Өнөөгийн турк орныг өнгөцхөн харав

2022-05-08
Нийтэлсэн: Админ
 29 мин унших

Кавказын нурууны ноён оргил Эльбрус уул. 11000 метрийн өндөрт яваа онгоцноос авав. 2022.04.06.

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг

 

 

МӨРӨӨДЛИЙН УУЛСЫН МӨНГӨН ТЭРГҮҮН

 

Би жаахан сониуч, хачин зүйл мөрөөддөг хүн. Тэртээ 60 гаруй жилийн өмнөөс Кавказын нуруу, Эльбрус уул, Альпийн (2007 онд Франц улсаар явж байгаад Альпийн нурууны нэн залуу, ян сарьдаг оргилуудыг харсан) уул, далай тэнгис мэтийг үзэхсэн гэж мөрөөддөгсөн. Манайх 1957 оны хавар Рашаантын Модон гэдэг газар нутаглаж байв. Тэгэхэд манай хөршийнд их олон уул, тал хөндий, өндөр сүрлэг хад чулуу, далай тэнгис, гол усны зурагтай ном байлаа. Сургуульд ороогүй, хэдэн үсэгнээс цаашгүй, уншиж чадахгүй. Боломж гарвал тэр номны хуудсыг эргүүлж зургийг үзнэ. Харин ном их уншдаг хэмээн нутаг усандаа нэртэй Цэрэндамба ахыг хааяа гуйж тэр номоос (Манайхан ЗХУ-д захиалж хэвлүүлсэн дунд сургуулийн “Тивүүдийн газар зүйн” гэдэг ном байсан байх) уншуулж яриулна. Тэгж байж Альпийн нуруу, Кавказийн уулс, Эльбрус, галт уул, галт уулнаас гарсан үүл, далай тэнгис мэтийн тухай анх сонссон юм. Тэндээс улбаалж Эльбрус гэдэг том уулын нэрийг тогтоож авсан хэрэг. Гэтэл саяхан үр хүүхдүүдийнхээ  буянаар хүсэл мөрөөдлийн Эльбрус уулаа холоос харж, эртний түүхт Турк орныг өнгөцхөн хараад ирлээ.

Хүү Равдандоржоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүргүүлэхээр Улаанбаатараас  гуравдугаар сарын 27-ны өглөөний 04:00 цагт мордож бараг л “Дэлхийн стандартынх” гэмээр шинэ хурдны замаар Хатан Туулаа гаталж Богд Хан уулыг гороолж салхи татуулан давхисаар очив. Манай энэ удаагийн аяллын багийн бүрэлдэхүүн гэвэл миний аян замын байнгын даамал, зохион байгуулагч хүү Батсайхан, чадварлаг орчуулагч, хөтөч охин Нандинчимэг нар. Бид төдхөн Бүгд Найрамдах Турк улсын иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компанийн Боинг онгоцоор хөөрөв. Өглөөний нартай, мөнгөн цагаан хөлөг дотроос бас нэгэнтэй золгож байгаа минь энэ.

Зорчигчдын олонх нь, ам хөдөлгөх юм олдвол хүртчихээд ганц нэг кино, концерт харвал хараад бусад үед унтах нь унтаж эсвэл нүдээ тас аниад түшлэгээ налаад хэвтчихнэ. Би болохоор онгоцонд цурамхийж чаддаггүй. Суудлын өмнөх жижиг дэлгэцийг ширтэн аялж яваа газар нутгийнхаа зургийг харж уул ус, гол мөрөн, хот сууринг сонирхож элдвийг бодсон шигээ цаг нөгцөөдөг зуршилтай нэгэн. Биднийг дунд сургуульд суралцаж байсан өнгөрсөн зууны 60, 70-аад оны үед манай ерөнхий боловсролын сургалт ямар мундаг байсан юм бэ. Бараг л бүх шинжлэх ухааны анхны суурь мэдлэгийг жигд өгдөг. Бид ч ойр зуурыг чамлахааргүй олж авдаг. Зөвхөн түүх газар зүйн хичээлээр гэхэд дэлхий дахины түүх соёл, газар нутаг гээд ямар их мэдлэгийг бидний ой тойнд ёстой чихэж хадаж өгдөг байсан хэрэг. Энэ бол тэр үеийнхний бахархал. Гол нь бодлого зөв оновчтой, багш нарын мэдлэг чадвар, шавь нартаа ном сургах сэтгэл зүтгэл арвин байсных юм биз. Энэ мэтчилэнг эргэцүүлж явахад биднээс тэртээ дор цэлийж, заримдаа зах хязгааргүй нэлмийх их үүлсийн цаагуур орж, гарч яваа өргөн уудам нутгаар өмнө нь огт явж үзээгүй байтал нэг л танил, мэддэг газар нутаг шиг санагдаж байгаа нь түүх газар зүйн хичээлийн өглөг буян гэмээр...              

Улаанбаатараас Стамбул орох энэ удаагийн аяллын замд үүл ихтэй байсан учир цонхоор явж байгаа газар орныхоо байдлыг харах боломжгүй учир мөнөөх дэлгэцээ харж таамаглаж явлаа. Орос, Украины дайн гэхчилэн цаг үеийн байдлаас шалтгаалсан уу, ер нь тэгж явдаг юм уу. Манай онгоц Хангайн нуруу, Алтайн уулсыг өвөрлөж аялсаар Монгол Улсын хилийг давмагц нэлээд урдуур даялах шиг санагдсан. Гэхдээ Алтайн уулс, Тэнгэр уул, Иссык Кул нуур, Каракумын цөл, Каспин тэнгис, Кавказын нуруу, Бага Азийн хойгийн зүүн, зүүн хойд сэжүүр орчмоор аялж Хар далайн өмнөд эрэг хөвөө, Босфорын хоолойгоор чилийсэн есөн цаг цогиулсаар Стамбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Цаг агаарын байдлаас болж мөрөөдлийн уулсын мөнгөн тэргүүн Эльбрус уулаа хараахан үзэж амжаагүй. Буцахдаа харна. Хангай дэлхий, мөнх хөх тэнгэр ивээж ариун дагшин хайрхан мөнгөн тэргүүнээ надад харуулж, салхин сунтагнаасаа адис хүртээх биз ээ.

 

ЭЗЭНТ ГҮРНИЙ “ЭДЛЭН” ГАЗРЫГ ТЭЭСЭН ӨНӨӨГИЙН ТУРК

 

Турк орныг өнгөцхөн ч гэсэн үзэхийг мөрөөдөж явлаа. Учир нь гэвэл туркчуудын өвөг дээдэс болох Түрэгүүд нэгэн цагт Төв Азид бүр Монгол орны Алтай, Хангай уулсыг түшиглэн Орхон, Туулын саваар нүүдэллэн амьдарцгааж байсан гэдэгтэй холбоотой юм. Түүнийг түүхийн баримт, эх сурвалжууд хөдлөшгүй баталж нотолдог. Наад зах нь өнөөгийн Турк улсын нэр нь Түрэг гэдэг үг сунжирсаар бидний хэлж заншсан Турк болон хувирсан. Бид Турк гэж бичээд “Түүрк” гэж уншдаг. Энэ нь Түрэг гэдэг үгний балархай эгшиг “э” гээгдэж “г” үсэг чангаран дуудагдаж “к” болсон гэж нэгэн судлаач айлдсан байна билээ. Бас “Төв Азийн нүүдэлчид болох Түрэгүүд хэдий завандаа, яаж яваад ердийн хөсгөөр бол (Нийтийн тооллын Х зууны үед) хэдэн жил явж туулахаар алс хол орших Бага Азийн хойг (Аноталийн хойг. Биднийг дунд сургуульд байхад Бага Азийн хойг гэж заадаг сан) хэмээх Хар тэнгис, Газарын дундад тэнгисийн савслага үржил шимтэй баян тансаг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй сайхан нутагт очоод суучихваа” гэсэн бодол, сонирхлыг минь гижигддэг байх. Бага Азийн буюу Аноталийн хойг дээр нүүдэллэн ирсэн Түрэгийн нүүдэлчдийн халаа болох османчууд XIII зууны эхэн үеэс аажимдаа чангаран хүчирхэгжиж агуу эзэнт гүрний суурь болон бэхжсээр 1453 оноос Балканы хойг, Баруун буюу Бага Азийн хойг, Хойд Африкийг бүхэлд нь эзэмшсэн Османы эзэнт гүрнийг байгуулж бүр 1922 оныг хүртэл 700 шахам жил оршин тогтносоор ХХ зуунтай золгожээ. Османчууд шинэ зууны эхээр бас зүгээр суусангүй дэлхийн I дайнд оролцсон боловч ялагдаж, ялсан орнуудын эзэмшилд хуваагдан задрахын даваан дээр Мустафа Камел Ататурк улс орноо удирдан жолоодож хөрөнгөтний ардчилсан хувьсгал хийснээр 1923 онд Бүгд Найрамдах Турк улсыг байгуулсан түүхтэй юм байх. Гэвч би түүхч судлаач биш тул андуу ташаа ойлгосон байж мэднэ.

Хоёр менираттай гоёмсог сүм. Босфорын хоолойн баруун эрэг.

Турк бол уул нуруу, дов толгод, тэгш тал, ой шугуй, ус мөрөн, далай тэнгис холилдож найралсан бурханаас заяасан сайхан нутгийн цогц юм. Бага Азийн буюу Аноталийн хойгийг бараг бүхэлд нь хамарч Евро-Азийн торгон хилийн заагийг эзэгнэж яваа азтай буянтай энэ орны нутаг дэвсгэрийн 97 хувь нь Бага Азид, үлдсэн хувь нь Босфорын хоолойн баруун эрэг, хөгшин Европын жаахан хэсгийг эзэлж оршдог. Турк улс баруун дунд хэсгээрээ Хар тэнгис-Гантигийн (Мараморын) тэнгис хоёрыг холбосон Босфорын хоолой, жаахан урагшаад Гантигийн тэнгис-Эгийн тэнгисийг заагласан Дарданеллын хоолой гээд Газарын дундад тэнгистэй нийлдэг бараг бүх талаараа далайд гарцтай худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, геополитик стратегийн олон талын ач холбогдол бүхий өвөрмөц онцлогтой. Харин зүүн хойд, зүүн, зүүн урд талын багахан нутгаараа Гүрж, Армян, Иран, Ирак, Сири, Бага болон Дундад Азийн зарим оронтой хиллэдэг бололтой. Аливаа улс хэчнээн олон оронтой хиллэх тусам төдий чинээ ач тустай байдаг бол хөөрхий манай Монгол хаашаа ч илүү харах аргагүй хоёр аварга хөршийн дунд өнө мөнхөд “баригдсан” өрөөсгөл тавилантангууд. “Хөрш хөршөө сонгоддоггүй” гэдэг болохоор тэрхүү тавилантайгаа эвлэрч явахаас өөр яахсан билээ. Турк улс дэлхийн хамгийн том (G-20) 20 улсын нэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 12300 орчим ам.доллар. Цэрэг батлан хамгаалах хүчин чадал, чадварын хувьд бас айргийн тавд багтдаг гэж бичсэн байх юм. Энэ хэдхэн баримтаас Турк улс ямар зэрэг дэвтэй, хэр зиндааны орон болох нь харагдана. Далайн түвшнээс дээш 5137 метр өндөр Арарат уул тэнгэр баганадан дүнхийж байхад 3755 ам дөрвөлжин километр талбай бүхий Ван нуур цэлэлзэж байх жишээтэй. Арарат их уулсаас эх авсан үлгэр домгийн хоёр мөрөн болох Евферат, Тигр бас Мурат, Аракс, Мендес гол үржил шимтэй тэгш талаа ундаалан суналзана. Тэднийх 1911 онд 11 сая хүнтэй байсан бол эдүгээ 84 сая орчим хүн амтай. Дэлхийн том хотуудтай зиндаархаж дөрөө харшуулах Стамбул, Измир, Бурса, Адана, Анкара гэсэн эрт эдүүгээгийн том хоттой юм.

ИХ ГҮРНҮҮДИЙГ ДОРГИОСОН АЗИЙН НҮҮДЭЛЧДИЙН УЛБАА

Багш нарынхаа заасан хичээл, ном судрын хуудсыг эргүүлсээр өөрийн боломж савныхаа багтаамжаар ойлгож ухаарсан түүхийн бүдэг зам мөрөөр бэдэрч, өнөөгийн эрээн мярааныг харж ажиглах аваас туркүүдийн өвөг дээдэс болох Түрэгүүд Төв Азид айл гэр болон амьдран суудаг байжээ. Энэ нь нийтийн тооллын өмнөх II-I зуунаас эхтэй гэнэ. Чухамдаа агуу их Хүннү гүрний нэг бие даасан аймаг (Монгол Улсын түүх. Тэргүүн дэвтэр. 313-315 дахь талд. Улаанбаатар. 2003 он) байсныг тов тодорхой тэмдэглэжээ. Манай тооллын Y,YI зууны үед Европ дахинд эртний Грек, Ром гэсэн хүчирхэг орон цэцэглэн хөгжиж даян дэлхийд гайхуулж байжээ. Харин дорно дахины Төв Азид бүр 582-603 оны үед Орхоны хөндийд төвлөрсөн Дорнод Түрэг, Дундад Азид төвлөрсөн Баруун Түрэг гэсэн өнөөгийн монголчуудтай ойр төрх бүхий иргэдтэй нэгэн их улс бас цэцэглэн хөгжиж хүчирхэгжиж байсан тухай түүхийн сурвалжид бас тэмдэглэсэн байна. Тэр бол эртний Түрэг гүрэн. Түрэгүүдийн анхны хаан Буман гэж хүн байсан. Түүний хүү Коло Исичин 552 онд эцгийнхээ оронд хаан ширээнд суусан. Энэ үед Коло Исичинийн дүү Истеми өрнө зүгт аян дайн хийж бүр Баруун тэнгис (Арал нуур) хүрч явжээ. Түүнчлэн Түрэгийн хаад 620-630 онд Хятад руу удаа дараа довтолж дайн хийж байсан ч гэх шиг ёстой эх адаг нь үл мэдэгдэх үй олон үйл явдлын түүх улбаа толгой эргүүлэх юм. Энэ бүхнийг түүхийн эрдэмтэн судлаачид л учир начрыг олж нарийн тайлбарладаг байх.

Харин миний мэтийн бичээчид бол аян замын тэмдэглэлийн шигтгээ болгон дурдах төдий юм. Гэхдээ надад түүх унших, түүхийн баримтыг сонирхож үзэх сонин  байдаг. Олныг эс нуршин Төв Азийн хүчирхэг гүрэн болох түрэгүүдийн талаар товч боловч дурдахад Тагны уулс, Тарвагатайн нуруунаас Алтай, Хангайн уулсын орчим бүр Орхон Туулын саваар YII зууны төгсгөл YIII зууны эхээр нутаглаж ахуй цагтаа ихээхэн хөгжиж, мал аж ахуйн зэрэгцээ гар үйлдвэрлэл эрхэлж төмөр металл боловсруулан ашигладаг. Бүр бичиг үсэгтэй. Өөрсдийгөө чононоос гаралтай гэцгээдэг. Бөө мөргөлтэй, зүүн зүгийг эрхэмлэдэг, тэнгэр газартаа тахил өргөдөг, Отгонтэнгэр уул болон гал тахиж шүтдэг, бусад нүүдэлчийн нэгэн адил эсгий гэрт амьдардаг. Рашаан усыг эмчилгээнд хэрэглэдэг байсан тухай мөн эх сурвалжуудад тэмдэглэжээ. Түрэг гүрний хөгжин цэцэглэж, хүчирхэгжиж асан тэр бахархалтай бас догшин ширүүн он жилүүдийг түүхчид судалж нотлохын зэрэгцээ Орхоны Хөшөө цайдамд сүндэрлэх Куль-Тагин, Билгэ гэх ах дүү хоёрын хөшөө, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Налайх орчимд орших Түрэгийн гурван хааны зөвлөх, шадар түшмэл, мэргэн сайд Тоньюкукийн хөшөө, Архангайн Ихтамир сумын нутагт байгаа Буган хөшөө гэсэн олон баримт, түүхийн гэрч дурсгалууд баталдаг. Түрэгийн хүчирхэг улс YIII зууны үе 750 оны орчимд оршин тогтнож байсан ч харьцангуй богино насалсан бололтой.

 Төв Азид ноёрхож байсан Түрэг улсыг уйгарууд VIII-IX зууны үед эзлэн авснаар Түрэг улс сарнин мөхсөн гэдэг. Гэхдээ уйгарууд бол Түрэг угсаатан Алтай хэлний бүлгийн нөхдүүд байжээ. Тийнхүү Уйгарын дайралтад өртсөн түрэгүүд сарнин бутрахдаа, Баруун Азид ноёлж байсан нүүдэлчид болох Түрэгийн Селжукүүд ХI зууны үед нүүдэллэн дайтсаар Аноталийн хойг буюу одоогийн Туркийн нутгийг эзлэн авч нутагшсан нь өнөөгийн туркуудын өвөг дээдэс юм болов уу. Тэднийг бас Төв Азийн нүүдэлчдийн удам хойч болох Огуз түрэгүүд гэцгээдэг юм гэнэ. Түрэгүүдийг Бага Азийн хойг дээр нүүллэн ирэхээс өмнө өнөөгийн Туркийн газар нутгийг эртний Баруун Европын Грек, Ром мөн Ойрхи Дорнодын Перс орон олон зууны турш булаалдан эзэгнэж байжээ. Тэднээс хамгийн хүчирхэг, олон жил оршин суусан нь Византийн эзэнт гүрэн аж. Харин Түрэгийн угсааны Селжукууд, Визант гүрнийг 1071 оны наймдугаар сарын 26-нд ялж мөхөөсөн бол нөгөө Түрэгийн угсааны Селжукуудыг 1243 оны зургадугаар сарын 26-нд, Чингис хааны ач хүү Хүлэгү хаан ялж мөхөөснөөр 1370 он хүртэл Их Монголын Ил хаант гүрнийг (Бага хаад) захирч байжээ. Ил хаадын улс нь тухайн үедээ Иран, Ирак, Армен, Турк, Гүрж, Баруун Пакистаны нутгийг хамарсан өргөн уудам нутагтай улс байсан гэнэ. Тэд аажимдаа суларсаар 1453 онд османчуудад ялагджээ. Тийнхүү их Чингисийн удам угсааг түлхэн унагаж Константинополь хотыг эзлэн авсан османчууд хүчирхэгжин мандаж Балканы хойг, Баруун буюу Бага Азийн хойг, Хойд Африкийг бүхэлд нь эзэмшсэн Османы эзэнт гүрнийг (XYI зуунд Суллимен хааны хаанчлалын үед ихэд хүчирхэгжсэн) байгуулж бараг ХХ зууны эхэн хүртэл оршин тогтнож байсныг дээр дурдсан бий. Тэгэхээр хамгийн гол нь “Нөгөө Аноталийн хойг дээр нүүдэллэн ирж агуу их Византийг доройтуулан мөхөөсөн Төв Азийн нүүдэлчин түрэгүүд чинь хөгжин бэхжсээр Османы эзэнт гүрний үндэс суурь болсон юм байна шүү” гэхэд нэг их хилсдэхгүй бололтой. Оносон оноогүйг мэргэн уншигчид дэнслэх биз.

ДОМОГ ТҮҮХТ, СҮРЛЭГ ИХЭМСЭГ СТАМБУЛ

Дээр дурдсан Хар тэнгис-Гантигийн тэнгис хоёрыг холбосон Босфорын хоолойн яг багалзуурт Стамбул хот оршдог. Стамбул нь харж ажиглах, үзэх сонирхох юм ихтэй, гайхамшигтай хот. Бүгдийг тогтвортой нухацтай үзэж тунгаана гэхээр цаг нарны хязгаартай явуулын бид яахсан билээ. Гэхдээ нэгд нэн эртний түүхт өвгөн хот Стамбул, хоёрт өнөө цагийн өндөр хөгжилтэй, улам өргөжин тэлж буй аварга том Стамбул хэмээн зааглан бодоход бас сонин санагдсан. Стамбул хот балар эртний гурван том гүрэн, тэдгээрийн эзэн хаадын үе үеийг дамжсан нийслэл хот байснаараа содон юм. Манай тооллын өмнөх 660 оны (Зарим эх сурвалжид МЭӨ 667 онд үүссэн гэжээ) үеийн жижиг суурингуудаас улбаатай Стамбул (Туркууд Истанбул гэж бичдэг) хэмээх энэ өвгөн буурал хот “Ёстой л тушаалтай дэвшиж, тушаатай дэгж...” хорвоогийн сайн мууг үзэхээрээ нэг үзсэн нь түүний үрчлээт хүрэн царайнаас тод харагдана. Чухамдаа өнөөгийн туркчуудын нутаг орон  МЭӨ 74 онд Ромын мэдэлд очиж байсан удаа бий. Харин нийтийн тооллын III зууны үед Ромын эзэнт гүрэн хүчирхэгжиж, эзэн хаан Константин Түрэгийн Стамбул хотыг эзлэн авч Византын (Грекчүүд Византыг байгуулсан) эзэнт гүрний нийслэлээр зарлаж Стамбул гэдэг нэрийг халж Константинополь (284-337 оны үед) хэмээн нэрлэсэн гэдэг. Дараа нь 395-1204 болон 1261-1453 онд Грек, Ромын нийслэл болж байсан удаатай юм байх. Түрэгийн арми 1453 онд Константинополь хотыг эзлэхэд Османы эзэнт гүрний (Туркийн) нийслэл болж 1922 онтой золгосон. Харин 1922-1930 онд Бүгд Найрамдах Турк улсын нийслэл байсан. Нийслэл хотын статус эрхээ 1930 онд Анкара хотод алдсан хэдий ч эдүгээ Ази-Европын алтан заадалд заларсан дэлхийд дээгүүр эрэмбэтэй том хот хэвээрээ байгаа аж.

Румели Хисарын цайз. Султан Мехмед хаан 1453 оны үед бариулсан.

Стамбул хотын эртний түүхийн зарим баримтаас ганц нэгийг дурдвал очсон хүн бүр үзэж бахархдаг, хэн бүхний мэддэг Султан Ахмедийн (XYII зууны 1609-1616 онд баригдсан. Зургаан цамхаг буюу минареттай. Ийм олон минареттай сүм нэг их  харагдаагүй. Голдуу 1-4 байх шиг санагдсан) ордон хэмээх алдарт “Цэнхэр” сүм. Мөн Султан Ахмедийн талбай, Айя Софиягийн (Энэ сүмийг 537 онд Юстиниан хааны (527-565 онд төр барьсан) зарлигаар бариулсан христийн анхны сүм юм. Султан Ахмед Константинополь хотыг 1453 онд эзэлж аваад Айя София сүмд дөрвөн минарет нэмж бариулан лалын сүм болгожээ. Харин 1935 онд музей болсон) сүм зэрэг олон гайхамшгийг үзэхгүй байх аваас алдас болно. Далайн аяллаар Босфорын хоолой, Румели Хисарын цайзыг зайнаас харсан гээд тоймтой хэдэн газрыг үзлээ. Энэчлэн үзэх зүйлээ хэрээрээ үзэж, зөвшөөрсөн орчны гэрэл зургийг татаж явав. Мөн Визант гүрний бэлгэдэл, агуу байдлын гэрч болон сүндэрлэж үлдсэн Константинополь хана (Хотын туурь, хэрмийн үлдэгдэл. 30 шахам километр урт том байгууламж) жуулчдын анхаарлыг ихэд татна. Энэ хэрмийг Мехмед хаан 1453 онд эвдлэн сүйтгэж эхэлсэн ч төдхөн сэргээн засуулжээ. Константинополь ханыг ХIХ-ХХ зууны үед туркчууд “Хэрэггүй зүйл” гэж дахин нурааж эхэлснээ бас больж харин ч боломжтойг нь сэргээн засаж эхэлснийг ЮНЕСКО 1980 онд бүртгэж хамгаалалтдаа авсан гэнэ. Энэ хана хэрмийг манай тооллын Y зууны эхээр Теодосиус II хааны зарилгаар (408-413 онд тавхан жилд) бариулсан аж. Түүнээс хойш олон удаагийн газар хөдлөлтөд өртсөн ч нуралгүй 300 гаруй жил амар жимэр байсан гэдэг. Харин 747 оны газар хөдлөлтөөр хэсэгчлэн бага зэрэг нурсныг тэр дор нь сэргээн засаж, нэмэлт бэхжүүлэлт хийжээ. Сонирхолтой нь хожим зориудаар нураагаад дахин сэргээн зассан хэсэг нь сүүлийн үеийн газар хөдлөлтөд амархан нурж байгаа бол эртний хэсэг нь газрын барагтай хөдлөлтийг тоодоггүй гэнэ. Энэ нь Византын үеийн барилгын инженер, барилгачдын чадвар эрдмийг одоо хэр харуулж байгаа хэрэг. Стамбул хотыг Византын нийслэл Константинополь гэж байх үед олон цогцолборыг нэмж барьсан боловч Османы эзэнт гүрний түрэмгийллийн үеэр сүйрсэн байна.

Мармарын тэнгисийн эрэг орчим. II Теодосиусын хэрэм ба өнөөгийн шилэн цамхагийн хослол.

Бас Босфорын хоолойн зүүн эргийн дагуу барьсан Румели Хисарын цайз гэж том байгууламж байна. Үүнийг 1453 оны үед Султан Мехмед Фатих хааны зарилгаар Константинополь хотын нэмэлт бэхлэлт, Хар тэнгисээс тусгаарласан хамгаалалтын зориулалтаар бариулжээ. Цайзыг 1000 инженер 2000 гаруй барилгачин 4.5 сар буюу 136 хоногт барьсан түүхтэй. Гэтэл энэ хэмжээний нүсэр том байгууламжийг богино хугацаанд барьснаар дээд амжилт болж түүхэнд үлджээ. Хэдийгээр олон хүн ажилласан, мөн хааны хатуу чанга зарлигтай ч ийм нүсэр байгууламжийг ийм хугацаанд арай бариагүй болов уу хэмээн бодож явлаа. Энэ байгууламжийн хана саад нь гурван давхар, долоон метр зузаан ханатай. Мөн гурван том цамхаг, хоёр дахь эгнээний ханыг холбосон 13 жижиг цамхагтай гэнэ. Бас ханын гадуур гүнзгий шуудуу бүхий усан хамгаалалт, бас дотроо аварга том усан сантай байжээ. Хөлгүй их ус бас сайн хэрэм хамгаалалт болдог аж. Румели Хисарын цайз XYII зууны үед ач холбогдлоо алдаж шорон болжээ. Тэр үед түүнийг “Мартах цайз” хэмээн нэрлэж байжээ. Энэ нь хоригдлуудыг тэнд хориод мартдаг гэсэн үг байж мэднэ. Гэвч ХХ зууны 50-аад оноос сэргээн засварлаж музей болгожээ. Стамбул хотын төв зах “Гранд базар” 1457 онд байгуулагдсан дэлхийн анхны том захуудын нэг гэнэ. Стамбул хотод зургаан минареттэй (Миний ойлголтоор цамхаг гэмээр өндөр гоёмсог багана. Доторх шатаар нь дээшээ гарч сүсэгтэн олныг хурал мөргөлдөө залан дуудах өндөрлөг) алдар суут Султан Ахмедийн сүмээс эхлээд ганц минареттэй жирийн нэг жижигхэн сүм гээд бараг алхам тутамд, лалын ямар нэг сүм таарна. Өглөө бүр тодорхой цагт мөргөл болдог. Миний анзаарснаар өглөөний 05:00 цагийн үед сүсэгтэн олноо залбиралд дуудаж буй молла нарын уянгалаг дуу хангинана. Бидний байрласан Хилтон (DoubleTree by Hulton) хэмээх буудлын ойролцоо лалын цөөнгүй сүм байв.

БОСФОРЫН ХООЛОЙ

Босфорын хоолой нь Туркийн нутаг дундуур хөндлөн гардаг Хар тэнгис, Гантиг тэнгис хоёрыг холбосон байгалийн усан суваг юм. Судлаач эрдэмтэд энэ хоолойг 10-аад мянган (МЭӨ 5600 оны үед) жилийн өмнө их мөстлөгөөр үүссэн гэж үздэг гэнэ. Босфор нь эртний Грекээр “Үхрийн гарам. Үхэр. Амбан шар. Замын гарам” гэсэн үгнээс улбаатай, Туркээр “Багалзуур”, “Хар тэнгисийн багалзуур” гэж тайлбарлажээ. Босфорын хоолойн урт 30 километр, өргөн нь 700-2500 метр, ойролцоогоор 34-124 метр гүн. Босфорын хоолойгоор 1930 онд 3000, 2021 онд далайн 45000 гаруй хөлөг онгоц нэвтрэн гарч байгаа бол 2050 он гэхэд 78000-д хүргэх юм байх. Хоолойн зүүн баруун эргийг холбосон хэд хэдэн гүүр байна. Босфорын (Сүүлийн үед “YII сарын 15-ны гэрч гүүр гэдэг болжээ. Энэ нь Төрийн эргэлт хийхийг оролдсон үймээнд амь үрэгсдийн дурсгалыг хүндэтгэхэд зориулсан нэр юм байх) гүүр 1973 онд ашиглалтад орсон 1560 метр урт, 33 метр өргөн, усны түвшингээс дээш хамгийн өндөр цэг нь 165 метр. Бас “Фитах Султан Мехмед” хэмээх 1510 метр урт гүүрийг 1988 онд ашиглалтад оруулжээ. Гүүрийг Султан Мехмед хааны Константинополь хотыг эзлэн авсны 535 жилийн ойд зориулан барьжээ. Энэ гүүрний зүүн үзүүрт мод, хадтай өндөр хясаа бүхий эрэг орчимд алдарт Румели-Хисарын цайз байгаа нь гүүр цайз хоёрын дүр төрх өгүүлэмжийг улам ихэмсэг сүртэй болгосон харагдана. Түүнчлэн ерөнхийлөгч Эрдоган биечлэн оролцож нээлтийг хийсэн Босфорын хоолойн дагуу, ойролцоо газарт  шинэ суваг татах ажил ид өрнөжээ. Энэ нь Босфорын хоолойн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой аж. Сувгийн дээгүүр тавих гүүрний урт 1618 метр урт, багана нь хамгийн өндөр цэгтээ 196 метр юм байх. Энэчлэн Босфорын хоолойн эрт эдүгээ мөн бүтээн байгуулалт, түүх, соёлын дурсгал гэдэг үнэхээр арвин юм.         

БАЯН ТАНСАГ, ХЭЭНЦЭР ГАНГАН СТАМБУЛ

Өнөөгийн Стамбул хотын өнгө байдлыг ажиглаж явахад Босфорын хоолойн хоёр талаар ярайж сүндэрлэх уран барилгууд нь Өрнө Дорнын соёл, үндэсний хэв шинжийг шингээсэн эртний өвөрмөц барилга архитектур бүхий хэрэм хамгаалалт, сүм балгас, өнөө цагийн тэнгэр баганадсан өндөр орд харш, ганган тансаг барилгууд, төрөл бүрийн олон давхар замын сүлжээ, тэдгээрийн сонгодог хийц загвар холилдон сүлэлдэж байгалийн унаган төрх, үзэсгэлэнт дүр төрхтэй дүйж зохицсон нь үнэхээр гайхаад баршгүй юм. Ялангуяа, хотын төвөөс Стамбулын олон улсын нисэх буудлыг хүрэх замын дагуух шинэ маягийн хорооллын уран барилга өнгө үзэмж, замын сүлжээ тэргүүтэн нь бас л нэг гайхамшиг.

Стамбул хот Босфорын хоолойн хоёр эрэг түүнчлэн жаахан урагшлаад Хар тэнгис, Эгийн тэнгис дундын хойгт байрлах “Алтан эвэр” хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий сайхан нутгийг хамран байрладаг 14 сая хүн амтай, хэрнээ жилд 15 сая жуулчин хүлээж авдаг дэлхийн том боомт юм. Стамбул хотод үзэж нүд тайлан бишрэхээр өдий төдий гайхамшиг байгаа ч нэг л газрыг онцлон тэмдэглэмээр санагдлаа. Манайхан энэ хотыг сайн мэднэ. Гэвч өвгөн сэтгүүлч миний бодлоор энэхэн замбуулинд гайхаж бичээд баршгүй гайхамшиг гэж бас байна. Тэр бол Стамбулын олон улсын нисэх онгоцны шинэ буудал. “Муу нохойн гүйдэл хол” гэгчээр би Москвагийн “Внуков”, “Шереметьево-2”, Парисын “Шарль де Голл”, Бээжингийн “Капитал”, Японы “Нарита”, Америкийн “Токома”, Өмнөд Солонгосын “Инчон” гээд дэлхийн хэдэн гайгүй нисэх буудалд бууж нисэж энэ тэрийг сонирхон тэнэж явжээ. Гэтэл Туркийн Стамбулын олон улсын нисэх онгоцны буудал арай л анги юм. Энэ буудал 2018 оны аравдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн. Нислэгийн зургаан зурвасны дундаж урт 3750-4100 метр, зорчигчид нэгэн зэрэг бууж мордох олон хүзүүвчтэй, дөрвөн терминалтай. Одоогийн байдлаар жилд 100 гаруй сая хүнд, харин  2028 оноос төслийн хүчин чадлаа бүрэн ашиглаж эхлэхээрээ жилд 200 сая хүнд үйлчилнэ гэж байгаа. Манайхны хэлж заншаснаар татваргүй барааны (Duty Free) худалдаа, бусад үйлчилгээний заал танхим нь 6000 гаруй ам метр талбайтай юм байх. Өөр нэг онцлог гэвэл манай эрэн үеийн барилга архитектурын сонгодог үлгэр загвар, бас л нэг гайхамшиг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дэлхийн хамгийн томд орох энэ буудлын барилгын хэдэн мянган ам метр талбай бүхий адар таазны өдий төдий гэгээвч цонхыг хаанаас нь яаж ч харсан Туркийн төрийн далбааны онцлогийг шингээсэн тал сар харагдаж байхаар хийсэн нь бас нэгийг хэлэх шиг. Аливаа юмны ая донж, өгүүлэмжийн голыг  олно гэдэг энэ. Өөр нэг баримт гэвэл Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” (Turkish Airlines) компани 4000 гаруй нисгэгчтэй, 8000 гаруй үйлчилгээний ажиллагсадтай, 123 орны 250 орчим чиглэлд нислэг үйлддэгээс зөвхөн АНУ-ын есөн хот руу шууд нислэг хийдэг байна. Туркийн иргэний агаарын тээвэр, Стамбулын олон улсын нийсэх онгоцны буудал хэмээх их айлын хүрээ хэмжээг хэдхэн үгээр тоймлоход ийм буюу. Таван тивийн иргэний агаарын тээврийн нэгэн төв цэг болдог нь Стамбулын олон улсын нисэх онгоцны буудлын өөр нэг онцлог. Эндээс Америк, Латин Америк, Төв болон Зүүн Өмнөд Ази, Австрали, Арабын хойг Булангийн орнууд, Африк, баруун Европ гээд хаашаа ч нисэх боломжтой дэлхийн бараг ганцхан төв цэг юм байх.

“Хар далай дээгүүр”. 10668 метрийн өндрөөс.

 

ЭНЭРЛИЙН ӨРГӨӨ БА МӨНГӨНИЙ “МАШИН”

Турк улсад анагаах ухаан өндөр хөгжсөн. Тэдний эмч нар, эмчилгээ нь сайн гэдэг яриа сүүлийн үед газар авч байгаа. Тэр газар очсоных эмчид үзүүлж, хэрэгтэй бол шинжилгээ өгье. Шаардлага гарвал эмчлүүлье гэсэн төлөвлөгөө бидний аяллын хөтөлбөрт байв. Тэгээд Стамбул хотын Коч их сургуулийн эмнэлгийн эмч нарт үзүүлж зарим шинжилгээ өгч бас жаахан эмчилгээ хийлгэв. Юуны өмнө доктор, профессор Эрол Тулумен гэж сайхан залуутай танилцлаа.

Дөнгөж 40 гарч яваа тэр залуу нутагтаа Анагаах ухааны их сургууль төгсөж, эрдмийн зэрэг цол хамгаалж, дараа нь Германд мэргэжил дээшлүүлсэн. Мөн тэндээ 10-аад жил ажиллаж 5000 гаруй хүнд зүрхний нарийн мэс засал хийсэн гэнэ. Эрдэмтэй, туршлагатай Эрол Тулумен англи герман хэлийг төгс эзэмшсэн. Бас оросоор бага зэрэг ярьдаг, аядуу даруухан залуу юм.

Харин Коч их сургуулийн эмнэлэг нь тийм ийм гэж төсөөлөн хэлэхэд төвөгтэй гэмээр аварга том айл. Үзүүлдэг, эмчлүүлдэг үйлчлүүлэгчид олон. Харин түүнд үүртэж түүртэж мунгинах, хэл яриа гаргах, бухимдах зүйл байхгүй. Эмнэлгийн хувцастай хүмүүс, хэн нэгнийг дагуулан хөтөлж дээгүүр доогуур, ар өврөөр гүйхгүй. Бүх үйл ажиллагаа нь тогтсон нарийн дэг журмаар явдаг. Хөл хөдөлгөөн ихтэй боловч олон хүн нэг дор бөөгнөрч, урт дараалал үүсэх нь тун ховор. Гадаадын хүмүүст үйлчилдэг тусгай захиргаа бүхий бие даасан албатай. Тэнд оросууд, хуучин Зөвлөлтийн дундад Азийн Бүгд Найрамдах улсын иргэд голлож үйлчлүүлдэг байна. Мөн Ойрхи Дорнодынхон түүгээрч барахгүй Африкийнхан мэр сэр үзэгдэнэ билээ. Үйлчилгээний цагаа хүлээж хэдхэн минут суух хооронд турк үндэсний өтгөн хар цай, кофе, чихэр тэргүүтнийг зай завсаргүй зөөнө. Хамгийн гол нь эмч, сувилагч бусад ажилтны зан харилцаа, боловсон үйлчилгээ, хариуцлага гэвэл гайхмаар. Дэгсхэн хэлэхэд барагтай зарим өвчин, эмч үйлчлэгч нарын зан харьцаа, эмчилгээ үйлчилгээний соёл, дотоод зохион байгуулалт, цэвэр цэмцгэр байдал, элдэв тавилга засал, янз бүрийн гэрэлтүүлэг, таримал цэцэг ногоо, цай кофеноос авсан сэтгэл ханамжаар бараг эдгэчихмээр.

Ийм газар, ингэж үйлчилж байхад хэдэн төгрөг өгөхөд ч яахав гэсэн бодол төрж байсныг нуугаад яахав. Нэмж хэлэх нэг онцлог бол тус эмнэлгийн хаалгаар бараг шагайхад л мөнгөний машин жинхэнэ утгаараа ажиллана. Эмчид хөнгөхөн үзүүлж ярилцахад 100, зүрхний ердийн бичлэг хийлгэхэд 153, цусны ерөнхий шинжилгээ 110, цусны бүлэг тогттоолгоход 53, уушгины томографийн тодосгогчгүй шинжилгээ 564, хайрцаг дотроо 30 ширхэгтэй ойрын хэрэгцээний эм 72 ам.доллар гэж уншиж өгнө. Хэрвээ хэвтэж эмчлүүлбэл хоногийн 400 гаруй ам.доллар байх юм. Гадаадын хүмүүстэй Туркийн лийрээр тооцоо хийдэггүй, зөвхөн ам.доллар авна. Харин мөнгөний хариултыг өгөхдөө тун дургүй. Ер нь 100-гийн дотор долларыг хариулж өгөхгүй санаатай. Нэг шалтгаан хэлж цааргална. “Та маргааш үзүүлнэ биз дээ. Түүний төлбөрт оруулаад тооцъё” гэнэ. Бүр ядахаараа “Манайд одоохондоо бэлэн мөнгө алга, гурван цаг хүлээнэ үү” гэх мэтээр аяглана. Бас сонин шүү.

МАНАЙ “ГАХАЙЧИД” ГАЙХАЛ ДАГУУЛСААР...

Хачирхалтай гэмээр нэгэн тохиолдлыг товч боловч дурдмаар санагдлаа. Буцах нислэг маань бидний ажил аяллын байдлаас шалтгаалж бага зэрэг хойшилж, азтай гэмээр тохиолдлоор Монголынхоо онгоцоор буцах болов. Энэ нь манай Иргэний агаарын тээврийн компанийн онгоц Улаанбаатар-Стамбулын хооронд 2022 онд хийх шууд нислэгийн анхны нислэгтэй таарсных. Тэгээд бид “Азтай тохиолдол” гэцгээв. Гэтэл манай нутаг нэгтнүүд “гахай” чирэгчид Стамбулын олон улсын нисэх буудлынхныг цочоон гайхшруулсан балмаддуухан содон үзэгдэл болов. Үнэндээ гайхмаар харамсмаар байв.

Ерээд оны эхэн үеийн Москв-Улаанбаатар-Бээжингийн галт тэргэнд болж байсан бүдүүлэг танхай явдал яг тэр өнгөөрөө давтагдаж, улс орныхоо нэр төрийг сүрхий гутааж байх шиг санагдсан. Хүн бүр хэдэн чемодан, бас төдий чинээ “гахай” (Элдэв бараа материал чихсэн уут шуудай маягийн зүйл. Энэ бол ерээд оны үеийн ганзагачдын өөрсдийнх өгсөн нэр) чирсээр хөлс гоожуулан дайрч, бас эвгүй яриа гаргаж, чихэнд чийртэй орь дуу болон чихэлдэж эхлэв. Тэдний ийм болчимгүй зэрлэгдүү байдлаас болж онгоцны нислэг хоёр цагаар хоцорсон. Байгаа байдлын талаар 1-2 хүнээс гайхан асууж яриа өдөхөд “Та тэр төр, засгаасаа асуу. Өнөөгийн төр, засаг биднийг ийм л байдалд хүргэлээ. Бид тэгээд яаж амьдрах болж байна” хэмээн уурсан өгүүлээд хөлс нэвтэрсэн цамцаа сэвж, нүүр толгойгоо шудран арчиж байв. Ихэнх зорчигч суудлаа эзлээд нисэхийг хүлээж суутал, онгоцны үйлчлэгч эмэгтэй дотоод чанга яригчаар “Уучлаарай хүндэт зорчигчид оо! Манай нислэг хойшилж байна. Одоо 47 зорчигчийн ачаа тээшинд асуудал гараад хяналт шалгалтын газар байна” гэж ярьснаас хойш дахин нэг цаг гаруй хугацаа өнгөрсний дараа нэг юм нислээ.          

ЭЛЬБРУСЫН САЛХИН СУНТАГНААС АДИС АВЧ ТАЙВШРАВ

Гахай чирсэн элэг нэгтнүүдийнхээ балгаар онгоцонд, нисэхийг хүлээж хөдөлгөөнгүй удаан сууж чилж хөшиж ядарсан ч нислэгийн багийн сайхан ааштай залуучуудтай цөөн үг сольж жаахан сэргэв. Хүмүүс “Чихнүү чимэг болсон аялгуут сайхан монгол хэл”-ээр ярилцах нь сайхан сонсогдов. Харь нутагт цөөхөн хоноход  монгол нутгаа, нөгөө замбараа муутай, зохион байгуулалт тааруухан монголчуудаа ямар их санадгийн наад захын жишээ энэ. Тэгж ингэсээр Монголын иргэний агаарын тээврийн “Боинг”-767 хэмээх аварга хөлгийн “ОМ.162” дугаарын (2022.04.06-ны 14:10 цагт нисэх хуваарьтай) нислэг ингэж эхлэв. Биднийг Хар тэнгис өнгөрч, Каспин тэнгис хүрэхийн өмнөхөн барагцаалбал Их Кавказын нурууны өврөөр нисэх замын дунд хэрд манай онгоц битүү бараан үүл манан дунд оров. Үүл манангаас төдөлгүй мултрахад нэг жижигхэн онгоц бидний хажуугаар маш хурдтай хөх улаан гэрэл юм уу, гал улалзуулсаар зөрөв. Тэр надад сөнөөгч онгоц шиг санагдсан. Тэр агшинд Орос Украины дайн, хэдэн жилийн өмнө Украинд иргэний агаарын тээврийн онгоцыг пуужингаар харваж унагасан. Одоо хүртэл “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь...” тодорхойгүй хэл ам, хэрүүл маргаан дагуулсаар байгаа нь бодогдож жаахан  хямрав.

Зөрсөн жижиг онгоцыг манай нисэгчид харж мэдэж байсан биз. Тэр үед  захын суудалд суучихсан цонхоор ганц нэг зураг дарчих санаатай явсан миний бие тухайн онгоцыг сайн харж, хүүдээ “Энэ онгоцыг хар даа. Ямар аймаар ойрхон зөрж байна. Яасан хурдан золиг вэ” гэвэл хүү маань “Хоёр хурдан хөлөг зөрж байгаа болоод л нүд ирмэхийн зуур гялсхийн өнгөрч байгаа байх” гэсхийгээд өнгөрөв. Харамсалтай нь тэр үед би айсандаа болоод аппаратныхаа товчлуурыг дарж чадаагүй. Аппаратны товчлуур дарах ч завдал өгөлгүй үүл рүү орж алга болсон. Онгоц маань төдхөн нөгөө өтгөн бараан үүлнээс жаахан холдлоо. Тэгтэл тэртээ хойно, тэнгэрийн хязгаарт, хөвөн зулж дэвссэн мэт тунарч цэлийсэн цагаан үүлс, манан дундаас Их Кавказын нурууны ноён оргил үлгэр домгийн Эльбрус (Далайн мандлаас 5642 метр өндөр) хайрхан Египетийн пирамид лугаа сүндэрлэн харагдах нь тэр. Би өөрийн эрхгүй “Ээ, хайрхан минь баян хангай минь” хэмээн дуу алдаж их хайрханы ариун дагшин салхин сунтагнаас адис авч сэтгэл сайхан болж тайвширсан. Ээ дээ, газар газрын баян хангай, мөнх хөх тэнгэрт залбирч заяа буянаа даатгаж явах шиг сайхан буянтай үйл байдаг болов уу. Ингэж л хүсэл мөрөөдлийн мөнгөн цагаан уулыг анх дуулж сонссоноос хойш Эльбрусыг 65 жилийн дараа 10868 метрийн өндрөөс харж сүсэглэн залбирч салхин сунтагнаас адис хүртсэн минь тэр. Дөрөвдүгээр сарын 7-ны өглөөний 03:00 цагийн үед Богд Хан уулынхаа өвөрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалдаа буулаа. Мөнх хөх тэнгэр минь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)

Huchit ovogt Chimedlkham
huuh uneheer goy urt temdeglel hiijee bi uuruu ter tsaiz d n ochij uzej baisan zugeer sonirhogch maygaar uzeed ungurchee uneheer dahij ochij sudalj uzmeer sanagdtal bichjee amjilt!!!
Сайхан нийтлэл болсон байна очиж үзмээр сэнэгдлаа лайк 😃😃
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 14 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 27 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

12 цаг 54 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 51 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 25 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 29 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 29 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 29 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 29 мин