Рагчаа даргаа дурсахад

2022-04-22
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Х.Цэвлээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч

 

Сайн танил байсан нэгэн эрхмийн МАХН-ын 80 жилийн ойд зориулж 2001 онд бичсэн дурсамжийг уншлаа. Тэгсэн чинь гэрэлтэй сүүдэртэй алаг хорвоо миний элэг зүрхний дундуур туучаад өнгөрөх шиг санагдлаа. Хүний сайхан сэтгэл гэдэг ямар их өрөвч, өрөвдөлтэй бөгөөтлөө ямар гайхамшигтай аугаа хүчирхэг байдгийн нэгэн сод баримтыг тэндээс олж харлаа. Одоо энд тэрхүү этгээд гайхалтай дурсамжийн нэгээхэн хэсгийг сийрүүлье.

“Би 1950 оны нэгдүгээр сард ханиад өвчний учир ханиа алдаж дөрвөн нялх балчир хүүхэд, хоёр нүд нь сохор хөгшин эхийн хамт үлдэж санаа сэтгэлийн зовлон, амьдрал ахуйн бэрхшээлд нэрвэгдэж байсан үе болох 1951 оны гуравдугаар сард албан тушаалаа буруугаар ашигласан гэсэн хилс гүжир хэрэгт холбогдож, хөдөлмөрийн лагерьт хоёр жил хоригдохоор шийтгэгдэж уг лагерьт гурван сар гаруй хоригдож, 1941 онд элссэн МАХН-аасаа хөөгдсөн боловч 1959 оны зургадугаар сард улсын прокурорын эсэргүүцэл, улсын дээд шүүхийн бүгд хурлын тогтоолоор уг хэрэг нь гэмт хэргийн бүрдэлгүй, улсад учруулсан хохиролгүй гэсэн магадлал үндэслэлээр шийтгэлийг цагаатгаж, намын гишүүнийг сэргээж тогтоосон байдаг. Гэтэл 1990 оны зургадугаар сард МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн нэг гэж бусад долоон хүний хамт намын гишүүнээс хасагдсан юм” гэжээ. Хүний сэтгэл гэдэг цахилгаан шиг хурдан юм чинь яг тэрхэн агшинд “Хорвоо чи хүний зовлонгоор цадах болоогүй юу” гэсэн аугаа их Ч.Лодойдамба агсны сэлэм жад шиг хурц үг ухаанд зурсхийж сэтгэл санаа урагдах мэт дотор хачин эвгүй оргидог юм байна. Тэгсэн түүний дараагийн нэг өгүүлбэр нь мөнөөх үймэрсэн санаа бодлын манарлыг хийсгэн арилгаж шаналсан сэтгэл тэр даруй тайвширан амирлав. Тэнд “Эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө цуцалтгүй тэмцэж үнэн голоосоо зүтгэдэг МАХН, түүний гишүүд, дэмжигч хамт олныг дурсан санаж төр, засгийн сонгуульд 95 хувийн санал өгсөн явдал манай намд гайхамшигтай сайхан ялалт боллоо” гэж 2000 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг бахархан тэмдэглэсэн байв. Энэ дурсамжаа бичиж байх тэр мөчид 83 настай байсан энэ буурал зүтгэлтэн маань хэдийгээр намаасаа хасагдаад нам бус иргэн байсан боловч аанай л Ардын намын гишүүн хэвээрээ байгаа юм шиг “Манай намд гайхамшигт сайхан ялалт боллоо” хэмээн энгүй их хөөрөн догдолж бичсэн байлаа. Бодвоос энэ хүнийг Ардын нам нь биш харин албан тушаал, нэр хүнд, эрх ямба горилсон зуурдын этгээдүүд л намынх нь нэр барин тийнхүү сүржигнэж байна гэж ухаарсан ч юм сан уу. Ямар боловч тэр хүний дотоод билэг оюун нь тийнхүү намдаа хэзээ ямагт сайн санаж явдаг тэр итгэл үнэмшил нь хуучин янзаараа хугарч нугараагүй үлдсэн байжээ. Үнэхээр төдөлгүй мөнөө тойрон хүрээлэгчдийн хэрэг гэгчийг хууль хяналтын дээд байгууллага хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгож холбогдогчдыг бүрэн цайруулсан байдаг юм. Энэ хүн ийм л хүн. Харин энд нэрийг нь хэлэхгүй “энэ хүн”, “энэ хүн” гээд байгаа “энэ хүн” гэдэг чинь тэгээд хаанахын хэний хэн гэгч вэ.

Хэрэвхүйеэ энэ хүнийг хорвоод мэндэлсэн насаар нь тоолбол Ардын нам ба 1921 оны Ардын хувьсгалаас дөрвөн насаар ах, алдарт Октябрийн хувьсгалаас 10 сарын өмнө хорвоод мэндэлсэн хүн юм байна. Монгол зурхайн тооллоор бол могой жилтэй. Иргэний бүртгэлд бичсэн албан баримтаар тодруулж харваас 1917 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын нутагт төрсөн байна. Нийгмийн амьдралд анх орсон баримтыг сонирхвол 1925 онд Увс аймгийн Хяргас сумын /тэр үеийн Чандмань Уул аймгийн Баянмандал уулын хошуу/ бага сургууль, 1934 онд Нам ба Улсын төв сургууль, Москва хотод Центрсоюзын Хоршооны ажилтны дээд курс, 1958 онд МУИС-ийг төлөвлөгөө, эдийн засагчийн мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1931 онд анх Увс аймгийн Хяргас сумын захиргаанд бие зарлага, тал бичээчээс ажлынхаа гарааг эхэлж, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод аймагт нягтлан бодогч, дамжлага баазын дарга, Хоршоодын төв холбооны орлогч дарга, Гадаад худалдааны яаманд хэлтсийн дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1960-1987 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч, нэгдүгээр орлогч даргын өндөр албан тушаалд ажилласан байна. Тэгэхээр удирдагч хүн гэж хэлж болно.

Монгол Ардын намд 1941 онд элссэн ахмад гишүүн юм. Ингээд ярихаар энэ хүн хаанахын хэний хэн гэгч болохыг олонх ахмад таньсан байж таарна. Тийм ээ, энэ хүн бол та бүхний сайн таньдаг, хүндэтгэдэг тэр хүн мөн. Овог нэрийг бүрнээр нь хэлбэл Монгол Ардын нам, Монгол Улсын төрийн ахмад зүтгэлтэн Түмэнбаярын Рагчаа гуай. Түмэнбаярын Рагчаа гэж чухам хэн бэ гэвэл тэр бол удирдагч хүн гэдгийг нэгэнт хэлсэн. Үүний баараггүй үнэн болохыг дараах баримтаас тодосгон харж болно. Тэр бээр 1961-1988 онд МАХН-ын Төв хорооны гишүүн, 1972-1987 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүн, 1961-1986 онд МАХН-ын зургаан удаагийн Их хурлын төлөөлөгч, 1960-1988 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар удаа дараалан сонгогдон ажиллаж байсан, нам, төрийн шилдэг удирдагчдын нэг мөн билээ.

 Т.Рагчаа нь Алтан гадас одонгоор нэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор гурван удаа шагнагдсан Монгол Улсын гавьяат эдийн засагч байсан нь түүний Монгол эх орныхоо төлөө ямар их гавьяат үйлс бүтээснийг олон таван үггүй шууд илэрхийлнэ. Түүгээр зогсохгүй хөдөлмөрийн баатар цол авах хэмжээний хүн байсныг давхар утгаараа харуулна. Тэр үеийн амьд гэрч болох бидний мэдэх баримтаар бол өнгөрсөн зууны жараад оноос манай орон даяар өрнөсөн мал сүргийг хашаажуулах, хөдөө нутгийг усжуулах, атрыг эзэмших шинэ шинэ аяныг санаачлан зохион байгуулахад зонхилон манлайлах үүргийг Ардын нам талаас Нямын Жагварал, Ардын засаг талаас Түмэнбаярын Рагчаа хэмээх МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ажилсаг гялалзуур хоёр дарга гар, санаа нэгтэйгээр шууд хариуцан амжилттай хэрэгжүүлж байсныг сайн санаж байна. Энэ утгаараа тэд үнэхээр удирдан зохион байгуулах хосгүй их авьяас чадвар нь од мэт гэрэлтэн тодорч байсан. Монголоо гэсэн эх оронч шулуун шударга, эрэмгий дайчин удирдагч баатрууд мөн гэдгээ харуулж байсан юм. Би тэр үед Ардын намын төв хорооны лектор суртал нэвтрүүлэгчийн ажилтай байсан болохоор тэднийг туйлын ажил хэрэгч дарга нар байсныг мэддэг, таньдаг болсон юм. Атрыг эзэмшсэний 30 жилийн ойн илтгэл бэлтгэхэд Рагчаа даргад хэд хоног туслалцан ажиллаж байсан удаатай. Энэ хоёр даргын ноён нуруу, ажилсаг зарчимч байр суурийг ойрын зайнаас таньж мэдсэн учраас энэ давуу боломжоо ашиглан дурсамжийн нийтлэл бичих хэрэгтэй юм байна гэж бодох болсон байгаа. Тэгээд хэдэн жилийн өмнө “Нямын Жагварал” номыг үзэл санаа нийлсэн хэдэн нөхдийн хамт эмхэтгэн хэвлүүлж байсан. Тэр номын оршил болгож Н.Жагварал даргын тухай хөрөг дурсамж бичиж байсан юм. Одоо Т.Рагчаа даргын тухай бичиж байна. Би ямар ч атугай энэ хоёр эрхэм хүний тухай заавал бичих ёс суртахууны үүрэгтэй үлдсэн учраас эдүгээ энэ нийтлэлийг ийнхүү чадан ядан тэрлэв.

Т.Рагчаа гэдэг энэ эрхэм хүндтэй буурал дарга бол үнэхээр төр түмэнд ач тустай үйл хэрэг бүтээхийн төлөө төрсөн тэнгэрийн томилолттой нэгэн гэмээр сайн удирдагч хүн байсан. Нэлээн ч урт насалсан. Төр түмэнд ямагт буянтай сайхан үйл хэрэг бүтээж байсан хүн ингэж урт насалдаг юм сан уу. Магадгүй шүү. 2015 онд тэнгэрт хальсан. Нийтийн тооллоор бол 98 нас хүрсэн, монгол тооллоор бол 99, илүү саруудыг нэмбэл 100 хүрч зургаадай таяг тулсан хүн юм билээ. Ийм сайхан урт насалсан буянтан манай нам төрийн том удирдах зүтгэлтнүүдийн дотор цөөн байж мэднэ. Монголд Т.Рагчаа дарга шиг удирдан зохион байгуулах ундармал авьяастай, энгийн даруу зантай, хүнлэг намбалаг удирдагч хүн илүүдэхгүй тул энд удирдах авьяастны талаар ийн хэлэв.

Т.Рагчаа гуай бол удирдахуйн авьяас чадвар нь басхүү 30-аад насандаа ид оргилж байсан боловч хилс хэргээр шийтгэгдэж урам зоригийг нь мохоох дөхсөн байна. Гэвч төдөлгүй үнэн ялж, цагаатгагдсан тул нэг талаас нам төр энэ хүний мөнөөх бусдыг удирдан манлайлах төрмөл авьяас чадварыг нь анхааралдаа авч нөгөө талаас энэ хүн өөрөө эх орон ард түмнийхээ төлөө хамаг авьяас чадвар мэдлэг туршлагаа ашиглан чин үнэнчээр зүтгэхийг хичээж хоёр талын хэрэгцээ сонирхол тийнхүү нэгдэн нийлж байсны ачаар Т.Рагчаа даргын удирдан зохион байгуулах авьяас чадвар нь Монголын төр түмэнд өлзий буянаа өгчээ. Даруй 30 шахам жил Монгол Ардын намын төв хорооны улс төрийн товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчдийн багт багтаж төгс төгөлдөр, шулуун шударга, эрэмгий дайчин ажиллаж чадсан байна. Үнэхээр дайчин хүн байж дээ. Жинхэнэ төрийн хүн. Шалгарсан удирдагчийн нэг байлаа тэр.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 81 (6813)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

12 цаг 2 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

15 цаг 42 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

15 цаг 55 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

17 цаг 22 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

18 цаг 19 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

18 цаг 53 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

22 цаг 57 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

22 цаг 57 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

22 цаг 57 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

22 цаг 57 мин