-Цуврал бүтээлийн нээлт дээр хэлсэн үг-
Орчуулагч Норовын ПҮРЭВДАГВА
Хоёр хоногийн өмнө нэг бүсгүй утасдаад “Эргэлт.МН-ийхний номын нээлтэд урьж байна. Урилга хаана аваачиж өгөхөв?” гэлээ. Авчирж өглөө. Тэгтэл маргааш нь Энхмарт утасдаад “Та үг хэлнэ шүү” гэхээр сая л учрыг ойлголоо. Харин би энд уучлал хүсэх ёстой болж байна. Мэдээллийн хэмээх зуун болоод ч тэр үү; сайн муу, сайхан муухай, худал үнэн нь ялгагдахгүй мэдээ ёстой л хаврын уруй ус шиг садрах болсон цаг болохоор сүлжээний мэдээллийг тэр бүр хараад байдаггүй хоцрогдсон хүн, би. Бүр сүүлийн үед мэдээллийн дайн, гибрид дайн гэж дэлхий даяар шуугих болсон, гол буруутан нь интернет, сайтыг гэх болсон нь ч нөлөөлсөн байх. Шуугиантай дуулиантай мэдээг олон түмэнд хүргэх гэж олон сайт уралддаг болсон болоод тэр байх.
Харин Эргэлт. МН-ийнхний гаргаж байгаа 10 номыг гүймэгхэн харахад л эндүүрч андуурч байснаа ухаарлаа гэх үү, аль эсвэл уншигчдын сэтгэлд хүүшилсэн хянах нягтлах гэж байдаггүй мэдээ, микрофон барьсан увайгүй сурвалжлагчаар төсөөлж байсан хандлагад эргэлт хийх гэж зорих залуусаар бахдан бишрэх сэтгэгдэл төрсөнөө хэлье. Та бүхний номны дараа олон хүний төсөөлөл өөрчлөгдөнө гэдэгт итгээрэй.
Э.Хүрэлбаатар “Эрэлийн үзүүрт”, Д.Чанцалдулам “Харгуй”, Б.Гүнжид “Гэгээ түүсэн хавар”, Б.Бадралмаа “Бэрсийн нүүдэл”, Б.Цогтбаяр “Цагийн төрх”, А.Азсайхан “Хязгааргүй” (орчуулгын), Д.Бямбасүрэн “Сул өвс ганхсан намар”, “Ертөнц” гэрэл зураг, “Бид-Тэд” (хамтын бүтээл), Б.Энхмарт “Дэндүү үнэнч чи минь” зэрэг бүтээл нэг хоргонд, нэг хөх өнгөнд баринтаглагджээ. Энэ бол “эргэлтийн номын сан” хэмээн нэрлээд өөрсдийн бүтээл туурвилаар бүтээхийг зорьж байгаа их ажлын шанг татаж байгаа эхний арван номын нэр.
Эдгээр номын талаар би сэтгэгдэлээ хэлэх ёстой. Олдсон хугацаанд барж унших гэж мачийлаа. Гүйлгээд тавьчихаж боломгүй эргэж харж, эрэгцүүлж бодох учиртай амаргүй судар болсныг юуны өмнө хэлье. Хэн бүтээв хэмээн харвал сурч мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатар хэмээх их хөлийн газар тал талаас цугласан залуус байлаа. Эхэндээ аймаг аймгийнхаа машиныг хараад дагуулан харж санааширч, дагаад гүйх нь холгүй байсан залуус байсан тухайгаа бичсэн байх юм. Бас зүүдлээд сэрдэг, сэрээд уйлдаг нутаг өөдөө зэлнээсээ алдуурсан унага эх рүүгээ чавхдах шиг, “дуулж угтдаг, уйлж үддэг төрсөн нутгийн хөндийрүүгээ, мөнхөд нойрссон ч халуун дулаан дурсамж дүүрэн үлдээсэн өвөө, эмээгийнхээ буйр руу, хавь ойрыг бүрхэн харанхуйлах нүүрсний утаа шиг хүний мөс нь хүртэл өдөр өдрөөр “харлах” хүмүүний их бөөгнөрөлөөс зугтах гэсэн хүслээ даран оюутан ахуйн хэдэн жилийг хэрхэн үдсэнээ зохиогчид өөр өөрийнхөөрөө дурссан байх ажээ. Дараа нь сургуулиа төгсөөд бүтээх туурвих оргилуун хүсэлдээ хөтлөгдөн, ижил ижлээ даган Эргэлт. МН сайт хэмээх бяцхан мөртлөө их айлын ханыг шийрлэж, тооныг тулсан уран бүтээлч хамт олон болоод байгаа юм байна. Мөн л өөрсдөө зорилго болгон тодорхойлсоноор хамгийн шилдэг, хамгийн сайн, хамгийн их дуулиан тарих бүтээл туурвиж, монголын сэтгүүл зүйн хүрээнд цахиур хагалахаар эрлээс эрлийн хооронд амс хийх ч завгүй гүйж байгаа бүтээлч залуусын туурвил ийнхүү уншигчдын гар дээр тавигдаж байгаа юм байна.
Холын их зорилгод мордсон энэ хамт олны эрлийн гараа нь ийнхүү нүд дүүргэн цэлийх тал нутаг, тэнгэр тулан дүнхийх уулс, тал дүүргэн налайх мал сүрэг, мянга мянган жилийг дамнах нүүдлийн соёл иргэншлээ манасан эцэг өвгөд байгааг хараад баярлан огших сэтгэл төрж байна. Бид ингэж л байж даяаршин ижилсэж байгаа цаг үед өөрсдийн өнгө төрхөө хадгалан ондоошиж амьдарна. Сураг нь тасрах шахсан тахь хэмээх адуугаа уугуул нутагтаа авч ирэн өсгөж үржүүлж байгаа; цагийн хатуу шуналын сэтгэлд ширвэгдэн мөхлийн ирмэгт тулж байгаа нулимстай бөхөнгийн тухай та бүхний халаглан бичиж байгааг ч мөхөс би ингэж л ойлгож байна.
Сурвалжлага, ярилцлага, хөрөг нийтлэл, орчуулга, тэмдэглэл, замын тэмдэглэл, фотосурвалжлага гээд сэтгүүлзүйн төрөл бүрээр туурвисан арван судрын талаар хэдхэн минутанд багтаан тодорхой ярина гэдэг бүтэхгүй зүйл. Үнэндээ аль нэгийг онцлоод санаа бодлоо хэлж болох ч бас тэгж болмооргүй санагдана. Тасралтгүй урсах мэдээллийн их урсгалд хүмүүн бид барагтайд цочихоо байж, цаг хугацаанд бурууг үүрүүлэн мартахыг илүүд үзэх болоод байгаа нь үнэн. Зарим улс төрчид, улстөрийн хүчин аргацаан мартуулахыг хүсэж байгаа С.Зориг, АПУ Батхүү агсны аллагаас эхлээд аймшигтай хэрэг явдал, албан тушаалаа ашиглан түмний хөрөнгийг зувчуулсан эдийн засгийн гэмт хэргийг сайтаар шуугиад өнгөрөх биш номонд гаргаснаар олон түмэн алгандаа барьж, алагаараа тэмтрэх боломж сэдэж олсон нь энэ хэдэн ботийн гол гавьяа болж байх шиг байна. Тийм учраас энэ хамт олны эрэн сурвалжилж эрэгцүүлэн дүгнэсэн бичвэр чухам л үнэн баримт ажээ. Сэтгүүлчийн микрофон, зураглаачийн камер хараад ухаантай царайлан учиргүй яриасаг болдог улстөрчдийн яриаг номонд буулган хэвлэснээр долоо хэмжиж нэг огтолдог мэргэн түмэндээ дараа дараагийн сонголт хийхэд их нэмэр болно байх.
Баримтаа бүрэн олтол, баатараа зөвшөөртөл, гол үгээ сэхээртэл нийтлэл сурвалжилгаа дэлгэхгүй байх гэдэг хандлага энэ хамт олны өнгө төрх бололтой. Гэхдээ бас эхэлсэнээ гүйцээхийн тулд шургуу тэмцэж зүтгэнэ гэдэг энэ хамт олны өөр нэг зарчим бололтой. Тийм ч учраас материалаа болоогүй байна гэж үзвэл хамгийн том босс ерөнхий эрхлэгч дээ хааяа “болоогүй байна, бүрэн юм хийнэ” гэж томордогоо гэмшингүй хэлсэн байх юм. Бас улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайдаар өртөөлсөн улс төрийн томчуудын хуудуутай шийдвэр, хууль бус томилгоог зүгээр өнгөрүүлэхгүй, баримтын сэжүүр атгавал учрыг нь олтолоо, үнэнийг хэлүүлтлээ санаа нь дэндсэн улстөрчдийн эрлэг байхыг энэ редакцийн сэтгүүлчид эрхэм зорилгоо болгодог бололтой. Бахдууштай.
Энэ хамт олны өөр нэг онцлог нь үнэн цагаан мөртэй, өөрийн хүч, хичээл зүтгэлээр амьдралаа авч яваа, бүдрэх цаг байхад босох сэтгэлийн тэнхээтэй, траншейнд унаж, архинд живж явсан ч хүн шиг амьдрахаар өндийж чадсан, ядарсан нэгэнд гар сунгахдаа хармын сэтгэлгүй улс байгаа нь нүдэнд тусаж байна. Тэгээд ч тэр үү, Эргэлт. МН сайтын сэтгүүлчид бие биенээсээ, бүр бяцхан үрээсээ ч сурч байгаа тухайгаа бичиглэсэн байх ажээ.
Тухайлбал Б.Энхмарт номондоо: Саяхан охиныхоо зурсан зургуудыг гарган харлаа. Тэгтэл “миний ээж дандаа завгүй” гэсэн тайлбартай зураг олон харагдлаа. Нэгэн дээр нь би сонин уншаад сууж байна, харин охин минь ширээний ард суух ажээ. Өөр нэг зурган дээр би хувцас угааж байгаа бололтой. Охин минь өнөөх л газраа сууж харагдана. Дахиад нэг зурган дээр ээж хормогч зүүсэн хоол хийж байгаа бололтой гартаа халбага барьжээ. Харин охин маань өнөөх л байрандаа, ширээ дэрлээд хэвтсэн маягтай харагдав. Охиноо дуудаад “Миний охин ээжийнхээ юу хийж байгааг ажиглаад байгаагаар зурдаг юм уу?” гэтэл “Таныг завтай болохыг л хүлээж байгаа юм аа. Та хэзээ завтай болох юм бэ?” гэж цочтол асуусан тухай бичсэн байна. Хэн ч бодмоор зүйл байгаа биз?
“Гэгээ түүсэн хавар”-ын “Харгуй”-гаар бэдрэн “Цагийн төрх”-ийг шинжин шинжин хүрэх “Эрлийн үзүүрт” дамжиггүй хүрэх “Хязгааргүй” урт замын тань аянд амжилт хүсье.
2022.4.21.
Эх сурвалж: www.polit.mn