Б.ДОЛЖИНЖАВ
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 20 дахь жилдээ гуравдугаар сарын 3,4-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд боллоо. Цар тахлын улмаас 2020, 2021 онд хоёр жил цуцлагдсан учир энэ жилийн мөсний баяр өмнөх жилүүдээс илүү олон зочинтой, өргөн дэлгэр болов. Мөсний баярын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг нэгдсэн зогсоолд тавьж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргахаар зохицуулжээ. Гэвч баярт цугларсан 20 мянга гаруй хүний хог хаягдал, бохирдлыг хэрхэн зохицуулсан бол гэх асуудал бидний анхаарлыг ихээр татсан юм. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөс хайлах эрсдэлтэй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулаад байна. Мөсний баярын үеэр ч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрсөн талаар ОБЕГ-аас мэдээлж байв. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл нуурын мөс хайлж эхэлсэн энэ үед мөсний баярт оролцсон 20 мянган хүний идсэн хоол, хүнс, хэрэглэсэн зүйлсийн хаягдал нуурын ус руу орж, бохирдуулж эхэлж байгаа асуудлыг манай сонин хөндлөө.
20 мянган хүний бохирдлыг Хөвсгөл нуур “даах”-уу?
Хөвсгөл нууранд 33 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард татан гаргасан нь “Хөх сувд”-аас гадна жуулчдыг Хөвсгөл нуур руу татах томоохон “дэгээ” болсныг зохион байгуулагчид онцолж байсан юм.
Тухайлбал, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор Хөвсгөл нууранд 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаснаа дуулиантайгаар зарлаж байв. Гэвч зуны улиралд жуулчид салдаггүйгээс хэдийнэ бохирдож эхэлсэн Хөвсгөл нууранд “Мөсний баяр” зохиож олон мянган хүн цуглах нь хамгаалах гэж байгаа экосистемээ үгүй хийх алхам болсон уу. Учир нь энэ жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочин оролцжээ. Үүнээс гадна 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож,70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс гадна 2800 орчим автомашин мөсний баярыг зорин иржээ. Эдгээр тоон мэдээллээс харахад мөсний баяр ямар өргөн цар хүрээтэй болсон нь илт. Нэг талаас олон мянган хүнийг нэг дор ийн цуглуулж, хоёр өдрийг мартагдашгүй өнгөрүүлэх боломжийг олгосон “Хөх сувд”-ыг магтаж, жил бүр үргэлжлүүлээсэй хэмээн олонх бодож буй за. Гэвч хоёрхон өдрийн баярт оролцохоор ирсэн 20 мянга гаруй зочин Хөвсгөл нуурыг хэрхэн бохирдуулж, Монголын өмнөө барьдаг цэнгэг нуурыг “амь тасрах”-ад хүргэх эрсдэлийг бид тооцоолсонгүй. Хөвсгөл нь Монгол Улсын цэнгэг усны 76.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.6 хувийг бүрдүүлдэг хамгийн гүн, эртний нууруудын нэг билээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн таван сум, нэг тосгонд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хүний хүчин зүйлийн нөлөөллийг судлах зорилгоор “Мөсний баяр” болсон хэсэгт 2018, 2019 онд нефть бүтээгдэхүүн, шатах, тослох материалын бохирдол нуурын усанд илрэх эсэхийг тодруулах зорилгоор дөрвөн дээж авч шинжилгээнд хамруулсан юм. Усны чанарыг биотик индексээр үнэлсэн үнэлгээг авч үзвэл 2019 онд Хөвсгөл нуурын хойд эрэг Хороо голын нуурт цутгах хэсэг, Хөвсгөл нуурын зүүн эрэг-Анжигасын ам, Хөвсгөл нуурын урд эрэг, Эгийн гол орчимд хамгийн их бохирдолтой байв. Үүнээс хойш нуурын бохирдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, замагшиж эхэлсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо” гэж Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы индэр дээрээс мэдэгдсэн.
Жуулчдыг татах бус нуураа цэнгэг байлгах нь нэн тэргүүний чухал асуудал
Энэ жилийн мөсний баярыг “Хөвсгөл нуураа хамгаалж "Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр" уриатайгаар зохион байгуулж байна. Тиймээс арга хэмжээнээс олсон орлогоо байгаль хамгаалахад зарцуулах төлөвлөгөөтэй байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар ярьж байв. Мөн мөсний баярыг үзэж сонирхохоор ирсэн автомашинуудаас хураамж авч орлогыг орчны хог хаягдал цэвэрлэх, аюулгүй байдлыг хангахад зарцуулна гэдгийг Мөсний баярыг зохион байгуулах комисс мэдээлж байв. Тодруулбал, суудлын жижиг тэрэг 20, дунд оврын автомашин 30, хүн тээврийн автобусаас 40 мянган төгрөгийн хураамж авсан юм. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2024 онд хэрэгжих "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх Хөвсгөл дэд төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух 37.9 км авто зам, долоон авто зогсоол, 15 км нийтийн зориулалттай явган хүний болон морин жимийн тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Тэгвэл Хөвсгөл нуурыг цэнгэг, цэвэр байлгахын тулд “Хөх сувд”-ыг өөр газар зохион байгуулах нь хамгийн оновчтой арга юм. Эс бөгөөс нуур бохирдож, “Хөх сувд” байтугай зундаа ч жуулчдын нүдийг хужирлаж, орлого төвлөрүүлдэг ганц “үзмэр” байхаа болих вий гэсэн болгоомжлол байна.
Хөвсгөл нуурыг хамгаалахын тулд 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна. Гэхдээ яг одоогийн байдлаар Хөвсгөл нуурт хэрхэн жуулчдыг татах, аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлэх нь бус нуураа бохирдлоос хэрхэн сэргийлж, цэнгэгээр нь урт удаан байлгах вэ гэдэг нь нэн тэргүүний чухал асуудал болоод байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд сануулах гэсэн юм.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байв. Үүний дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна. Энэ мөсний баярыг цэнгэгээгээ алдартай Хөвсгөл нуурт биш өөр газар зохион байгуулах нь зүйтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 83 (6815)