С.УЯНГА
Цэргийн анги байгууллагуудад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг судалж 2016 онд ХЭҮК парламентад өргөн барьж байв. Гэтэл зургаан жил өнгөрсөн ч энэ салбар бахь байдгаараа. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар дахь хүний эрхийн зөрчил, яргалал даамжирч дэглэдэг арга хэлбэр улам нэмэгдсэн ноцтой судалгаа гарчээ.
Тэр бүү хэл цэргийн анги, байгууллага дахь хүний эрхийн төлөв байдлыг тодорхойлоход цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирсон болон хүнлэг бус харьцсан гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх нэгдсэн тогтолцоо, мэдээллийн сан аль ч байгууллагад байхгүй. Үүний улмаас нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлоход хүндрэл учруулж байгаа учраас ХЭҮК-т холбогдох байгууллагуудаас ирүүлсэн баримт бичиг, социологийн судалгаанд үндэслэн дүрмийн бус харьцааны нөхцөл байдлыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, судалгаагаар харуулснаас илүү ноцтой хэлбэр цэргийн ангиудад байна гэсэн үг юм.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БҮРТГЭГДСЭН 242 ЗӨРЧЛИЙН 144 НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ
Юуны өмнө цэргийн анги, салбарт дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн улмаас хугацаат цэргийн алба хаагч амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна гэдгийг тусгайлан дурдсан байв. Сүүлийн 10 жилд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамаарч байна. Тэр дундаа зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байгаа юм. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдлын гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, нэг нь амиа хорлосон байх жишээтэй. Мөн энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай дүр зураг батлан хамгаалах салбарт давтагдсаар байна.
Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 нь дүрмийн бус харьцаа, 24 нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил гэжээ. Прокурорын байгууллагын судалгаагаар 2013-2021 онд цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн 260 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 80.7 хувь нь хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусад эрх, эрх чөлөөнд халдсан болон цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг эзэлж байгааг онцолжээ.
ХЭҮК-оос 2011-2022 оны хооронд цэргийн алба хаагчтай холбоотой шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хүний амь нас хохирсон 15, цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 77, цэргийн албанаас оргон зайлсан 30 тохиолдол байв. Дээрх судалгаануудаас дүгнэхэд цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцаанаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, таван хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байна. Түүнчлэн 2021 онтой харьцуулахад илэрч байгаагүй өөр хэлбэрүүдийг цэргийн алба хаагчид нэрлэжээ.Тодруулбал, хүссэн үед бие засуулахгүй байх, хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг өгөх, удирдах албан тушаалтан хувийн ажлаа хийлгэх, халуун хүйтэнд удаан хугацаагаар гадаа зогсоох, зодох цохих, согтуугаар чиглэл зүй бус тушаал өгөх, мөнгө эд зүйл нэхэх, цээжин дээр буу цэнэглэх, буугаар цохих, хуваарийн дагуу хоол идэх боломжгүй болгох, бусдыг зодуулах, алгадаад ир гэх мэтээр тушаахыг цэргийн алба хаагчид нэрлэжээ. Мөн хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсвэл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэсэн үйлдэл хийх гэсэн бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ. Энэ мэтээр цэргийн анги байгууллагуудад хүний наад захын хэрэгцээ хангагдахгүй байна. Үүний хор уршгаар ялгаварлан гадуурхалтад өртсөн хугацаат цэргийн алба хаагчдын 8.4-8.7 хувь нь зарим үед, 3.2-6.9 хувь нь байнга сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны тавгүй байдалд ордог гэж хариулжээ. Ярилцлагаар офицер, ахлагч нар тааруухан гүйдэг байлдагчийг хэл амаар доромжлох, боловсрол, ар гэрийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, шоглох тохиолдол цөөнгүй байдаг гэж хариулсан байна. Мөн цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагаагүй арга хэмжээ авах, цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй тохиолдож байгаа нь ноцтой.
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХОД ТАЙВАН БУС, ЗОВУУРЬТАЙ, ШАНАЛГААТАЙ ГЭЖ СОНГОСНООС 108 НЬ ИХ БАГА ХЭМЖЭЭНД СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДАЛ НЬ ТАЙВАН БУС БАЙВ
ХЭҮК-оос 2021 онд хийсэн хэргийн түүвэр судалгаагаар 2009-2021 оны хооронд цэргийн анги, байгууллагад хүний амь нас хохирсон 15 тохиолдлын найм нь хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон, нэг нь хугацаат цэргийн алба хаагч захирагч даргынхаа амь насыг хохироосон байгаагаас хоёр нь зодож цохисон, дөрөв нь галт зэвсэг ашигласан, нэг нь амьсгал боогдуулсан, гурав нь өөрийгөө боомилсон гэмт хэрэг байгаа нь цэргийн алба хаагчийн дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ.
Харин цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан 77 тохиолдлоос 44 хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд хохирсон байна. Эдгээрийн 18 нь офицер, ахлагчийн, 25 нь хугацаат цэргийн алба хаагчийн хоорондын дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ. Үйлдлийг аргаар нь авч үзвэл 56 нь зодож цохих байдлаар хүч хэрэглэсэн, найм нь галт зэвсэг ашигласан, найм нь хутга хэрэглэсэн, хоёр нь зодохоос бусад хэлбэрээр үйлдэгдсэн бол гурав нь болгоомжгүй байдлаас болсон гэжээ.
Зэвсэгт хүчний ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын 11.6 хувь нь “амиа хорлох тухай бодож байсан” гэж хариулсан байна. Амиа хорлох бодол төрж байсан гэж хариулсан оролцогчдын 67.7 хувь нь “нэр төр гутаагдсан”, 8.9 хувь нь “хайртай хүн урвасан”, 7.3 хувь нь “басамжлан доромжлуулсан”, дөрвөн хувь нь “эцэг эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн”, 3.2 хувь нь “олны өмнө үзэн ядагдсан”, 3.3 хувь нь “олны өмнө ичгүүрт байдалд орсон” учраас гэж хариулжээ. Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлоход 107 нь тайван, 73 нь тайван бус, 20 нь зовуурьтай, 12 нь шаналгаатай, гурав нь их шаналгаатай төлвийг сонгосноос 108 нь их бага хэмжээнд сэтгэл зүйн төлөв байдал нь тайван бус байв.
Сэтгэл зүйн таагүй төлөв байдлыг тодруулахад офицер, ахлагч нарын дэглэлт, дарамт, ирээдүйд санаа зовнисон байдал, алба хааж буй газар орон, орчин нөхцөл, хүмүүс хоорондын таарамж, ар гэрээ санах шалтгаантай холбоотой байлаа. Хэргийн түүвэр судалгаанаас үзэхэд амиа хорлосон таван тохиолдлын гурав нь нь ямар нэгэн байдлаар офицер, ахлагч нарын дүрмийн бус харьцаа, цэргийн алба хаахтай холбоотой үүссэн сэтгэл гутралын хам шинжээс шалтгаалжээ. Дээр дурдсанчлан батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар хэзээ хүртэл дарга нар нь согтуугаар тушаал өгч, хоол, нойр, бие засах хэрэгцээг нь “хаах” вэ Г.Сайханбаяр сайд аа. Бид дараа дараагийн дугаартаа үүнээс ноцтой үр дагаврыг үргэлжлүүлэн хөндөх болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 88 (6820)