Д.ЦЭРЭННАДМИД
“Улсын гэрэл зургийн газар” гэдэг байгууллагатай байх үед тэндхийн гэрэл зурагчид гэж хараад байм тийм нөхөд байдаг байв даа. Хараад баймаар гэдэг нь гэрэл зурагчин хүн цөөн байсан болоод тэр юмсан уу. Нэг том том фото аппараттай чамин “амьтад” явах.
Тэдний нэг нь “Маркны” гэж нэрлэгддэг Я.Нармандах юм. Түүнтэй саяхан уулзлаа. Ярианаас нь гэрэл зурагчин байхын сайхан тал зовлон зүдгүүрийн тухай бас марк гэдэг үнэ цэнэтэй зүйлийн мөн чанар гээд багагүй сонин хачин сонсов доо.
-Яриагаа МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн сурвалжлагч болсон үеэс чинь эхлэх үү дээ?
-Ер нь бол би бүр арван жилийн сургуульд байхаасаа гэрэл зураг сонирхсон доо. Тэгээд аравдугаар ангиа дүүргээд л фотогийн курсээр жинхэнэ гэрэл зурагчин болсон. Энэ бол сонин биш.
Харин 1970-аад оны эхээр МОНЦАМЭ-д гэрэл зургийн сурвалжлагч болоод элдэв сонин учралтай нүүр тулж байсан нь хэн нэгэнд сургамжтай санагдаж магадгүй л юм. Томоохон үйл явдалд оролцоно. Гадаадын зочдын зураг авна. Тэр дотроос сайд дарга нарын зураг авах үед сандрах үе тохиолдоно.
Ю.Цэдэнбал даргын зургийг бас олон удаа авсан даа.
-Сандрах тохиолдол их гарч байсан уу?
-Гаралгүй яахав. Би чинь бараг хүүхэд дээ. Хамгийн анх даргыг албан өрөөнд нь зургийг авахаар очлоо. Хүлээж байтал дарга орж ирээд
-За хүү хэн билээ гэдэг юм. Би дуугарч чадахгүй удаж удаж “Нармандах” гэж цөхөн ядан хэлсэн. Айгаад л тэр л дээ. Харин түүнээс хойш Ю.Цэдэнбал дарга тааралдах болгондоо “За Нармандах сайн уу” гэх. Үнэхээр ой сайтай хүн байсан санагддаг. Тэр олон хүнтэй өдөр бүр уулзаж учирч явдаг хэрнээ мань мэтийн нэрийг тогтоочихсон байдаг нь.
За тэгээд том даргын зураг авахад бас түвэгтэй юм их ээ.
-Түвэгтэй гэнэ ээ?
-Тиймээ. Шуудхан хэлэхэд зовлонтой болоод түвэгтэй нь их. Даргын зураг авсан болон өндөр хэмжээний зочин ирсэн үед манай дээр чинь НАХЯ-ны нэг хүн ирээд суучихна шүү дээ. Хатуу хяналттай байлаа. Гучин зургаан кадртай хальснаас /пелёнк/ нэгийг ч өөр юманд зарцуулах эрх бидэнд байсангүй. Хальсаа угаагаад яг л бүтнээр нь хүлээлгэж өгнө. Нэг кадр тасадсан байвал асуудалд орно.
-Өөрөө асуудалд нэг удаа орсон гэдэг бил үү?
-Би хальс юм тасдаагүй л дээ. Харин нэг удаа хэрэгт татагдахаа шахсан. Яасан юм бэ гэвэл нэг өдөр сэргийлэхээс ирсэн хүн намайг ажил дээрээс дагуулаад Сүхбаатарын районы цагдаагийн газарт аваачлаа.
За хө чи Ю.Цэдэнбал даргын зургийг хувилж хаана, хэнд зарсан бэ? гээд байх юм. Би тийм юм хийгээгүй л гэлээ. Өдөржин тэнд байгаад орой нь нөгөө 111 гэж байсан даа. Тэнд оруулчихлаа. Маргааш нь дахиад л нөгөө асуултаа асуулаа. Би ч хэлдгээ хэллээ. Тэгсэн чинь “Ганц худаг”- руу ачих юм боллоо. Ачигдлаа. Тэнд 14 хоног хоригдсон. Ер нь буруутгах гэж их оролдсон шүү.
-Нэг талдаа хэлмэгдэж дээ. Яаж шүү тэр хардлагаас мултрав даа?
-Ганц нэг танил тал, хүний дэмжлэг ч хэрэг болсон байх. Гэхдээ надад хийсэн хэрэг байгаагүй. Нэг сонин нь “Чи савангийн үйлдвэр дээр хэний зургийг авч өгсөн бэ? гэдэг юм. Тэгсэн чинь тэнд би сурвалжлагын зураг авахдаа нэг хамт олны зургийг гуйлтаар авч өгсөн. Лаборантыг гуйгаад буулгуулж билээ. Үүнийг маань чи вальютын цаас хаанаас олж хүнд зураг хийж өгсөн бэ гэдэг байгаа. Би үнэнээ хэлсэн. Миний нэг найз Лаост элчингийн жолооч байхдаа нэг боодол кодак цаас авчирч өгсөн гэж. Ингэж л улсын юм шамшигдуулсан гэх хэл амнаас гарсан шүү.
Ер нь намайг жаахан гадуурхангуй байх нэг шалтаг бас байсан юм.
-Ямар шалтаг байсан гэж...?
-Миний эцэг өвөрлөгч хүн байсан юм. Үүнийгээ ч нуудаггүй байсан. Иймээс гадаад томилолт болон зарим юмнаас намайг заавал хасдаг байлаа. Надад талтай зарим хүн намайг овгоо өөрчлөөч гэдэг л байсан. Би үгүй гэх. Тэр савангийн үйлдвэрийнхний зурагнаас болж 14 хоног хорьсон нь бас л өө эрсэн хэрэг л дээ. Нэг тохиолдлыг сонин болгож ярихад би “Бал” даргын 50 насны ойн үеийн зургийг авлаа. Орой нь ЗХУ-ын “Огонёк” сэтгүүлийн сурвалжлагч даргатай уулзсан зургийг аваад тэр өдрийн ажил дуусдаг юм. Хагас сайн өдөр учир би ажил дээрээ аппарат хэрэглэлээ тавьчихаад харьчихлаа.
Тэгсэн шөнө хашааны хаалга балбалаа. Хамгаалалтын албаны дарга Банзрагч гэдэг хурандаа байна.
-Нараа чи даргын зургийг үзүүлэхгүй бол болохгүй нь ээ. Чи даргын баясгалантай байхыг харсан шүү дээ гэлээ. Баясгалантай гэдэг нь жаахан балгачихсан үеийг нь тэгж цайруулж хэлдэг байсан юм билээ?
Хурандааг дагуулж ажил дээрээ очиж пелёнкоо угаагаад даргад аваачиж үзүүлж байлаа. Дарга нэгэнт хэлсэн бол шөнө орой би цааргалах эрхгүй ийм цаг үе байж дээ.
-Одоо Маркны Нармандах болсон тухай сонирхуулаач?
-Би тэр сэжигтэн болж “Ганц худаг”-т 14 хоносны дараа “МОНЦАМЭ-гээс гарсан юм.
Гэхдээ тухайн үед мэргэжлийн гэх гэрэл зурагчны нэг байсан болохоор санаа зовоогүй. Слайдаар авдаг хүн бүр ч ховор. Нэг удаа Лениний музей баригдах үйл явцын зургийг авлаа. Холбооны яамны харъяа хүмүүс тэр ажлыг хариуцаж байсан юм билээ. Энэ ажлын дараа Холбооны яамныхан намайг зурагчнаар авсан юм. Ингээд л маркны гэгдэх болсон доо.
-Шуудангийн марк хийдэг гэсэн үг үү?
-Хийдэг гэж дээ. Марк, ил захидлын зураг авна. Тун ярвигтай нарийн чимхлүүр түвэгтэй бүтдэг ажил байсан.
Жирийн гэрэл зураг бол янз бүрээр авч болно. Тэгвэл маркны зургийг яг бодит байдлаар нь харуулах учиртай юм. Дүрс эвдэх юм уу, зурагчид контр гэж ярьдаг даа. Тал гэрэлтэй байхыг маркны зурагт цээрлэнэ. Бас бурханы зураг зурахад тэг хэмжээ алдаж болохгүй гэдэгтэй адил милиметр ч зөрөө байж таарахгүй. Хэцүү л дээ. Нэг бурхны зураг авах боллоо гэхэд урьдчилсан сценар /төлөвлөлт/ хийнэ.
Уг бурханыг тэр талаас нь ямар гэрэлтэй үед авахав. Цаад тал, дэвсгэр нь ямар өнгөтэй байх вэ. Хэдэн цагт авах гээд бүхий зүйлийг төлөвлөөд түүнийг даргаар батлуулж байж зурагтаа орно. Маркны зураг маш нарийн ажил байдгиймаа. Бас хяналт гэж олон шаттай. Эхлээд урчуудын эвлэлийн хороо зөвшөөрнө. Дараа нь “главлет”-ын /Хэвлэл Утгазохиол хянах газар/ хяналт гэж бөөн юм болно. Сүүлд нь Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн шүүлтүүрийг давах гэж бас хэцүү. Тэгж тэгж маркны зураг бэлэн болно доо. Главлетийнхан маркнаас монгол бичигтэй хэсгийг хасуулахыг шаардана. Бид болохоор энэ чинь Монгол гэдгийн гол баталгаа хасуулахгүй гэж зүтгэнэ. Нэг маркны зураг дээр 10,20 хоног маргах энүүхэнд дээ. Гэхдээ л марк гэдэг хамгийн бүтээлч ажил юм шүү дээ.
Би 200-гаад төрлийн марк, 70-аад ил захидал бас тэр орчим тооны захидлын дугтуйны зураг хийсэн байдаг юм. Үүнийгээ хүнд хэлэх юмтай л гэж өөрийгөө тоодог доо.
-Шуудангийн маркны ач тус гэвэл их биз?
-Тэгэлгүй яахав. Марк бол тэр чигээрээ мөнгө, үнэт цаас. Захидал гэдэг бол тэр үнэт зүйлийн хүчээр дотоод, гадаадгүй “нисч явдаг” гэж болно. Нөгөө тал нь гэвэл сурталчилгааны нэг гол хэрэгсэл марк байлаа. Одоо ч хэвээр. Маркнаас монгол орны эх сайхан байгаль, соёл урлаг, түүх дурсгал гээд бүхнийг таньж мэднэ.
Бидний судалж мэдсэнээр Монгол марк дэлхийн 100 гаруй оронд хүрсэн байдаг байлаа. Тэгэхээр би тийм олон улс оронд Монголоо сурталчилсан болж таарч байгаа юм. Миний бахархал энэ гэж боддог юм. Тэр марк бол дэлхий тойрдог гайхамшигтай уран бүтээл гэж би хэлнэ.
-Маркны ажлаар бас олон улс оронд явж байв уу?
-Маркны зураг авдаг албанд олоон жил зүтгэсээн. Зүгээр нэг зурагчин байсан бол тийм олон оронд бүтээлээ хүргэж чадаа ч уу. Үгүй юу. Мэдэхгүй ээ.
Европ, Азийн хэд хэдэн оронд маркны үзэсгэлэнд оролцож байлаа. Зураач, соёлын гавьяат зүтгэлтэн П.Раднаабазар бид хоёр Хятадын хэд хэдэн хот, Сингапурт томоохон үзэсгэлэнд очсон доо. Бас нэг онгирох юм бий. Монгол маркийг Унгар, Германд хэвлүүлдэг байсныг бид Хятадад нэг үзэсгэлэнд оролцохдоо хэвлэх үйлдвэрийнхэнтэй нь танилцаад тэнд хэвлүүлэх болсон нь улс оронд маань эдийн засгийн хувьд хямд болсон тал бий.
-Ер нь гэрэл зургийн хүн ямар байх ёстой юм бэ. Энэ талаар хэлэх юм юу байна вэ?
-Хэцүү нь хэцүү шүү дээ. Даанч сонирхолтой ажил учир тэр “хэцүү” гэдэг үгийг хэрэглэхэд зохиомжгүй юм санагддаг. “МОНЦАМЭ”-д байхад жилийн 360 хоногийн бараг 60-70 хувьд нь томилолтоор явчихна. За тэгээд тухайн үеийн аппарат хэрэглэл одоогийнхоос хүнд. Лавтайяа 10-15 кг ачаа үүрч явна. Тиймээс гэрэл зураг их тэсвэр тэвчээр шаардсан ажил. Сонирхлоо дагаад өөр юуг ч мартдаг. Би өөрт тохиолдсон нэг сонинг хэлье. Хархоринд маркны зураг тэндхийн сүмүүдээр хийх боллоо. Тэсгэм хүйтэнд сайн зураг авах гэж байгаад хацраа хөлдөөж байлаа. Яагаад гэхээр аппаратдаа хацраа наагаад “мартчихсан” хэрэг. Унаа мал саатаад хээр хөдөө хонох, ус цасанд унах гээд зурагчин хүнд юу эс тохиолдох билээ.
Энэ далимд нэг зүйл хэлэхэд өнөө үед хүн бүхэн шахам зураг авдаг болж. Тэр дотроос жинхэнэ мэргэжлийнх нь хэн юм бэ? гэдгийг тодруулмаар байдаг юм. Гэрэл зургийн холбоо үүнд анхаараасай. За тэгээд марк бол улс орныг дэлхийд таниулах толь юм шүү гэсэн үгээр яриагаа төгсгөе дөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)