П.Амгаланбаяр
"VIP AUTO MOTO FESTIVAL"-ийн сонирхолтой үзүүлбэрүүд дөрөвдүгээр 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд авто худалдааны цогцолбороос үзэгчдэд хүрсэн. Уг арга хэмжээний талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус наадам нь 10 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд шууд дамжуулалтыг олон улсын стандартын дагуу үзэгчдэд хүргэхэд үүрэн телефоны Скайтел компани, Скаймедиа корпораци хамтарч ажиллажээ. Мөн НЗДТГ, БОАЖЯ, НОБГ түүний харьяа Сонгинохайрхан дүүргийн аврах алба гэсэн байгууллагууд хамтарсан байна. Уг үйл ажиллагааны хүрээнд 22-ын худалдааны төв цогцолбортой 2016 оноос хойш хамтарч ажиллажээ.
Уг наадам нь олон улсад хөгжсөн бөгөөд Манай улсын хувьд анх 2018 онд бусад улсын тамирчдыг урьж оруулцуулжээ. Анх БНХАУ болон ОХУ-ын тамирчид ирж наадамд оролцож байсан. Харин энэ жил дрифтийн үүслийн нутаг Япон улсын тамирчин иржээ.
"VIP AUTO MOTO FESTIVAL"-ийн хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, 70 орчим хүүхдийн зүрхний хагалгааны сугалаат аяныг зарласан байна. Мөн Эрдэнэт хотод амьдардаг “Зүрх мартахгүй” төсөлд хамрагдах боломжгүй зүрхний дөрвөлсөн гажигтай хүүхдийн хагалгааны зардлыг олох хандивын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тус наадмын хүрээнд “Би ирээдүйн тамирчин” гар зургийн уралдааныг орон даяар зарлаж, ирсэн бүтээлүүдээс шүүгчийн шатны шалгаруулалтад 100 гаруй нь шалгарчээ.
Эх сурвалж: Polit.mn