийг цор ганц загварыг л хэрэглэгчийн захиалгаар урладаг давтагдашгүй загварын үндэсний хувцастай төгс зохицуулжээ. Долоон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэлээ загварын шоугаар нийтэд нэгтгэн харуулсан “Уран гоёл”-ын хамт олон болоод найруулагч Д.Ганпүрэвд цугларсан зочид халуун алга ташилт, биширлийн харц, бахархлын үгсээр дүнгээ тавилаа. Шинэ оныг салхийг хагалан цаг үеэ тун чиг зөв мэдрэн “Тhe One event hall”-д болсон урлахуйн гайхамшгийг урлагийн гайхамшигтай хослуулсан “Уран гоёл” загварын шоунаас өөлөх зүйл олдсонгүй.
Монголын эзэнт гүрний үед хамаарах язгууртны дээлийг сэргээн бүтээжээ
Загварын шоугаар язгууртан, угсаатан, хурим, өдөр тутам гэсэн дөрвөн төрлөөр урласан 60 гаруй шинэ загварыг танилцууллаа. Ингэхдээ Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон Монголын эзэнт гүрний үед хамаарах язгууртны дээлийг сэргээн бүтээсэн туршилтын загварыг танилцуулсан нь загварын содон загварыг түүхийн үнэт бүтээлтэй хослуулснаараа шинэлэг байв. Тодруулбал, Цагаан ханангийн агуйгаас олдсон язгууртны дээлийн хийц, загвар технологи болон бусад дурсгалын судалгааг доктор Б.Мөнхцэцэг, “Уран гоёл” урланг үүсгэн байгуулагч, докторант, Ш.Должинсүрэн нар хийж, судлаач Д.Баяр, У.Эрдэнэбат нарын мэдээлэл судалгаагаар баяжуулсны үндсэн дээр сэргээн бүтээжээ. Тэд түүхийн үнэт өв болсон язгууртны хувцаснуудыг эх хувиар нь Өмнөговь аймгийн шинэ музейд хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаар “Уран гоёл” урланг үүсгэн байгуулагч Ш.Должинсүрэн “Амаргүй хэцүү цаг үед урлангийнхаа долоон жилийн ойд зориулсан анхны загварын шоугаа хийлээ. Ирсэн зочдыг бүгдийг нь Монголоороо бахархуулах нь бидний зорилго байв. Цагаан ханангийн агуйгаас XIII-XIV зууны үед хамаарах язгууртны дээлний торгоны хээ олдсон. Зөвхөн хээ л олдсон учир сэргээн засварлахад асар их хугацаа шаардсан. Язгууртны хувцсыг дутуу хийж болдоггүй учир бид чин сэтгэлээ зориулан урласан. Сэргээн засварлах үеэрээ өвөг дээдсийнхээ ур ухаанаар бахархаж, гайхширсан. Энэ жил олдворуудын нөхөн сэргээлт, судалгаатай бүтээл дээр ажиллахаар төлөвлөөд байна. Энэ нь эртний өвөг дээдсийнхээ оёдол, хийцний гайхамшгийг бидэнд илүүтэй мэдрүүлж, загвараа ч шинэчилж байна. Докторантын ажилтайгаа уялдуулсан учир язгууртны хувцасны загвар судалгаа сайтай болсон болов уу” гэж ярилаа.
Тэрбээр хувцас урлах чадварыг ээжээсээ өвлөж авсан. Анх барилгын салбараа орхиод үндэсний хувцас урлалын салбар руу орохдоо ганцаараа байсан Ш.Должинсүрэн өдгөө үндэсний баялаг өв соёлыг эрхэмлэн дээдэлсэн, хэрэглэгч бүхэндээ хүрч ажилласан хамт олонтой болтлоо өргөжжээ. Тэрбээр хэрэглэгчийн захиалгын дагуу урласан цор ганц загварын хувцсандаа ерөөл шивнэж урладаг. Тиймээс зарим хэрэглэгч нь “Захирал чинь ирээгүй бол хувцасаа авахгүй. Танай захирал маш гоё ерөөл хэлж өгдөг. Ерөөлгөж хувцасаа өмсөхөөр маш сайхан байдаг. Ирэхээр нь авъя” гэж хэлдэг хэмээн “Уран гоёл” урлангийн хамт олон ярилаа. Ерөөлөөр бүтсэн хувцас очиж буй хүндээ ерөөл дагуулдаг хэмээн докторант Ш.Должинсүрэн бэлэгшээдэг юм.
Урлагийн салбарын одод гэр бүлээрээ загвар өмслөө
Арга хэмжээнд Андра агентлагийн загвар өмсөгчдөөс гадна МУСГЗ, Төрийн туульч А.Балдандорж, “Алтай”, “Мөнхийн реп”, UB Drums хамтлаг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, жүжигчин СТА Г.Алтангэрэл, Г.Номуун, эвэр бүрээч С.Одсүрэн, хийлч Х.Ариунсайхан, реги Macho МТ нарын урлаг соёлынхон оролцож, уран бүтээлээ толилуулав. Эдгээр уран бүтээлчид уран бүтээлээ хүргэхээс гадна “Уран гоёл”-ын хувцсыг өмсөж, загварын шоуны нэг хэсэг болсноороо онцлогтой. Урлагийн салбартаа тод гялалзаж, хэдийнэ ур чадвараараа олонд гайхагдсан гэр бүлийн уран бүтээлчдийг сонгон загвар өмсөгч хэмээх салбарт гаргаж ирсэн нь загварын шоунаас нүд салгахгүй байх нэгэн шалтгаан болж байлаа.
Энэ тухай жүжигчин Г.Номуун “Дэлхийд танигдаж байгаа Монгол үндэсний хувцасаа өмсөж анх удаа загвар өмслөө. Тэр дундаа олдвороос олдсон язгууртны дээлний сэргээн засварласан загварыг өмсөх завшаан олдсонд үнэхээр их баяртай байна. Бас бахархах сэтгэл төрлөө. Бүх зүйл төгс зохицсон гайхалтай шоу боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Гэр бүлийн уран бүтээлчдийг оролцуулсан нь өнөөдрийн шоуны гол онцлог байлаа. Сэтгэлээ шингээж урладаг гайхалтай хамт олонтой хамтарч ажилласандаа маш их баяртай байна. Нэг ширхэг товчийг урлахдаа хүртэл ийм учиртай хэмээн бидэнд тайлбарлаж, бүх зүйлд ур ухаан, сэтгэлээ шингээж оёдгоороо “Уран гоёл” бусад урлангаас ялгарах болов уу гэж бодож байна” гэв.
Хөгжимчин гэр бүлийн гурвал
Соёл судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв энэ гайхалтай загварын шоуг найруулахын сацуу гэргий “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, охин Г.Амина нар хамтдаа оролцсон нь шоуны гол чимэг байлаа. Урлагийн хүний гол нүүр царай нь хувцас буюу тэдний имиж байдаг. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, охин Г.Аминагийн хамт уран бүтээл бүртээ “Хийцээр гайхуулж, Чанараар илүүрхэнэ” уриатай “Уран гоёл”-ын хувцсаар гоёдог юм. Тэд энэ удаа ч мөн адил “Уран гоёл”-ын дэгжин, өвөрмөц загварын хувцсыг сонгосон нь эрхгүй зочдын нүдийг булааж байлаа. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн хуруунууд ятганы утсан дээр “бүжиглэж”, өөрөө тэр зүрх сэтгэлээрээ ятгатайгаа ярьж байгаа мэт сэтгэгдэл төрөхүй “Ятгын хатан хаан” хүн ийм байхаас өөр яахав дээ хэмээн бодож суув.
Энэ тухай хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв “Анхны загварын шоугаа найруулахдаа өөртөө итгэлгүй байсан ч бүх чадлаа зориулан ард нь амжилттай гарлаа. Хөгжмийн урлагт би 30 жилийн амьдралаа бүхэлд нь зориулсан. Тиймээс шоуг найруулахын сацуу “Алтай” хамтлагтаа хуураа тоглож, уран бүтээлч Macho-той хамтарч дууллаа. Найруулгын хувьд загвар үзүүлэх цаг хийгээд хөгжмийн сонголт маш чухал байсан” гэв. Түүний охин Г.Амина Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурийн ангид суралцдаг юм.
Үүнээс гадна нүүдэлчин регги хэмээх шинэ хѳгжмийн урсгалыг Монголд түгээн дэлгэрүүлж буй залуу уран бүтээлч Н.Мѳнгѳнтулга буюу Macho загварын шоуг урлагийн тоглолт болгож чадлаа. Монгол үндэсний хөгжим тоглонгоо хип хоп төрлийн дуу дуулахыг сонсох бас нэгэн содон үзэгдэл байв.
Г.Батцэцэг:Үндэсний өв соёлоо олон хүнд сурталчлан таниулмаар байна
Шоуны язгууртан, угсаатан загварын хувцас өвөг дээдсээрээ бахархах, омогшлийг төрүүлж байсан бол хуримын загварын дээлүүд гадны соёлыг дагаж даашинз, хослол өмсөхөөс илүүтэй хосоороо Монгол үндэсний цор ганц загварын дээлээрээ гоёх юм сан гэсэн хүслийг өдөөлөө. Харин өдөр тутмын загварын коллекц Монгол үндэсний хувцасны загвар, хийц ямар ч алдартай брэндээс дутахааргүй чамин, ганган болсныг батлан харуулав. Энэ үеэр зарим хүн “Хуримаараа хос дээлээр гоёноо” гэсэн гэгээн хүсэл тээсэн бол зарим нь “Өдөр тутамдаа өмсөх дэгжин дээлтэй болноо” хэмээн бодсон болов уу.
Ийм гайхалтай загварын шоуг зохион байгуулсан “Уран гоёл” урланг үүсгэн байгуулагч Ш.Должинсүрэн хэдийнэ олонд танигдсан урлангаа Өвөр Монголын их сургуулийг найруулагчаар төгссөн охин Г.Батцэцэгтээ өвллүүлэн өгчээ. Өдгөө 26 настай Г.Батцэцэг найруулагч хэмээх өндөр мэдрэмж шаардсан мэргэжилтэйн сацуу түүхийг сонирхон судалдагаас “Уран гоёл” урланд томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийж, илүү олон хүнийг Монгол өв соёлоороо бахархах гүүр болж чадна гэсэн итгэл дүүрэн байна.
“Уран гоёл” урлангийн захирал Г.Батцэцэг “Хүн олонтойгоо явахын сайхныг мэдэрлээ. Ээж, аавынхаа танил, найз нөхөд, ажлын хамт олон гэсэн 200 гаруй хүний тусламжаар өнөөдрийн шоуны ард гарлаа. Дөрвөн сарын өмнөөс шоугаа хийе гэж шийдээд хоёр сарын хугацаанд бэлтгэлээ базаасан. Анх урлангаа байгуулсан цагаас нь эхлээд үйл ажиллагаа нь хэрхэн явдгийг харж өссөн учир илүү сайжруулах үүрэг надад ирлээ. Залуус үндэсний соёлоо их судалж, үнэ цэнийг илүүтэй мэдэрдэг болсон байна. Энэ мэдрэмжийг нь илүүтэй хөглөж, үндэсний өв соёлоо олон хүнд сурталчилж, үнэ цэнэтэй түүхийг сэргээн сануулмаар байна” гэж ярьсан юм.
Гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы Монголын үзэсгэлэнт байгалийн зурагнуудаас сонгон дуу болоод хөгжмийн аятайгаа хослуулсан нь загварын шоуг бүхэлд нь Монголын “үнэр”-тэй болгож байв. Дэлхийн хаанаас ч бус зөвхөн Монголоос харах үзэсгэлэнт байгаль, сүрлэг уулс, модод, гол мөрөн, өвөрмөц бүтэцтэй хад цохио, эгэл Монгол ахуйн зураг, уртын дуу, морин хуур, ятга, хөөмий, тууль, үндэсний хувцасны шинэлэг загварыг нэг дороос харсан хэнд ч эх орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх буй за. Ямар гайхамшигтай өв соёлтой оронд мэндэлж, амьдарч байгааг “Уран гоёл” загварын шоу үзэгчдэд мэдрүүллээ. Тэд зорилгодоо хүрч чадсан юм.
Эх сурвалж:www.polit.mn
.