Монголчуудыг европт хүргэх хаалга "Нарансэвстэй" боомт

2022-05-02
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Сүрлэг өндөр уулс хаяа татан цэнхэртэж, чимээ аниртах уудамд талын салхи сэвшээнэ. Хантайширын нуруу, Аж богд гээд байгалийн гайхамшигт тогтоц бүхий уулстай. Монгол орны 33 говийн 13 нь оршдог, мазаалай, ирвэс, бөхөн зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бол  Говь-Алтай аймаг. Манай сурвалжлах баг тус аймгийн зүг хүлгийн жолоо заллаа. Бид “Бургастай”, “Нарансэвстэй” боомтын нөхцөл байдлыг сурвалжлахаар зорьсон юм. Аймгийн төвөөс  380 км-ийн зайд орших  Бугат сумын нутагт байрлах Бургастай боомтод очиход Монгол Улсын хилийн байр болох хоёр давхар шар байшин,  “Монгол Улс 354” гэсэн хилийн баганын цаана, БНХАУ-тай хиллэдэг хаалга угтлаа.  Хилийн баганаас цааш  буюу БНХАУ-ын нутаг дэвсгэр рүү засмал зам зурайж харагдана. Харин Говь-Алтай аймгийн хувьд 18 сумтай бөгөөд бүх сум засмалаар холбогдож амжаагүй байна.

 

Говь-Алтай аймгийн иргэд хамгийн хямд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан

 

Говь-Алтай аймаг төдийгүй баруун бүсийн аймгуудад зах зээлийн гаргалгааг нээх нэг хөшүүрэг бол хөрш улсуудтай хил залгаа оршин буй боомтуудын хэвийн  үйл ажиллагаа юм. Бургастай дахь гаалийн хороо 30 жилийн түүхтэй бөгөөд 1992 онд байгуулагджээ. Мөн аймгийн төвөөсөө  380 км-ийн алслагдмал  зайд оршдог аж. Уг гаалийн хороонд Бургастай  боомт харьяалагддаг бөгөөд анх Бургастайн булаг буюу 56 км-ийн зайд байрлаж үйл ажиллагаа эхэлж, дараа хилийн бүсдээ байрлажээ. Уг боомтын үйл ажиллагааг байгуулагдсан 30 жилээс хойш хугацаанд хувааж үзвэл, эхний  арван жилдээ Монголын түүхий эдийн  голлох экспортлогч, худалдааны томоохон  боомт байв. Бургастай боомт эхэндээ улирлын чанартай  буюу 3, 6, 8, 11 сард 20 хоногийн хугацаатай ажилладаг байж. Түр боомтын  журмаар ажиллаж байх хугацаандаа сондгой сард хятад, тэгш сард Монголын талаас ээлжилж бизнес арилжаа явуулдаг байв. Тиймдээ ч БНХАУ болон  ОХУ- тай хиллэдэг бүх  боомтоос өвөрмөц онцлогтой байсан аж.

 Түүнчлэн 2005 онд тус боомтоор  бүх  төрлийн бараа бүтээгдэхүүн арилжаа хийдэг төдийгүй баруун бүсийн таван аймгийг түлшний хэрэгцээгээр хангадаг байв. Мөн тус аймгуудын  ноос ноолууран бүтээгдэхүүн  уг боомтоор дамжин хил гардаг байсан юм. Энэ боомтын идэвхтэй үйл ажиллагаа, үр ашгийн дүнд Говь-Алтай аймгийн иргэд хамгийн хямд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг, түүхий эд нь хамгийн үнэтэй зах зээлд гардаг байсан үе. Харамсалтай нь Бургастай боомтын үйл ажиллагаа 2005 оноос хойш  зогсонги байдалтай болж, боомтоор зорчих иргэд цөөржээ. Учир нь хилээр нэвтрэхэд хүндрэлтэй байдал үүсэж, албан ажлаар нэвтрэхэд ч гэсэн бүх зүйлийг нь нэгжиж шалгадаг байна. Иргэдийн оймсыг нь хүртэл тайлж үздэг аж. Энэ байдал нь иргэдийг Бургастайн боомтоор дамжин бизнес эрхлэх боломжийг хаажээ. Түүнчлэн хил хоёр хуваагдсан бөгөөд хилийн ойролцоо байрлах Хятадын нутаг дэвсгэрт нутгийн хүмүүсийн төрөл садан нь амьдарна. Нутгийн иргэд хилийн цаанаа амьдардаг ахан дүүстэйгээ уулзахын тулд Бургастай боомтын хилийн хяналт шалгалтаас залхаж, урт замыг туулан Өвөрмонголын нутгаар тойрч очдог байна.

 Бургастай боомтын үйл ажиллагаа зогсонги байдалтай болоход нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг нь Шинжаань Уйгарын дотоод асуудлаас үүдэлтэй болохыг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар онцолж байлаа. Тэрбээр “Хил орчмын иргэдийн хувьд энэ боомтыг түшиглэж, амьдрал ахуй, арилжаа бизнес нь хөгжиж байсан бол сүүлийн  жилүүдэд тэг зогссон. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд  2023-2024 онд Алтай хотоос Бургастай чиглэлийн 320 км замыг барьж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэвч  уг боомтыг цаашид хөгжүүлэн, ачаа бараа экспортлоход Монголын талаас хэчнээн анхаарал тавьсан ч, хөрш зэргэлдээх хятадын талаас хил нэвтрүүлэх байдал нь хатуу чанга иргэдийг залхаасан байдалтай үргэлжилбэл ирээдүй нь бүрхэг харагдаж байна. Мөн эдийн засгийн хувьд үр өгөөжтэй эсэх нь асуултын хариулт болж байгаа юм. Шинэ сэргэлтийн бодлого буюу боомтын сэргэлт дээр одоогийн байдлаар Бургастайн боомтын хөдөлгөөнийг эхлүүлэх  боомтын барилгыг барих зураг төслийн ажил хийгдэж байгаа” гэлээ.

 

Бургастайн боомт “Алтайн хүдэр” компанийн  төмрийн хүдрийг экспортлох зориулалттай ажиллаж байна

Биднийг Бургастай боомтод очиход уул мэт  их хэмжээний төмрийн хүдэр овоолсон харагдлаа. Учир нь 2010 оноос эхэлж  “Алтай хүдэр” компани Бургастай боомтын хяналтын бүс хилийн орчимд байгуулагджээ. Тус компани  төмрийн хүдрийн  баяжмалыг экспортлох эрдэс баяжмалын зориулалттайгаар сүүлийн 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Уг боомтоор өнгөрсөн жилүүдэд хамгийн дээд талдаа 1.7 сая тонн төмрийн хүдрийн  баяжмалыг экспортлосон байна. Харин COVID-19-ийн нөхцөл байдлаас үүдэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 2-ноос хойш  боомтын үйл ажиллагаа зогсжээ.  Ийнхүү хоёр жилийн хугацаанд тус боомт зогсонги байдал оржээ. Одоогоор Бургастай боомтод 2.5 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал хуримтлагджээ. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ сарын 26-наас эхэлж  хятадын талтай тохиролцож хилийн хөдөлгөөнөө нээж эхлүүлэхээр боллоо.  Тиймээс эхний ээлжинд 30 машинаар төмрийн хүдрийг хилээр гаргах аж. Цаашлаад  COVID-19 нөхцөл байдал болон  ачааллаас шалтгаалан  өдөрт 90 машин болгон нэмэхээр төлөвлөж байна. Бургастайн боомт үйл ажиллагаагаа тав болон арван жилээр судалдаг байна. Ингэхэд нэг удаад хамгийн олон буюу 410 машин төмрийн хүдрийн баяжмал ачиж хилээр нэвтрүүлжээ. Үүнээс харахад Бургастай боомт “Алтайн хүдэр” компанийн  төмрийн хүдрийг экспортонд зориулалттай ажиллаж байна.

Бургастай боомт дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

 

Д.Эрдэнэсүх: Нэг тонн төмрийн хүдрийн баяжмалаас  1500 төгрөгийн  бүрдүүлэлтийн хураамж авдаг

 

-Манай боомтын давуу тал нь техник тоног  төхөөрөмж шийдэгдсэн, шилэн кабельтай. Гэхдээ боомтын цогцолборын байдал  хүрэлцээ муу. Гааль дээр нэг тонн төмрийн хүдрийн баяжмалаас  1500 төгрөгийн  бүрдүүлэлтийн хураамж авдаг. Харин улсын төсөвт өөр тооцооллоор ороод явдаг. Хяналтын бүсэд гацсан 2.5 тонн төмрийн хүдрээс дөрвөн тэрбум төгрөгийн бүрдүүлэлтийн хураамж улсын төсөвт орох боломжтой. Нэг тонн төмрийн хүдрийн баяжмал Бургастайн боомтоор гарах үнэ харилцан адилгүй. Учир нь тухайн үедээ аж ахуйн нэгжүүдийн хооронд гэрээ хийгээд үнэ тодорхой болдог гэсэн үг. Бургастай дахь гаалийн хороо 27 албан хаагчтайгаас 17 нь улсын байцаагч. Боомтын үйл ажиллагааг нээх шийдвэртэй холбоотойгоор одоо зургаан улсын байцаагч ажиллаж байна.  Ер нь сүүлийн гурван жилийн судалгаагаар импортын бараа зогсонги байдалд орсон. Хэдийгээр боомтоор импортын бараа бүтээгдэхүүн гарч байгаа нэртэй боловч өнгөрсөн оны 6-9 сарын хооронд өдөрт 20 машины квоттойгоор экспортлосон. Энэ нь 1496 гаруй тонн болсон.

 

“Нарансэвстэй” боомтыг сэргээснээр баруун бүсийн аймгуудын хөгжлийн гарц нээгдэнэ

 

Хятадын талын хилийн өргөст тор, цаад талд давхар барьсан төмөр хашаа тасралтгүйгээр хэдэн зуун км үргэлжилнэ. Мөн хилийн багана хардаг камеруудтай цамхаг болгон хаалгатай байв. “Сарны хөндий” нэртэй амьтан байтугай, ургамал  ч ургадаггүй, элсэрхэг чулуу бүхий цөл нутаг хэдэн зуун км тасралтгүй үргэлжлэх аж. Хаврын урь унасан өдрүүдийг ч хэлэх үү хүйтэн салхи үлээнэ. Хилийн зурвас дагасан төмөр тороос өөр нүдэнд торох зүйлгүй тал нутаг жирэлзэн өнгөрөх аж. Хилийн торын дагуу бууж сонирхоход хилийн зурвасаас нэг км  бүхий зайд буюу өргөст торны цаад хятадын нутагт  уурхайн орд  харагдаж байлаа.  Энэ бол Говь-Алтай аймгийн Алтай сумаас 400 км, Өргөстэй боомтоос 300 км гаруй үргэлжилж Нарансэвстэй боомтод хүрэх замын дүр зураг. Гэвч Нарансэвстэй боомтын эргэн тойрон дахь байгалийг зэрлэг ан амьтан нүүдэллэдэг, сайхан байгальтай учраас энэ боомтыг сэргээж нээх нь Үндэсний аюулгүй байдалд хортой, ан амьтдад сөрөг нөлөөтэй гэж  хүмүүс ярьдаг аж.

“Бүгд Найрамдах Дундад ард” улс гэсэн хаяг бүхий  хэдэн давхар өндөр том цогцолбор угтлаа. Төмөр хашлаганы цаана мөн л  толь мэт засмал зам алсад зурайж харагдана. Гэвч Монголын талын хилийн боомтын барилга цонх нь хагарсан хэдэн байшин торойж, замын хоёр талд тэс ондоо дүр зураг угтав. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ гэсэн бодол дотор зурж, харамсах сэтгэл төрж байлаа. Говь-Алтай аймгийн төдийгүй баруун бүсийн аймгуудын хөгжлийн хийгээд эдийн засгийн түүчээний нэг гарц нь уг Нарансэвстэй боомт аж. Уг боомтын хятадын талын хилийн барилга 1992 онд хил нээгдэхэд барьсан бөгөөд одоог хүртэл шинэхэн мэт хэдэн он жилийг элээжээ. Мөн Казахстан, Киргизстаныг дамжиж байгаа G-7 зам нь хятадын хаалганы цаана харагдах аж. Хятад сүүлийн хоёр жилийн хугацаанд  уг засмал замыг барьж ашиглалтад оруулсан байна.

 1993 онд Нарансэвстэй боомт хаагдсан бөгөөд түүнээс хойш уг боомтын талаар идэвхтэй санаачилга гаргаж ажиллаагүй байна. Харин 2014 онд тус аймгаас холбогдох удирдлагууд хятадын Ганьсу мужид айлчилж, мөн тэдний удирдлагууд ирж Нарансэвстэй боомтын асуудлаар ярилцсан байна. Ингэхдээ “Монголын зүгээс Нарансэвстэй боомтоо дахин сэргээн нээх асуудлыг шийдвэл, хятадын талаас таван жилийн хугацаанд Алтай хотоос боомт хүртэл засмал зам тавьж өгье. Мөн Нарансэвстэй боомт  дээр баригдах барилгын асуудлыг шийдэх боломжтой.  Үүний санхүүжилтийг торгоны зам төслөөс гаргана” гэжээ. Гэвч Монголын талаас дээр нааштай хариу өгөлгүй өдий хүрчээ. Нарансэвстэй боомтыг дахин сэргээснээр Монгол Улсын баруун бүсийн аймгуудын хөгжлийн гарц нээгдэнэ гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа. Учир нь өнөөгийн ОХУ болон   Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор европоос ирэх ачаа  ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл Нарансэвстэйн боомтоос цааш 60 км-ийн зайд Ази Европыг холбосон Торгоны замын гол зам оршиж байна. Уг торгоны зам нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг зам нь Казахстан, Киргизстан, Иран зэрэг  улсыг дамжин европ хүрдэг аж. Тиймээс Монголчууд торгоны замаар дамжиж Европт хүрэх, дундад  азид хүрэх уг замаар түүчээлэн хөгжих. Цаашлаад бараа  бүтээгдэхүүнээ хямд авах, экспортод гаргах давуу талтай аж.

 Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 

О.Амгаланбаатар: БНХАУ-ын хилийн зурвас дундуур авто зам тавьж коридор гарган ан амьтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс байгуулна

 

-Нарансэвстэй боомтын  хаагдсан шалтгаан нь энэ нутаг дэвсгэр мазаалайн гол нутагладаг газар болох  цагаан дэрс,  шар хулс гэсэн баянбүрдүүд байдаг. Тиймээс  энэ боомтоор дамжиж бизнес эрхлэгчид уг говийн дархан цаазат газраар дамжиж боомт дээр ирж байсан учраас байгаль орчныг хариуцсан байгууллага, Улсын аюулгүйн  байгууллагаас  гаргасан хүсэлтээр Засгийн газраас хаасан. Харин өнөөдөр уг нөхцөл байдлыг арилгаж,  баянбүрдийг дайрахгүйгээр,  Баянхонгор аймаг буюу  Шивээхүрэн, Бургастай боомтын чиглэлд хилийн зурвас дагуу  замын асуудлыг шийдээд нээх боломжтой. Тодруулбал, Боомтыг эргэн сэргээхэд амьтны бэлчээрт нөлөөлөхгүй байдлаас манай улс болон БНХАУ-ын хилийн зурвас дундуур авто зам хийж коридор гарган ан амьтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс хийх юм.  Боомтоос Өргөстэйн застав хүртэл 250 км авто замыг  дархан цаазат газрын баруун урд хэсгээр Улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж засмал зам тавьсанаар дээрх асуудлыг шийдэх боломжтой. Нарансэвстэй боомтын давуу тал нь  Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгарын Өөртөө Засах Оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв хятадтай хиллэдэг ганц боомт юм. Төв хятад болон Өвөрмонгол, Шинжаань Уйгарын орны дунд 60 км хүзүүвч байдаг. Тэр хүзүүвчээр бид холбогдох боломжтой боомт бол Нарансэвстэй. Бид Бургастай боомтын нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Бургастай боомтын үйл ажиллагаа зогсоод хоёр жил болж байна. Мөн Орос Хятадын хооронд монголчууд транзит тээвэр хийх боломжтой  асуудал гацсан. Өнөөдөр төмөр зам дагасан буюу Алтанбулаг эрээний чиглэлд транзит тээвэр явж байна. Монголын хувьд хойшоо буюу Цагааннуур, Боршоо зэрэг боомтуудтай холбож чадвал хамгийн дөт транзит гарц гарч ирж байгаа юм.  Энэ бүхнийг нөхөх боломжтой, хэд дахин илүү гарц гаргалгааг нээх боомт бол Нарансэвстэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 87 (6819)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

9 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

13 цаг 13 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

13 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 53 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 50 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

16 цаг 24 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

20 цаг 28 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

20 цаг 28 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

20 цаг 28 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

20 цаг 28 мин