Ч.ЗОТОЛ
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхийн 100 гаруй улс орон өчигдөр тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгохоор шийдвэрлэж, 1994 оноос тэмдэглэж ирсэн. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулахын сацуу ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай.
ЮНЕСКО-гоос жил бүр тухайлсан нэг улс оронд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн форум зохион байгуулдаг. Энэ жил Найрамдах Уругвай улсын Пунта Дел Эсте хотод Бага хурал зохион байгууллаа. Тус бага хурлаас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээлэл олж авах, дижитал эрин үеийн нөлөөллийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
З.Боргилмаа: Сэтгүүл зүйн сулрахын хэрээр мэдээллийн эмх цэгцгүй байдал үүсч байна
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/, Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгуулав. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа форумыг нээж хэлсэн үгэндээ “Сэтгүүл зүйн сүүлийн 100 жилийн хөгжлийг хөдөлгөсөн хамгийн том хүчин зүйл нь мэдээллийн технологийн хувьсгал байлаа. Сэтгүүл зүйд хөгжил авчирсан технологийн дэвшил нь зөвхөн сэтгүүл зүйд нээгдсэн хаалга биш, дэлхийн долоон тэрбум хүнд нээлттэй боломж юм. Уламжлал ёсоор бол мэдээллийг олж авч, шат дамжлагаар боловсруулж, шалгаж нягталж байж түгээдэг редакци бүхий сэтгүүл зүй хэмээх мэргэжлийн талбар өөрийн орон зайгаа долоон тэрбум хүнтэй хуваалцаж байна. Цахим ертөнцөд хүн бүр мэдээлэл үйлдвэрлэгч, боловсруулагч, түгээгч болсон энэ байдал сэтгүүл зүйг мэргэжлийн тавцангаас нь түрж эхэллээ. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зар сурталчилгааны ашиг орлогоо мөн цахим платформтой хуваалцаж байна. Цар тахлын давалгаа гол харилцагчдыг нь нэрвэснээс дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн орлого 50 хувь буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 хувь нь үйл ажиллагаагаа царцаасан байна. Энэ байдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жижигрэх, орон тоог цөөлөх, нэг үгээр бол мэдээллийг шат дамжлагаар боловсруулж, нягталдаг редакцийг үгүй болгож байгаа нь сэтгүүл зүйн мэргэжлийн чадвар чадавхи, потенциалийг сулруулж байна. Сэтгүүл зүйн хүч сулрахын хэрээр нийгмийн сүлжээн дэх мэдээллийн эмх цэгцгүй байдал нийгэмд хар бараан өнцгийг дагуулж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
“Хүн чанар, шударга ёсыг эрхэмлэх зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох үндэс”
Техник технологи хөгжиж, хүн бүр мэдээллийг түгээх, хүлээн авах боломж бүрдсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү мэргэжлийн байх сорилт тулгарч байгааг,энэ нь зөвхөн “Цахим дайралтад өртсөн сэтгүүлзүй” –н бус нийгмийн өмнө тулгамдсан асуудал болсон нь форумын гол сэдэв байлаа. Хэвлэлийн эрх чөлөө бол бүх нийтийн эрх чөлөө юм. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг даргын зүгээс иргэдийн мэдэх эрхийн төлөө үүргээ биелүүлж ирсэн хэвлэл, мэдээллийнхэн, сэтгүүлчдэд мэндчилгээ ирүүлэхдээ “... нийгмийн сайн сайхныг чухалчлан үзэх, хүн чанар, шударга ёсыг эрхэмлэх зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох үндэс болно” хэмээн дурдсан байв. Тэгвэл “...Нийгмийн сайн сайхны төлөө төр засгаас сэтгүүл зүйн салбарыг дэмжин ажиллах хэрэгтэй. Энэ бол итгэлцэл ойлголцол дээр оршин тогтнодог хүний нийгмийн аюулгүй байдлын эсрэг аюул занал юм” гэдгийг хэвлэл, мэдээллийн салбарынхан тэмдэглэж байсан юм.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 90-д жагсчээ
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) энэ оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлан нийтэлснийг форумын үеэр танилцуулсан. Түүнд Монгол Улс 22 байраар ухарсан нь анхаарал татаж байна. Нэгдүгээр байрт Норвеги, хоёрдугаар байрт Дани, гуравдугаар байрт Швед орсон бөгөөд манай улс 90 дүгээр байрт жагсчээ. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон арван орны тоонд өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө арван жилээр ухарсан Мьянмар (176-д), Хятад (175-д), Туркменистан (177-д), Иран (178-д), Эритри (179-д) болон Хойд Солонгос (180-д) багтсан байна.
RSFIndex-ийг тэргүүлж буй орнуудад Скандинавын гурвал Норвеги, Дани болон Швед багтсан бол засгийн газар өөрчлөгдсөний дүнд Молдав (40 дүгээр байр) болон Болгар (91 дүгээр байр) энэ жил онцгойрч, сэтгүүлчдийн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлж байгааг судалгаанд дурджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 89 (6822)