М.СУРА
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2022.05.02/ боллоо. Хуралдааны эхэнд өмнөх шуурхайгаас Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Урин цаг ирж Улаанбаатар хотод тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил өрнөж байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбайн өнгө үзэмжийг сайжруулж, Туул, Сэлбэ, Дунд гол дагуух тохижилтын ажилд иргэд идэвхтэй оролцож, иргэдийн 188 бүлэг хамтран ажиллажээ. Голуудын ай сав орчимд иргэд олноороо амарч, зугаалдаг. Тиймээс голын эрэг дагуу олон нийтийн соёл, амралтын хүрээлэн байгуулах үүрэг даалгаврыг хотын дарга өгсөн. Энэ дагуу Их тэнгэрийн ам, Туул гол дагуу хоёр байршилд амралтын бүс байгуулна. Инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлэх, шаардлагатай бол газар чөлөөлөх ажил өрнүүлэх үүргийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газраас шалгалт зохион байгуулахад 10 байршилд үерийн бүс болон далан суваг, хамгаалах байгууламж дээр ажлын байр барьсан, үйлчилгээний объект, чингэлэг байршуулсан зөрчил илэрчээ. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэхээр албан шаардлага хүргүүлээд байна.
Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, газрын зөрчлийг арилгах үүднээс зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгаж, 66 мянган метр квадрат талбайг тохижуулж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 44 байршлын 1143 гараашийг буулгаж, 20.1 мянган метр квадрат талбайг нийтийн эзэмшилд бүртгэн авчээ. Чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийж байна.
Нийслэлд 23 байршилд газар чөлөөлнө
Нийслэл хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 678 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тэдгээрээс 657 төсөл, арга хэмжээг харьяа байгууллагуудад шилжүүлж, 14 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлэхээр санал авах шатандаа байгаа юм. Нийслэлийн Засаг даргын худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэлт 96.9 хувьтай байна. Он гарсаар Нийслэлийн Засаг даргын 19 захирамжаар 55 төсөл, арга хэмжээнд тодорхой өөрчлөлт оруулжээ.
Өнөөдрийн байдлаар 193 тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй. Харин материал ирүүлсэн ч шаардлага хангасан оролцогч оролцоогүй 82 төсөл арга хэмжээ байна. Нийт 275 төсөл арга хэмжээ дээрх хоёр шалтгааны улмаас тендерийн шалгаруулалт хийгээгүй байна. 23 байршилд газар чөлөөлөхөөс гурваас бусад байршлын хувьд асуудал бэрхшээл үүсэхгүй гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)