Ч.ЗОТОЛ
Монгол Үндэсний Ардчилсан намаас “Үндсэн хууль ба улс төрийн нам” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулав. Нам, хөдөлгөөнүүд, төрийн болон ТББ-ын төлөөллөөс гадна 1990 оны шинэ Үндсэн хуулийг тогтоогчид өргөнөөр оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид, олон нийт, улс төрийн намуудын зүгээс Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг нэг мөр цогцоор боловсронгуй болгохгүйгээр өнөөгийн нийгмийн доголдол, алдаа завхралыг арилгаж чадахгүй гэсэн саналыг хэлж байв.
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Намчирхаж талцсан Монгол” гэсэн илтгэлдээ “МАН-ын Монгол, АН-ын Монгол гэж байхгүй. Монгол Улс нэг бөгөөд үндэсний нэгдмэл эрх ашиг гэж бий. Өнгөрсөн 30 жилд сонгууль болгоноор намчирхаж талцсаар ирсэн. Жишээ нь 1992 оноос хойш Орон нутгийн сонгуулийг долоон удаа хийхдээ иргэдээс байгуулах ёстой ИТХ-ыг намаар дэвшүүлэн байгуулж Үндсэн хуулиа зөрчиж ирсэн байна. Үр дүнд нь хөгжлөөрөө хоорондоо уралдах ёстой 300 гаруй сум, есөн дүүрэг дотроо МАН, АН-ын тэмцэл өрсөлдөөнд хүч хөрөнгө, нөөц бололцоогоо барж байна” хэмээн тэмдэглэв.
“Сонгодог парламентыг хөгжүүлэхийн тулд процорцианаль элемент хэрэгтэй”
Хуулийн шинэчлэл хийх тухайд МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улс төрийн намын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд улс төрийн намууд нэгдсэн байдлаар саналаа өгөөд явж байгаа. Гэхдээ Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн санхүүжилтийн тухай хуулийг Үндсэн хуультайгаа хамтад нь ярих хэрэгтэй. Яагаад гэвэл, улс төрийн нам парламентын засаглалыг тогтооно, сонгодог парламентын тогтолцоогоо хөгжүүлнэ гэвэл зайлшгүй пропорциональ элементийг оруулж ирэх ёстой.Үүнийгээ Сонгуулийн хуульд оруулах боломж нь Үндсэн хуулиар хаагдсан гэдэг нь Цэцийн дүгнэлтээр гарчихсан байгаа. Иймд энэ асуудлыг гарцаагүй ярих шаардлагатай. Энэ тухай ярина гэвэл 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахад орхигдсон хэд хэдэн чухал заалт бий. Тухайлбал, Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн чухал зүйл бий. Валютын ханш, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал, үндэсний эдийн засгийн тогтвортой байдал зэрэг асуудлыг ярих ёстой. Үндсэн хуулийн хоёр, гуравхан хэсэгт л улс төрийн нам гэсэн үг орсон байгаа боловч яг үнэндээ Үндсэн хуулийг хөдөлгөж байгаа, хуулийн үйлчлэл нь бүгд нам болсон. Намын нөлөөлөл ороогүй байгууллага, ажилтан, гэр бүл, ТББ, нутгийн зөвлөл, спортын холбоо, тэр бүү хэл шашны байгууллага байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Тиймээс улс төрийн намын оролцох, оролцохгүй ажил гэдгийг тодорхойлох, хил хязгаарыг тогтоох хэрэгтэй. Энэ бүгдийг өөрчлөхгүй бол өнөөгийн шинэ цаг үе, шинэ эринд тоталитар маягийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхөө больсон. Энэ зүйлийн ач холбогдол байхгүй болсон. Хүнээр дамжуулж үзэл суртал, бодлогоо таниулдаг байсан бол мэдээллийн эрин зуунд тэр зүйл байхгүй болсон. МАН-д 300 мянган хүн хэрэггүй, АН-д 200 мянган хүн хэрэггүй. Түүний оронд шилдэг, шилмэл зуут хэрэгтэй. Тэргүүний мянгат хэрэгтэй. Бэлтгэгдсэн түмт хэрэгтэй. Тэгэхэд улс орныг аваад явчихаж чадна. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд оруулах өөрчлөлт нь намууд засаг, захиргааны анхан шатны нэгж, сум, дүүрэгт бүтэцгүй байх ёстой. Ингэж байж ард түмнээ цул болгоно. Цөөхөн монголчуудыг хуульчилсан хуваагдлаар танай, манай тал гэж хуваадгаа болих хэрэгтэй. Намын гишүүний эрх жирийн иргэний эрхээс хамаагүй дээр байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Намын гишүүн бол ажилд орж чадахгүй, албан тушаал дэвшихгүй, гадаад, дотоодод явахгүй, шагнал урамшуулал хүртэхгүй, газар, төсөл, ЖДҮ болон бусад зээлд хамрагдаж чадахгүй, хүртэхгүй гэх мэт байдал газар авчээ. Энэ байдал өнөөдөр Монголын эдийн засгийг сөхрүүлж улс орныг “Сонгуулийн эдийн засаг”-тай болгож байна. Бид ингэх бус Хөгжлийн эдийн засагтай болох учиртай. Энэ чиглэлээр шинэчлэл хийхийн тулд зайлшгүй Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн асуудлыг ярих ёстой” гэлээ.
Ж.Гомбожав: Ардчилсан Үндсэн хууль чадамжаа алдаагүй байгаа
Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө Үндсэн хуультай хамтад нь шинэчлэн боловсруулах шаардлагатай. Ямар зарчмыг гол болгох тухайд АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав байр сууриа илэрхийлэхдээ “Миний үг Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны байр суурь биш юм. Би өөрийн бодлыг хэлье” гээд дөрвөн зүйлийг тэмдэглэсэн. Энэ нь нэгдүгээрт, 1992 оны Үндсэн хууль чадамжаа алдаагүй байгаа. Хоёрдугаарт, тус хууль анхны бичилтээрээ /агуулгаараа/ өнгөрсөн 30 жилд хэрэгжиж чадаагүй. Гуравдугаарт 2019 оны нэмэлт, өөрчлөлтүүд нь сонгогчдын хүсэн хүлээсэн, ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт болж чадаагүй. Дөрөвдүгээрт, УИХ-ын намын бүлгийн одоогийн үйл ажиллагаа нь УИХ дахь бүтцийн байгууллага гэхээс илүүтэй намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй даган биелүүлдэг бүтэц болж хувирсан байна гэдгийг тэрбээр онцлов. Түүнчлэн дээрээ хяналтгүй шахам болсон, дуртайгаа зүйлээ хийж, дургүй зүйлээ хийдэггүй нэг танхимтай парламентад олон сул тал байгаа нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд ажиглагдаж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа тэрбээр хэлж байлаа. Эцэст нь хэлэлцүүлэгт оролцогчид Улс төрийн нам болон Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуультай хамт цогцоор нь боловсронгуй болгох саналыг УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэдэгт байр сууриа нэгтгэж хандана гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn