Энэ жил Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна. Уг ойн хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс олон төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр ажлын нэг болох “Чингис хааны өв, соёл” оюутны эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. “Чингис хааны өв, соёл” оюутны эрдэм шинжилгээний хурал нь Чингис хаан Монголын Эзэнт гүрний түүхийн судалгааны ажилд чиглүүлэх, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах зорилготой бөгөөд Чингис хаан болон угсаа залгамжилсан хаадын судалгаа, Монголын Эзэнт гүрний түүх, эрх зүй, урлаг соёлын судалгаа, Монголын Эзэнт гүрний үед холбогдох сурвалж, археологи, антропологийн судалгаа зэрэг чиглэлээр нийт 30 оюутан илтгэл ирүүлснээс МУИС, МУБИС, УБС, МҮИС, ИЗОУИС-ийн 18 оюутан шалгарч илтгэл хэлэлцүүлсэн юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд: – ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Л.Ганбат – Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор (Ph.D) Н.Саруул – мөн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч, доктор (Ph.D) Х.Мэндсайхан – Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаа нар ажиллалаа. Хурлын дүнг танилцуулбал: Тэргүүн байр-МУИС-ийн оюутан М.Мөнх-Учрал, Дэд байр-МУИС-ийн оюутан Б.Солонго, Гутгаар байр-МУИС-ийн оюутан Д.Мөнгөнцэцэг, Тусгай байр-ИЗОУИС-ийн оюутан Ч.Сувд-Эрдэнэ Тусгай байр- МУИС-ийн оюутан Э.Саранболор тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон оюутнууд та бүхний цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Чингис хааны өв, соёлын хүрээлэн