Н.Пүрэвдаш: Амьдралаас авсан хамгийн том үнэт зүйл бол “Харанга"

2022-04-22
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдаштай ярилцлаа.  “Харанга” хамтлаг ирэх сарын 13, 14-нд “Legendary Haranga: Greatest Hits” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ.

 

-“Харанга” хамтлаг гурван жилийн өмнө 30 жилийн ойн тоглолтоо хийсэн. Энэ жил 33 настайгаа золголоо. Хүнээр бодвол ид хийж бүтээх залуу нас даа?

-Бид 2019 онд ойн тоглолтоо хийсэн. Он гараад дахиад тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлаас шалтгаалаад тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Одоо л өвчин гайгүй болж, соёл урлагийн салбар маань сэргэх нь. Энэ цаг үед “Харанга”-ын үнэнч фэнүүд, дууг маань сонсох дуртай сонсогчдын дунд нэлээд хүлээлт байх шиг байна. Тиймээс ирэх сард хит дуунуудаасаа бүрдсэн тоглолт хийхээр төлөвлөөд ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаад дуусч байна. 

-Танай хамтлагийн дуунууд бүгдээрээ өөрсдийн чинь ур ухаан, авьяас билгээр бүтсэн гэдгээрээ илүү онцлог, даацтай байдаг. Ер нь өөр уран бүтээлчийн бүтээлээс дуулсан тохиолдол хэр олон байдаг юм бэ?

-Ихэнх уран бүтээл маань манай хамтлагийнхны өөрсдийнх нь бүтээл байдаг. Өөр хүмүүсийн уран бүтээл гэвэл цөөхөн байх шүү. Энэ удаагийн тоглолт ч зөвхөн манай хамтлагийн зохиосон 25 дуунаас бүтсэн гэдгээрээ онцлог. Яг бүртгээд үзэхээр энэ хугацаанд бид их олон уран бүтээл хийжээ. Манай хамтлаг шиг зөвхөн өөрсдөө дуугаа бүтээдэг, баялаг урын сантай хамтлаг бараг л байдаггүй юм байна. Түүнээсээ шүүж, яг хит болсон 25 дуугаа л сонгоно гэдэг бас л шаггүй ажил байлаа.

-Энэ хугацаанд хэдэн удаа тог­­лолт хийсэн байдаг бол. Хэрэв албан ёсоор статистик тоо мэдээ­лэл байдаг бол Монголын хөгжмийн түүхэнд бас нэг рекорд тогтоохоор болсон байх даа?

-Тоглолтын тухайд тоймгүй олон болсон. Энэ удаагийн тоглолтыг яг тэд дэх тоглолт гэж хэлж чадахгүй нь. Учир нь заримыг нь бүр мартсан байна. Манай хамтлагийн тоглолтыг биднээс илүү сонсогчид маань сайн санадаг юм. Тэд маань их сайхан түүх ярина. Тэдэн онд тэр тоглолтын үеэр тэгж билээ гээд л. Даан ч заримыг нь бид бүр санахгүй. Манай энэ удаагийн тоглолтод хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн зээ хүү Мөнх-Эрдэнэ гээд залуу оролцоно. Манай талийгч Х.Булганы тоглож байсан бүх паартыг тоглоно.

-Тантай ярилцах гээд бэлтгэлийн байранд ирэхэд танил хөгжмүүд эгшиглээд нэг л дотно мэдрэмж төрлөө. Гурван жилийн дараа эргээд бэлтгэлдээ ороход ямар мэдрэмж төрөв. Магадгүй “Харанга”-ын хувьд ийм урт хугацаагаар уран бүтээлээсээ хөндийрч үзээгүй байх?

-Гурван жил гэдэг уран бүтээлч бидний хувьд үнэхээр  урт хугацаа байлаа. Ялангуяа байнгын бэлтгэлтэй байж, цагийн хуваарийн дагуу ажилладаг “Харанга”-ын хувьд. Бид өдөр бүр 16:00 цагаас эхлээд 21:00 цаг хүртэл бэлтгэл хийж байна. Мэдээж гурван жил хөгжмөө бараг бариагүй учир гар хөл хөшүүн болсон байна. Бэлтгэлийн эхний гурван өдөр хөдлөхөд л хөлс цутгаад хэцүүхэн  байлаа. Хэд хоногийн дараагаас олон жил уралдсан морь гэдэг шиг жигдэрч эхлэх байх даа.

-Тасралтгүй 30 гаруй жил уран бүтээл хийгээд, энэ насан дээ­рээ залуусыг давж, тоглоно гэдэг “Харанга”-ын чансааг л илэрхийлж байна. Үнэхээр та бүх­нээс эрч хүч мэдрэгдэж байна шүү?

-Бид дөнгөж 17, 18 настайгаасаа бие биетэйгээ нөхөрлөж эхэлсэн. Энэ хугацаанд эр хүмүүс учир муудаж эвлэрэх, гомдож туних, бахархаж омогших үетэй олон нүүр тулж явлаа. Хааяа гар зөрүүлчихнэ, хэн нэгэнд нь сайхан учрал тохиовол хамтдаа баярлана гээд амьдралын бүхий л жаргал зовлон, нугачаанд бид бие биенээ орхилгүй түшсээр ирсэн. Одоо бол нэгнийхээ аашийг андахаа байсан. Сүүлийн үед харцаараа зодолддог болсон. Муухай үг хэлж, ам мурийхгүй. Хэн нь юу хэлэх гээд байгааг харцнаас нь л ойлгочихдог. Олон жилийн нөхөрлөл ингэж л хүмүүсийг бие биед нь уусгадаг юм байна.

-Таныг цэргийн удамтай гэх юм билээ?

-Хамтлаг байгуулахаас өмнө бид өөр, өөр хамтлагт уран бүтээл хийдэг байсан. Миний хувьд анхнаасаа л цэргийн хүн байлаа. Армид 23 жил болсон цэргийн бөмбөрчин. Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд тоглодог байсан. Одоогоор  Төрийн их найрал хөгжим гэж тайлбарлаж болох юм. Төрийн хүндэтгэлийн концерт, төрийн айлчлал зэрэг томоохон үйл ажиллагаанд үргэлж оролцдог байлаа.

-Таныг их бага наснаасаа бөмбөртэй нөхөрлөсөн гэж сонссон. Хөгжмийн олон урсгал байхад яагаад бөмбөрийг онцлох болов?

-Би 12 настайгаасаа өнөөдрийг хүртэл ширэн бөмбөртэй нөхөрлөж, амьдрал хийж явна. Эргээд бодоход яг 52 жилийг энэ хөгжимдөө зориулсан байна. Намайг бага байх үед сурагчдыг таван жилийн гэрээтэй хөгжмийн дунд сургуульд авдаг байлаа. Манай ээжийн дүүгийнх нь нөхөр мундаг удирдаач хүн байсан юм. Тэр ах маань намайг гэнэт л хөгжимчин болгоё гээд дунд сургуульд оруулчихсан юм. Юугаа ч мэдэхгүй жаахан хүү үеийнхэнтэйгээ хамт үсээ хусуулаад цэргийн хүн болчихсон. Аав ээждээ эрхлээд тоглоод гүйж байсан хүүхэд гэнэт гэрээсээ холдоод цэргийн амьдралаар амьдрах болоход шантрах үе зөндөө л байлаа. Өглөөний жагсаал дээрээ бараг зогсоогоороо унтана, сайхан унтаж байхад босоод, гүйгээд гээд бүгд л командын дагуу. Магадгүй багаасаа ингэж цэргийн амьдралын хатууг мэдэрсэн маань амьдрал дээр гараад ямар ч үед шантрахгүй, ядрахгүй, сэтгэлийн хаттай байх төлөвшлийг надад өгсөн юм болов уу гэж боддог. Тухайн үед цэргийн дунд сургууль төгссөн хүүхдүүдээс Төрийн их найрал хөгжмийн хангалтыг хийдэг байлаа. Миний хувьд дөнгөж 18 настайдаа тэр их том айлын нэг эд эс болж, бөмбөрчнөөр орсон түүхтэй.

-Дөнгөж 18 настай залуухан боловсон хүчний хувьд тэр том босгыг давахад айх, сүрдэх үе гарч байв уу?

-Миний хувьд албан ёсоор орохоосоо өмнө л хөгжимчиддөө танигдчихсан байсан үе. Учир нь багш нар маань ямарваа тоглолтод оролцох бүрт л хүмүүст танилцуулж "Энэ мундаг бөмбөрчин гарч байгаа шүү" гээд захина. Тиймээс тухайн хамт олон дунд ороход намайг бага балчир гээд гадуурхах, би ажлаа хийж чадахгүй айж сүрдэх асуудал гарч байсангүй. Харин ч хэзээний танил, олон жил хамт ажилласан хүмүүстэйгээ хамт байгаа юм шиг халуун дотно сайхан мэдрэмж төрдөг байсан. Хоёр жилийн дараа 20 насандаа гоцлол хөгжимчин болж, нэмэгдэл  цалин авч байлаа шүү дээ. Энэ хамт олноос би олон зүйлийг сурсан. Бөмбөрчин хүн эхлээд хөгжмөө сайн мэддэг, техникийн хувьд үргэлж бэлэн, ямар ч асуудалгүй  байлгах учиртай. Дараагаар нь тухайн уран бүтээлч өөрийнхөө сэтгэлзүй, биеийг дээд түвшинд бэлдсэн байх үүрэгтэй. Тоглолтын үед ядарч цуцах эрхгүй. Машинаар төсөөлвөл доголдсон мотортой явж болохгүй шүү дээ. Үүнтэй л адил. Бидний мэргэжилд халтуурдах гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хамтлагт тоглоно, тоглолт хийнэ гэдгийг асар их хариуцлага гэж би боддог.  

-Таны цэрэг байх үед арми сурталчилна гээд орон нутгаар их явдаг байсан байх шүү?

-Явалгүй яахав. Манай Үлгэр жишээ чинь хэдэн ЗИЛ-130 машинтай. Тэднийхээ тэвшин дээр ачигдаад мөн ч олон газраар явсан даа. Суманд очихоороо машиныхаа тэвшийг тайз болгоод засчихна. 1976 оноос эхлээд гэж бодоход хэдэн удаа эх орноо тойрсноо санахгүй байна. Хамгийн сүүлд 1989 онд Хойд Солонгосын Ким Ри Син ирэхэд төмөр замын вокзал дээр хүндэт харуул зогсож хүлээж авахад нь оролцоод би халагдаж байлаа.

-1989 он гэдэг чинь “Харанга” хамтлагийн эхлэл юм даа. Энэ үеэс та бүхэн нэгдэж, хамтлагийнхаа анхны цэгийг хатгаж байв уу? 

-Оогий Манлай хоёр “Ногоон гэрэл” гээд хамтлагт цуг байсан юм. Чука бид хоёрын хувьд бага тойруугийн хүүхдүүд. Том ах нь миний том ахтай найз. Чука миний дээд талын ахтай найз байсан гэж ярьдаг юм. Хааяа хошигноод намайг “Энэ нусан таглаа хаана байсныг би мэдэхгүй юм” гэнэ. Тэгэхээр нь хариуд нь би “Тэр үед чинь би чамайг бодвол цэргийн хүн болчихсон, хал үзэж халуун чулуу долоож явлаа” гэж хариу барьж инээлддэг юм.  Ингээд би 1976, 1977 онд Чука, 1978 онд Манлай, 1981 онд Оогий Үлгэр жишээд орсноор бидний нөхөрлөл улам бат бөх болж, хамтлагийн тухай яриа гарах болсон юм. Гэхдээ бид “Харанга”-аас өмнө “Соёмбо нөхөрлөл” хамтлагт тоглодог байсан.

-Тэгэхээр “Харанга”-ын суурь нь “Соёмбо нөхөрлөл” хамтлагаас эхлэлтэй гэж ойлгож болох уу?

-Тухайн үед Оогий Манлай хоёр “Ногоон гэрэл”-д, Чука “Залуус”-т, би Үлгэр жишээд байсан үе л дээ. Харин бүгд нэгэн дор цуглаж, нэг тогооноос хоол иддэг болж,  хүсэл мөрөөдлөө нэгтгэсэн газар маань Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим юм даа. Гэхдээ шууд л хамтлаг байгуулаагүй. Их удаан ярьсан. Харин 1986 оноос Я.Одсүрэн маань биднийг шавдуулж эхэлсэн. Миний хувьд эхэндээ халгаагаагүй юм. Хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарах байсан учир энэ байгууллагадаа эвтэйхэн байж  байя гэсэн л бодолтой байлаа.

-Я.Одсүрэн ахын хувьд таны сэтгэлийг яаж урвуулчихав?

-Нэг удаа бид нэлээд ууж суулаа. Гэтэл Оогий надад хандаж “Чи удахгүй тэтгэвэрт гарлаа. Нэг мэдэхэд л өвөө болно. Үр ачаас чинь танай өвөө юу хийдэг ямар хүн байсан бэ гэж асуухад бөмбөрчин байсан л гэж хэлнэ шүү дээ. Хэдүүлээ нэгдээд найман настай балчираас 80 настай буурлууд хүртэл таньдаг хамтлаг байгуулъя” гэж байна шүү. Тухайн үед ч шийдтэй хариу хэлээгүй юм. Нэг хамаатны цэргийн ах тэр үед тэтгэвэрт гараад зургаан сар болж байсан юм. Нөгөө ахаасаа л асуулаа. Гэтэл “Би цэрэгт байхдаа ямар нэр хүндтэй байлаа. Тэтгэвэртээ суугаад л хэнд ч хэрэггүй болдог юм байна. Чи над шиг болохыг хүсэхгүй бол эртхэн боломж байгаа дээр хамтлаг байгуулаад явсан нь зөв шүү” гэсэн. Энэ үг л надад ташуур болсон санагддаг юм. Чукад ч хэлээгүй шууд л халагдах хүсэлтээ өгчихсөн. Чука ч намайг халагдчихна гэж төсөөлөөгүй байх.

-Тухайн үед “Соёмбо нөхөрлөл” хамтлаг мандаж явсан үе. Таны хувьд их л зоригтой шийдвэр гаргаж дээ?

-“Соёмбо нөхөрлөл”-ийн хувьд анхны тоглолтоо хийгээд жинхэнэ гялалзаж явсан үе л дээ. Манлай маань цирк эстрадад Г.Оюунбилэгтэй “Инээгээрэй хүмүүсээ” гээд цөм авч байсан юм. Миний хувьд нэг л шийдвэр гаргасан бол түүндээ тууштай байж, арын ажлаа хурдхан зохицуулахыг хүсдэг хүн. Тиймээс нэгдүгээр сард шийдвэр гаргаад дөрөвдүгээр сар гэхэд цэрэг армитай ямар ч холбоогүй болчихсон байлаа. Тэгээд л “Харанга”-д хүчин зүтгэхээр сэтгэл шулуудсан.

-Я.Одсүрэн ахын хувьд эхлээд таныг ятгачихсан юм байна. Та хоёрын хувьд бусад гишүүдээ хэрхэн урвуулж байв?

-Нэгэнт л бүгд хамтлаг байгуулах тухай ярьж байсан учир нэг нэгээрээ хамтлагт нэгдэж эхэлсэн. Оогий Манлай бид гурав драмын театрт суугаад дуучин шалгаруулаад л. Драмын театр бидэнд байгаа мөнгөөрөө хөгжим хэрэгсэл аваад өгчихсөн. Бид бригад гаргаж, театрын төлөвлөгөөг биелүүлэх үүрэгтэй. Шууд таван аймгаар тоглолт хийнэ гээд гараад жирийчихсэн. Үнэндээ ямар ч өөрсдийн гэсэн дууны урын сан байхгүй. Хүмүүсийн хэдэн дууг л эвлүүлээд дуулчихдаг ажилтай л байлаа.

-Рок хамтлаг гэхээр сонсогчид хэр хүлээж авдаг байсан бэ?

-Орон нутгийн үзэгчид их гайхаж хүлээж авна. Аргагүй биз дээ. Савхи, түрийтэй гутал өмсөөд үсээ задгай тавьчихсан хэдэн нөхөр гитар нүдээд байхаар. Талийгаач Х.Булган маань тухайн үед гэнэт аавын бие муудлаа гээд Ховдоос биднийг орхиод хот руу яваад эргэж ирээгүй. Тухайн үед манайд дуучнаар явж байсан н.Найданжав маань сүүлдээ дуулж чадахаа байгаад Манлай ганцаараа дуулсан гээд хамтлаг анх байгуулагдаж байхад хүндхэн асуудалтай олон удаа тулгарч байлаа. Өнөөх төлөвлөгөөгөө хагас дутуу биелүүлсэн. Хотод ирээд гэрт өнгөтэй өөдтэй юу л байна түүнийгээ барьцаанд тавиад театрын орлогын төлөвлөгөөг биелүүлж байсан гашуун түүх ч бидэнд бий.

-Таны хувьд тогтсон амьдрал, тогтмол цалинтай байсан хүн. Тухайн үед харамсах сэтгэл төрж байв уу?

-Эхэндээ ч сэтгэлээр унасан шүү. Би юу л хийчихэв дээ гэж бодогддог юм билээ. Би чинь Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд нэлээд өндөр цалин авдаг байсан юм. Гэтэл мөнгө олох битгий хэл өрөнд орсон. Гэхдээ гурвуулаа бууж өгөөгүй. Харин ч шинэ хөгжимчин авъя гэж ярилцаад Чукад санал тавьсан юм. Гэтэл Оогий “Би басс гитар тоглох мөрөөдөлтэй. Чука чинь ирээд басс гитар тоглоно гээд булаацалдана шүү дээ” гээд халгаадаггүй. Манлай бид хоёр их удаан ятгаж байж зөвшөөрүүлсэн юм. Манай Чука их дайчин, эрч хүчтэй, хөдөлмөрч зантай л даа. Яг л тийм уран бүтээлч бидэнд дутагдаад байсан юм. Арай гэж Я.Одсүрэнгээ ятгаад би Чукад санал тавьтал дуртай зөвшөөрсөн.

-“Харанга”-ын эхэн үеийн дуунууд ихэнх нь Ц.Чулуунбатынх байдаг. Чука ахаар бүл нэмснээр хамтлаг уран бүтээлийн хувьд өөр түвшинд хүрсэн нь лавтай? 

-Хамтлаг маань драмын театрын хоёр давхарт байрлаж бэлтгэл хийдэг байсан юм. Чука дөнгөж орж ирээд л  “Та нарт ямар ямар дуу байна” гэж асууж байна шүү. Бид гурав ч өөдөөс нь “ямар ч дуу байхгүй” л гэж хариулсан. Манай хүн ч угийн эрч хүчтэй болохоор “Тэгвэл хэдүүлээ өөрийн дуутай болж, шинэ бүтээл хийнэ”  гэж байна шүү. Эхлээд өөрөө дуулах гэж үзсэнээ “Ер нь бүтэхгүй юм байна. Би нэг дуучин залуу олоод ирье. Та нар шалгана шүү” гээд гараад явчихсан. Тэгээд л Лхагвааг дагуулаад ороод ирсэн юм. Бид ч эхэндээ “Энэ сахилгагүй хогийг юу гэж авдаг юм” гээд эсэргүүцсэн. “Шүүдэр цэцэг”-ийг дуулуулсан чинь ер нь болж байна шүү. Ингээд л “Харанга” хамтлаг Драмын театрын хоёр давхарт тэр нэг өдөр өнөөдрийн бүрэн бүрэлдэхүүнээрээ анх уулзсан түүхтэй. Бид сарын дотор л 10 гаруй дуутай болж, анхны тоглолтоо хийсэн нь жинхэнэ шуугиан болж байлаа. Үүнээс их урам авч, түүнээс хойш зогсолтгүй 33 жил “Харанга”-аар амьсгалж, овоглож амьдарсан байна. 1989 онд анхны тоглолт хийхийн тулд Соёлын яамны шалгалтаар ордог байлаа.  Комисс нь биднийг рок хамтлаг гээд нээх ойшоохгүй байхад Э.Оюун гуай их дэмжиж, “Энэ залуус ямар мундаг юм бэ. Амьдрал дуу нь үнэхээр сайхан үгтэй юм” гэснээр тоглолт хийх эрх авч байлаа.

-Та бүхний Монголын хөгж­мийн урлагт оруулсан хувь нэмрийг Монголын төр үнэлж, хамтлагт Төрийн соёрхол хүртээ­сэн. Энэ зарлигийг сонсоод омог­ших сэтгэл мэдээж төрсөн байх?

 -Зарлиг сонсоод мэдээж хамтлагаараа бахархах сэтгэл төрж байсан. Гэхдээ бид хэзээ ч Төрийн соёрхол, бүгдээрээ гавьяат болъё гэж уран бүтээл хийж байсангүй. Залуу нас, эрч хүч, авьяас билэг, хүсэл мөрөөдлөөрөө л нэгдсэн. Биднийг энэ өндөрлөгт хүргэсэн хүч нь үе үеийн сонсогчид юм шүү. Сонсогчид байхгүй бол бид хэн ч биш.

-Уран бүтээлээс илүү эрчүүдийн эрхэм нөхөрлөл өнөөдрийн “Харанга”-ыг бүтээж дээ гэж бодож суулаа?

-Өнөөг хүртэл 33 жил “Харанга” оршин тогтносон нь бидний нөхөрлөл хэр бат бөхийн илэрхийлэл юм даа. Энэ хугацаанд бидний дунд олон л хор гүйж байсан. Тэр бүхнийг тухайн үедээ зөв шийддэг байсан нь оносон юм болов уу. Эрчүүд учир маргалдах зүйл олон гарна. Гэхдээ нэг ч удаа бие биедээ хар буруу санаж үзсэнгүй. Нэгнийхээ сэтгэлийг сэвтээж явсангүй. Ялангуяа бид цэргийн амьдралаар төлөвшсөн учир амьдралын ямар ч нугачаанд барьц алдаж бөхийж байгаагүй.

-Таны хувьд хамтлагаасаа олж авсан хамгийн эрхэм үнэт зүйл гэвэл юуг онцлох вэ?

-Миний амьдралаас авсан хамгийн том үнэт зүйл бол “Харанга”. Харин амьдралын минь хамгийн гол утга учир нь гэр бүл. “Харанга” хамтлагийнхны хувьд худлаа ярьж хулгай хийгээгүй, банк тонож, газар ухаагүй, хэнд маань ч алтны уурхай байхгүй. Гитараа барьж, бөмбөрөө үүрээд өөрсдийн хүчээр өдий зэрэгтэй болжээ. Өнөөдрийн Н.Пүрэвдашийн хувьд хамтлагтаа бөмбөрөө цохиод, гэртээ ирэхээрээ үр ачаа тойруулаад өвөөгийн үүргээ биелүүлэх нь аз жаргал, сэтгэлийн амар амгалан юм даа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 81 (6813)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

11 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

15 цаг 39 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

15 цаг 51 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

17 цаг 19 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

18 цаг 16 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

18 цаг 50 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

22 цаг 54 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

22 цаг 54 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

22 цаг 54 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

22 цаг 54 мин