Кавказын нурууны ноён оргил Эльбрус уул. 11000 метрийн өндөрт яваа онгоцноос авав. 2022.04.06.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг
МӨРӨӨДЛИЙН УУЛСЫН МӨНГӨН ТЭРГҮҮН
Би жаахан сониуч, хачин зүйл мөрөөддөг хүн. Тэртээ 60 гаруй жилийн өмнөөс Кавказын нуруу, Эльбрус уул, Альпийн (2007 онд Франц улсаар явж байгаад Альпийн нурууны нэн залуу, ян сарьдаг оргилуудыг харсан) уул, далай тэнгис мэтийг үзэхсэн гэж мөрөөддөгсөн. Манайх 1957 оны хавар Рашаантын Модон гэдэг газар нутаглаж байв. Тэгэхэд манай хөршийнд их олон уул, тал хөндий, өндөр сүрлэг хад чулуу, далай тэнгис, гол усны зурагтай ном байлаа. Сургуульд ороогүй, хэдэн үсэгнээс цаашгүй, уншиж чадахгүй. Боломж гарвал тэр номны хуудсыг эргүүлж зургийг үзнэ. Харин ном их уншдаг хэмээн нутаг усандаа нэртэй Цэрэндамба ахыг хааяа гуйж тэр номоос (Манайхан ЗХУ-д захиалж хэвлүүлсэн дунд сургуулийн “Тивүүдийн газар зүйн” гэдэг ном байсан байх) уншуулж яриулна. Тэгж байж Альпийн нуруу, Кавказийн уулс, Эльбрус, галт уул, галт уулнаас гарсан үүл, далай тэнгис мэтийн тухай анх сонссон юм. Тэндээс улбаалж Эльбрус гэдэг том уулын нэрийг тогтоож авсан хэрэг. Гэтэл саяхан үр хүүхдүүдийнхээ буянаар хүсэл мөрөөдлийн Эльбрус уулаа холоос харж, эртний түүхт Турк орныг өнгөцхөн хараад ирлээ.
Хүү Равдандоржоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүргүүлэхээр Улаанбаатараас гуравдугаар сарын 27-ны өглөөний 04:00 цагт мордож бараг л “Дэлхийн стандартынх” гэмээр шинэ хурдны замаар Хатан Туулаа гаталж Богд Хан уулыг гороолж салхи татуулан давхисаар очив. Манай энэ удаагийн аяллын багийн бүрэлдэхүүн гэвэл миний аян замын байнгын даамал, зохион байгуулагч хүү Батсайхан, чадварлаг орчуулагч, хөтөч охин Нандинчимэг нар. Бид төдхөн Бүгд Найрамдах Турк улсын иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компанийн Боинг онгоцоор хөөрөв. Өглөөний нартай, мөнгөн цагаан хөлөг дотроос бас нэгэнтэй золгож байгаа минь энэ.
Зорчигчдын олонх нь, ам хөдөлгөх юм олдвол хүртчихээд ганц нэг кино, концерт харвал хараад бусад үед унтах нь унтаж эсвэл нүдээ тас аниад түшлэгээ налаад хэвтчихнэ. Би болохоор онгоцонд цурамхийж чаддаггүй. Суудлын өмнөх жижиг дэлгэцийг ширтэн аялж яваа газар нутгийнхаа зургийг харж уул ус, гол мөрөн, хот сууринг сонирхож элдвийг бодсон шигээ цаг нөгцөөдөг зуршилтай нэгэн. Биднийг дунд сургуульд суралцаж байсан өнгөрсөн зууны 60, 70-аад оны үед манай ерөнхий боловсролын сургалт ямар мундаг байсан юм бэ. Бараг л бүх шинжлэх ухааны анхны суурь мэдлэгийг жигд өгдөг. Бид ч ойр зуурыг чамлахааргүй олж авдаг. Зөвхөн түүх газар зүйн хичээлээр гэхэд дэлхий дахины түүх соёл, газар нутаг гээд ямар их мэдлэгийг бидний ой тойнд ёстой чихэж хадаж өгдөг байсан хэрэг. Энэ бол тэр үеийнхний бахархал. Гол нь бодлого зөв оновчтой, багш нарын мэдлэг чадвар, шавь нартаа ном сургах сэтгэл зүтгэл арвин байсных юм биз. Энэ мэтчилэнг эргэцүүлж явахад биднээс тэртээ дор цэлийж, заримдаа зах хязгааргүй нэлмийх их үүлсийн цаагуур орж, гарч яваа өргөн уудам нутгаар өмнө нь огт явж үзээгүй байтал нэг л танил, мэддэг газар нутаг шиг санагдаж байгаа нь түүх газар зүйн хичээлийн өглөг буян гэмээр...
Улаанбаатараас Стамбул орох энэ удаагийн аяллын замд үүл ихтэй байсан учир цонхоор явж байгаа газар орныхоо байдлыг харах боломжгүй учир мөнөөх дэлгэцээ харж таамаглаж явлаа. Орос, Украины дайн гэхчилэн цаг үеийн байдлаас шалтгаалсан уу, ер нь тэгж явдаг юм уу. Манай онгоц Хангайн нуруу, Алтайн уулсыг өвөрлөж аялсаар Монгол Улсын хилийг давмагц нэлээд урдуур даялах шиг санагдсан. Гэхдээ Алтайн уулс, Тэнгэр уул, Иссык Кул нуур, Каракумын цөл, Каспин тэнгис, Кавказын нуруу, Бага Азийн хойгийн зүүн, зүүн хойд сэжүүр орчмоор аялж Хар далайн өмнөд эрэг хөвөө, Босфорын хоолойгоор чилийсэн есөн цаг цогиулсаар Стамбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Цаг агаарын байдлаас болж мөрөөдлийн уулсын мөнгөн тэргүүн Эльбрус уулаа хараахан үзэж амжаагүй. Буцахдаа харна. Хангай дэлхий, мөнх хөх тэнгэр ивээж ариун дагшин хайрхан мөнгөн тэргүүнээ надад харуулж, салхин сунтагнаасаа адис хүртээх биз ээ.
ЭЗЭНТ ГҮРНИЙ “ЭДЛЭН” ГАЗРЫГ ТЭЭСЭН ӨНӨӨГИЙН ТУРК
Турк орныг өнгөцхөн ч гэсэн үзэхийг мөрөөдөж явлаа. Учир нь гэвэл туркчуудын өвөг дээдэс болох Түрэгүүд нэгэн цагт Төв Азид бүр Монгол орны Алтай, Хангай уулсыг түшиглэн Орхон, Туулын саваар нүүдэллэн амьдарцгааж байсан гэдэгтэй холбоотой юм. Түүнийг түүхийн баримт, эх сурвалжууд хөдлөшгүй баталж нотолдог. Наад зах нь өнөөгийн Турк улсын нэр нь Түрэг гэдэг үг сунжирсаар бидний хэлж заншсан Турк болон хувирсан. Бид Турк гэж бичээд “Түүрк” гэж уншдаг. Энэ нь Түрэг гэдэг үгний балархай эгшиг “э” гээгдэж “г” үсэг чангаран дуудагдаж “к” болсон гэж нэгэн судлаач айлдсан байна билээ. Бас “Төв Азийн нүүдэлчид болох Түрэгүүд хэдий завандаа, яаж яваад ердийн хөсгөөр бол (Нийтийн тооллын Х зууны үед) хэдэн жил явж туулахаар алс хол орших Бага Азийн хойг (Аноталийн хойг. Биднийг дунд сургуульд байхад Бага Азийн хойг гэж заадаг сан) хэмээх Хар тэнгис, Газарын дундад тэнгисийн савслага үржил шимтэй баян тансаг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй сайхан нутагт очоод суучихваа” гэсэн бодол, сонирхлыг минь гижигддэг байх. Бага Азийн буюу Аноталийн хойг дээр нүүдэллэн ирсэн Түрэгийн нүүдэлчдийн халаа болох османчууд XIII зууны эхэн үеэс аажимдаа чангаран хүчирхэгжиж агуу эзэнт гүрний суурь болон бэхжсээр 1453 оноос Балканы хойг, Баруун буюу Бага Азийн хойг, Хойд Африкийг бүхэлд нь эзэмшсэн Османы эзэнт гүрнийг байгуулж бүр 1922 оныг хүртэл 700 шахам жил оршин тогтносоор ХХ зуунтай золгожээ. Османчууд шинэ зууны эхээр бас зүгээр суусангүй дэлхийн I дайнд оролцсон боловч ялагдаж, ялсан орнуудын эзэмшилд хуваагдан задрахын даваан дээр Мустафа Камел Ататурк улс орноо удирдан жолоодож хөрөнгөтний ардчилсан хувьсгал хийснээр 1923 онд Бүгд Найрамдах Турк улсыг байгуулсан түүхтэй юм байх. Гэвч би түүхч судлаач биш тул андуу ташаа ойлгосон байж мэднэ.
Турк бол уул нуруу, дов толгод, тэгш тал, ой шугуй, ус мөрөн, далай тэнгис холилдож найралсан бурханаас заяасан сайхан нутгийн цогц юм. Бага Азийн буюу Аноталийн хойгийг бараг бүхэлд нь хамарч Евро-Азийн торгон хилийн заагийг эзэгнэж яваа азтай буянтай энэ орны нутаг дэвсгэрийн 97 хувь нь Бага Азид, үлдсэн хувь нь Босфорын хоолойн баруун эрэг, хөгшин Европын жаахан хэсгийг эзэлж оршдог. Турк улс баруун дунд хэсгээрээ Хар тэнгис-Гантигийн (Мараморын) тэнгис хоёрыг холбосон Босфорын хоолой, жаахан урагшаад Гантигийн тэнгис-Эгийн тэнгисийг заагласан Дарданеллын хоолой гээд Газарын дундад тэнгистэй нийлдэг бараг бүх талаараа далайд гарцтай худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, геополитик стратегийн олон талын ач холбогдол бүхий өвөрмөц онцлогтой. Харин зүүн хойд, зүүн, зүүн урд талын багахан нутгаараа Гүрж, Армян, Иран, Ирак, Сири, Бага болон Дундад Азийн зарим оронтой хиллэдэг бололтой. Аливаа улс хэчнээн олон оронтой хиллэх тусам төдий чинээ ач тустай байдаг бол хөөрхий манай Монгол хаашаа ч илүү харах аргагүй хоёр аварга хөршийн дунд өнө мөнхөд “баригдсан” өрөөсгөл тавилантангууд. “Хөрш хөршөө сонгоддоггүй” гэдэг болохоор тэрхүү тавилантайгаа эвлэрч явахаас өөр яахсан билээ. Турк улс дэлхийн хамгийн том (G-20) 20 улсын нэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 12300 орчим ам.доллар. Цэрэг батлан хамгаалах хүчин чадал, чадварын хувьд бас айргийн тавд багтдаг гэж бичсэн байх юм. Энэ хэдхэн баримтаас Турк улс ямар зэрэг дэвтэй, хэр зиндааны орон болох нь харагдана. Далайн түвшнээс дээш 5137 метр өндөр Арарат уул тэнгэр баганадан дүнхийж байхад 3755 ам дөрвөлжин километр талбай бүхий Ван нуур цэлэлзэж байх жишээтэй. Арарат их уулсаас эх авсан үлгэр домгийн хоёр мөрөн болох Евферат, Тигр бас Мурат, Аракс, Мендес гол үржил шимтэй тэгш талаа ундаалан суналзана. Тэднийх 1911 онд 11 сая хүнтэй байсан бол эдүгээ 84 сая орчим хүн амтай. Дэлхийн том хотуудтай зиндаархаж дөрөө харшуулах Стамбул, Измир, Бурса, Адана, Анкара гэсэн эрт эдүүгээгийн том хоттой юм.
ИХ ГҮРНҮҮДИЙГ ДОРГИОСОН АЗИЙН НҮҮДЭЛЧДИЙН УЛБАА
Багш нарынхаа заасан хичээл, ном судрын хуудсыг эргүүлсээр өөрийн боломж савныхаа багтаамжаар ойлгож ухаарсан түүхийн бүдэг зам мөрөөр бэдэрч, өнөөгийн эрээн мярааныг харж ажиглах аваас туркүүдийн өвөг дээдэс болох Түрэгүүд Төв Азид айл гэр болон амьдран суудаг байжээ. Энэ нь нийтийн тооллын өмнөх II-I зуунаас эхтэй гэнэ. Чухамдаа агуу их Хүннү гүрний нэг бие даасан аймаг (Монгол Улсын түүх. Тэргүүн дэвтэр. 313-315 дахь талд. Улаанбаатар. 2003 он) байсныг тов тодорхой тэмдэглэжээ. Манай тооллын Y,YI зууны үед Европ дахинд эртний Грек, Ром гэсэн хүчирхэг орон цэцэглэн хөгжиж даян дэлхийд гайхуулж байжээ. Харин дорно дахины Төв Азид бүр 582-603 оны үед Орхоны хөндийд төвлөрсөн Дорнод Түрэг, Дундад Азид төвлөрсөн Баруун Түрэг гэсэн өнөөгийн монголчуудтай ойр төрх бүхий иргэдтэй нэгэн их улс бас цэцэглэн хөгжиж хүчирхэгжиж байсан тухай түүхийн сурвалжид бас тэмдэглэсэн байна. Тэр бол эртний Түрэг гүрэн. Түрэгүүдийн анхны хаан Буман гэж хүн байсан. Түүний хүү Коло Исичин 552 онд эцгийнхээ оронд хаан ширээнд суусан. Энэ үед Коло Исичинийн дүү Истеми өрнө зүгт аян дайн хийж бүр Баруун тэнгис (Арал нуур) хүрч явжээ. Түүнчлэн Түрэгийн хаад 620-630 онд Хятад руу удаа дараа довтолж дайн хийж байсан ч гэх шиг ёстой эх адаг нь үл мэдэгдэх үй олон үйл явдлын түүх улбаа толгой эргүүлэх юм. Энэ бүхнийг түүхийн эрдэмтэн судлаачид л учир начрыг олж нарийн тайлбарладаг байх.
Харин миний мэтийн бичээчид бол аян замын тэмдэглэлийн шигтгээ болгон дурдах төдий юм. Гэхдээ надад түүх унших, түүхийн баримтыг сонирхож үзэх сонин байдаг. Олныг эс нуршин Төв Азийн хүчирхэг гүрэн болох түрэгүүдийн талаар товч боловч дурдахад Тагны уулс, Тарвагатайн нуруунаас Алтай, Хангайн уулсын орчим бүр Орхон Туулын саваар YII зууны төгсгөл YIII зууны эхээр нутаглаж ахуй цагтаа ихээхэн хөгжиж, мал аж ахуйн зэрэгцээ гар үйлдвэрлэл эрхэлж төмөр металл боловсруулан ашигладаг. Бүр бичиг үсэгтэй. Өөрсдийгөө чононоос гаралтай гэцгээдэг. Бөө мөргөлтэй, зүүн зүгийг эрхэмлэдэг, тэнгэр газартаа тахил өргөдөг, Отгонтэнгэр уул болон гал тахиж шүтдэг, бусад нүүдэлчийн нэгэн адил эсгий гэрт амьдардаг. Рашаан усыг эмчилгээнд хэрэглэдэг байсан тухай мөн эх сурвалжуудад тэмдэглэжээ. Түрэг гүрний хөгжин цэцэглэж, хүчирхэгжиж асан тэр бахархалтай бас догшин ширүүн он жилүүдийг түүхчид судалж нотлохын зэрэгцээ Орхоны Хөшөө цайдамд сүндэрлэх Куль-Тагин, Билгэ гэх ах дүү хоёрын хөшөө, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Налайх орчимд орших Түрэгийн гурван хааны зөвлөх, шадар түшмэл, мэргэн сайд Тоньюкукийн хөшөө, Архангайн Ихтамир сумын нутагт байгаа Буган хөшөө гэсэн олон баримт, түүхийн гэрч дурсгалууд баталдаг. Түрэгийн хүчирхэг улс YIII зууны үе 750 оны орчимд оршин тогтнож байсан ч харьцангуй богино насалсан бололтой.
Төв Азид ноёрхож байсан Түрэг улсыг уйгарууд VIII-IX зууны үед эзлэн авснаар Түрэг улс сарнин мөхсөн гэдэг. Гэхдээ уйгарууд бол Түрэг угсаатан Алтай хэлний бүлгийн нөхдүүд байжээ. Тийнхүү Уйгарын дайралтад өртсөн түрэгүүд сарнин бутрахдаа, Баруун Азид ноёлж байсан нүүдэлчид болох Түрэгийн Селжукүүд ХI зууны үед нүүдэллэн дайтсаар Аноталийн хойг буюу одоогийн Туркийн нутгийг эзлэн авч нутагшсан нь өнөөгийн туркуудын өвөг дээдэс юм болов уу. Тэднийг бас Төв Азийн нүүдэлчдийн удам хойч болох Огуз түрэгүүд гэцгээдэг юм гэнэ. Түрэгүүдийг Бага Азийн хойг дээр нүүллэн ирэхээс өмнө өнөөгийн Туркийн газар нутгийг эртний Баруун Европын Грек, Ром мөн Ойрхи Дорнодын Перс орон олон зууны турш булаалдан эзэгнэж байжээ. Тэднээс хамгийн хүчирхэг, олон жил оршин суусан нь Византийн эзэнт гүрэн аж. Харин Түрэгийн угсааны Селжукууд, Визант гүрнийг 1071 оны наймдугаар сарын 26-нд ялж мөхөөсөн бол нөгөө Түрэгийн угсааны Селжукуудыг 1243 оны зургадугаар сарын 26-нд, Чингис хааны ач хүү Хүлэгү хаан ялж мөхөөснөөр 1370 он хүртэл Их Монголын Ил хаант гүрнийг (Бага хаад) захирч байжээ. Ил хаадын улс нь тухайн үедээ Иран, Ирак, Армен, Турк, Гүрж, Баруун Пакистаны нутгийг хамарсан өргөн уудам нутагтай улс байсан гэнэ. Тэд аажимдаа суларсаар 1453 онд османчуудад ялагджээ. Тийнхүү их Чингисийн удам угсааг түлхэн унагаж Константинополь хотыг эзлэн авсан османчууд хүчирхэгжин мандаж Балканы хойг, Баруун буюу Бага Азийн хойг, Хойд Африкийг бүхэлд нь эзэмшсэн Османы эзэнт гүрнийг (XYI зуунд Суллимен хааны хаанчлалын үед ихэд хүчирхэгжсэн) байгуулж бараг ХХ зууны эхэн хүртэл оршин тогтнож байсныг дээр дурдсан бий. Тэгэхээр хамгийн гол нь “Нөгөө Аноталийн хойг дээр нүүдэллэн ирж агуу их Византийг доройтуулан мөхөөсөн Төв Азийн нүүдэлчин түрэгүүд чинь хөгжин бэхжсээр Османы эзэнт гүрний үндэс суурь болсон юм байна шүү” гэхэд нэг их хилсдэхгүй бололтой. Оносон оноогүйг мэргэн уншигчид дэнслэх биз.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин