П.АМГАЛАНБАЯР
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай аймгийн хөгжлийн гарц болон ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцлаа. Тус аймаг нь өргөн уудам нутагтай, хангай говь хосолсон, дэлхийд ховор мазаалай, бөхөн, ирвэс гэсэн ан амьтдын өлгий нутаг билээ.
-Танай аймгийн хувьд хөгжлийн гарцаа хэрхэн тодорхойлж байна вэ?
-Хөгжлийн талаар судалгаа хийж, олон их үүсвэрээс мэдээллээ нэгтгэж хөгжлийн гарц дээр хэд хэдэн хувилбар гарган ажиллаж байна. Говь-Алтай аймаг өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засаг, хүний хөгжил, боловсролын чанар, дэд бүтцийн хөгжлөөр 21 аймгийн хамгийн сүүлд бичигдсэн. Их хурал болон аймгийн иргэдийн хуралд нэр дэвшсэн хүмүүс хийх ажлын мөрийн хөтөлбөрөө гаргаж, амлалт өгдөг. Гэвч сонгогдсоны дараа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс хэрэгжсэн нь 20 хувьтай байна. Мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудаас ийм шалтгаантай байсан учраас бодит ажил болж чадаагүй. Энэ нь хэрэгжих боломжтой гэсэн эргэх холбоо байгаагүй. Тиймээс иргэдийн зүгээс ч гэсэн шинэ өөрчлөлт шинэчлэлтийг бий болгож 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт Ардчилсан нам анх удаа үнэмлэхүй ялалт байгуулсан. Говь-Алтай аймгийн хувьд хөгжлийн дөрвөн зүйл дээр гол чиглэл хандуулж ажиллахаар зорьж байна.
Нэгдүгээрт, хүний хөгжил хамгийн чухал. Хүн их сургуулиа төгсөөд боловсрол мэдлэг хангалттай болчихлоо гэсэн үг биш. Тиймээс иргэдийнхээ насан туршдаа хөгжих тал дээр анхаарч ажиллана. Говь-Алтай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээр 21 аймгийн 20-д орж байна. Манай аймгийн хувьд боловсролын чанар социализмын үед сайн байсан. Жишээлбэл, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч гэсэн мэдлэг чадвартай хүмүүс бий. Манай аймгийн иргэдийн хувьд оюун ухааны чадавх өндөр боловч түүнийгээ задалж, хөгжүүлж чадахгүй байна. Тиймээс боловсролын асуудлыг хөгжлийнхөө нэгдүгээр зорилго болгон ажиллаж байна.
-Говь-Алтай хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй аймагт ордог. Тэгэхээр хөгжлийн нэг гарц нь хүн амын тогтвортой байдалд анхаарах болов уу?
-Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймаг 58 мянга гаруй хүн амтай. 1996 онд буюу өнөөдрөөс 25 жилийн өмнө 86 мянган хүн амтай байсан. Үүнийг стандарт өсөлтөөр бодоход Говь-Алтай аймаг өнөөдөр 130-140 мянган хүн амтай байх ёстой. Гэвч нийт хүн амын олонх нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт рүү нүүгээд явчихсан.
-Говь-Алтай аймгийн иргэд нийслэл болон бусад аймаг руу шилжихэд голлон нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу байна вэ?
-Үүнд боловсрол, ажлын байр, эрүүл мэндийн асуудал орно. Говь-Алтай аймагт сүүлийн 30 жилийн хугацаанд Тайширын усан цахилгаан станцаас өөр баялаг бүтээх ажлын байр нэмэгдээгүй. Алслагдсан Ховд аймаг бараг бүх сум нь засмал замтай холбогдчихсон. Гэтэл Говь-Алтай аймгийн нэг ч сум засмал замтай холбогдож амжаагүй байна. Манай аймаг газар тариалан, жимс ногоо, үр тариан дээрээ тулгуурлаад аж үйлдвэр хөгжих боломжтой. Монгол Улсын хамгийн анхны аж үйлдвэр 1964 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд байгуулагдсан. “Архин завод” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж чацарганы дарс, чацарганы тос, оргилуун дарс хийдэг үйлдвэр ажиллаж байсан. Гэвч өнөөдөр 60 жилийн дараа гэхэд илүү хөгжсөн бус ухарсан дүр зурагтай байна. Тиймээс 2014 онд гаргасан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр зогссон байсныг сэргээгээд ажиллаж байна.
-Газар тариаланг хөгжүүлэхэд услалтын систем чухал. Энэ асуудал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Говь-Алтай аймагт газар тариалангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 53 услалтын систем хийх шаардлагатай. Социализмын үед 17 услалтын систем хийсэн. Үүгээр 5500 га талбайг усжуулж, Говь-Алтай аймагт газар тариалан үсрэнгүй идэвхтэй хөгжиж байсан. Үүний үр дүнд манай аймгаас гурван хөдөлмөрийн баатар төрсөн байдаг. Монгол Улс 40 гаруй мянган га бүхий усалгаатай талбай бий. Хэрэв хөрөнгө оруулалтаа дэс дараалалтай зөв хийгээд явбал Монгол Улсад байгаа хэмжээний талбайд усалгаатай газар тариалан эрхлэх боломжтой. Тиймээс бид ирэх жилүүдэд улсын болон аймгийн төсөвт хийх хөрөнгө оруулалтыг газар тариалан услалтын системүүд буюу ажлын байрт хөрөнгө оруулалт хийе гэж төлөвлөж байна. Ингэснээр Говь-Алтайн иргэд орлоготой болох, цаашлаад баруун бүсэд аж үйлдвэрлэл нэмэгдэх, Монгол Улсын жимс жимсгэний хэрэгцээг хангах зорилго тавьсан.
Говь-Алтай аймгийн хувьд өмнө нь ямар ч төлөвлөлтгүй байж. Юунд хөрөнгө оруулалт хийвэл нэн шаардлагатай вэ гэдэг дээр анхаарч байгаагүй. 2016-2020 оны хооронд Говь-Алтай аймагт өмнө нь хийж байгаагүй их хэмжээний буюу 300-400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Гэвч энэ хөрөнгө оруулалт нь байгаа оноогүй. Хөрөнгө оруулалт хийснээрээ ажлын байр, боловсролын чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг нэгдүгээр асуудал болгож голчилж үзээгүй.
-Иргэдийг нутагтаа ажиллаж, амьдрах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Говь-Алтай аймгийн хөгжлийн анхаарч ажиллах гол хүчин зүйлийн нэг бол сумын шинэчлэл хөдөөгийн хөгжил юм. Сургуулиа төгссөн залуусын 90 хувь нь Улаанбаатар хотод үлдэж байна. Үүний шалтгаан нь ажлын байр, тав тухтай амьдрах орчин байхгүй. Тиймээс “Сумын шинэчлэл хөдөөгийн хөгжил” хөтөлбөр боловсруулж иргэдийн хурлаараа батлуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн 17 суманд инженерийн дэд бүтцийг хийх, хэрэглээний цэвэр бохир ус, халаалтын асуудлыг шийдэхийн тулд 120 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Хэрэв сумдад ая тухтай амьдрах орчин бүрдвэл хот хөдөөгийн амьдрах орчны ялгаа арилах юм. Ингэснээр иргэд нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
-Сумдад барих 120 айлын орон сууцны мкв-ийн үнэ хэдэн төгрөг вэ. Хүмүүсийн захиалга хэр байна?
-Бүх суманд холболтын зургийг хийсэн учраас аль ч суманд орон сууц барихад бэлэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван сумын инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Энэ жил хоёр суманд 120 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Говь-Алтай аймаг хойноосоо шуурга ихтэй учраас P хэлбэрийн төлөвлөлт хийж, 40 мкв талбайтай барихаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн жил барилгын материал нэмэгдэхээс өмнө нэг метр мкв-ийн үнэ 900 мянган төгрөгөөр баригдаж, зах зээлд нэг сая төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн байсан. Энэ үед бүх сумдад 60-70 хүн захиалга өгсөн. Харин барилгын материалын өсөлтөөс болж нэг метр мкв-ийн үнэ 1.5 сая төгрөг болсон. Говь-Алтай аймгийн иргэд банкин дахь хадгаламжаараа бусад аймгаас хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг. Энэ нь иргэд хуримтлал сайн үүсгэж байгаа давуу талтай боловч эдийн засгийн талаас мөнгийг эргэлдүүлэх бизнес байхгүй муу үзүүлэлттэй. Тиймээс иргэд зөв хөрөнгө оруулалт хийж, орон сууцанд хамрагдах бололцоог нь хангах зорилготой.
-Танай аймгийн хувьд мазаалай, ирвэс, бөхөн гэсэн ховор ан амьтдын өлгий нутаг. Жуулчдыг татах аялал хэр хөгжсөн бэ?
-.Аялал жуулчлалын хувьд Говь-Алтайчууд өнгөрсөн 30 жилийн хугацаанд дорвитой шинэчлэлт өөрчлөлт хийсэнгүй. Жуулчны бааз алга. Тиймээс өнгөрсөн жил аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулж, батлуулсан. Ингэснээр Говь-Алтай аймаг юун дээр тулгуурлаж аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлэх зорилтуудаа тодорхойлж чадсан. Говь-Алтай аймагт үнэ цэнтэй аялал хэрэгтэй байна. Жишээлбэл, Улаанбаатар хотод мазаалайг хамгаалах зөвлөгөөн боллоо. Гэтэл мазаалайг нүдээр харсан хүн 20-30 байдаг. Мөн ирвэс үзэх хамгийн боломжтой суурин газар, хамгийн ойр цэгүүд Говь-Алтай аймагт байна. Дэлхийд хамгийн эртний сүүн тэжээлтэй амьтан болох бөхөн бий. Гэтэл эдгээр амьтдыг үзэх аялал хийж байгаагүй. Тиймээс зорилтот үнэ цэнтэй аяллыг хөгжүүлэх нь Говь-Алтай аймгийн хөгжлийн нэг гарц юм. Үүний тулд аялал жуулчлалын хөтөлбөр гарган ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 88 (6820)