П.АМГАЛАНБАЯР
Өвдгөө бага зэрэг нугалж, гартаа хийл хөгжим барьсан эрэгтэй, хөгжмийн хэмнэлд автаж амар амгалан харагдана. Түүний мөрөн дээр суусан шувуу хүртэл хийлийн тансаг аялгууг мэдрэх шиг. Энэ бол ОХУ-ын алдарт зураач Зураб Церетелигийн “Хөгжим миний амьдрал” зургийн дүрслэл. Зураач Зураб Церетелиги “Далд шидэт реализм” график зургийн үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд дэлгэсэн байна. Түүний сонирхолтой ертөнцөд түр саатлаа.
Монументал баримал, зураасан зургийн мастер
Зураб Церетелиги 1997 оноос өнөөг хүртэл ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Зураач XX зууны дүрслэх урлагийн сор болсон П.Пикассо, С.Дали, М.Шагал нартай хамт ажиллаж байсан уран бүтээлч юм. Мөн Зураб Церетелиги нь гүрж гаралтай бөгөөд шилдэг 5000 гаруй уран бүтээлээрээ дэлхийд танигдсан нэгэн. Зураачийн үзэсгэлэнг тольдоход өвөрмөц содон хэв маяг, дүрслэл илэрхийлэмжтэй зургууд угтлаа. “Бүсгүй хүний нүд гэгч цонхоор нь сэтгэл юуг нь тольдъё гэтэл түлхүүр нь эс олдмой”, “Давчуу гудам”, “Уйтгартай загасчин”, “Хөзөрчид”, “Гудмаар зөрөгсөд” зэрэг зургийн өгүүлэмж дүрслэл нь амьд мэдрэмжийг өгч байлаа. Түүний уран бүтээлүүд хүний амьдралын энгийн ахуйгаас, сэтгэлийн чанад дахь нарийн нуугдмал шинж чанарыг тусгах аж. Мөн тэрбээр зураасан зургуудаа гүржийн ард түмний угсаатны зүйн нарийн судалгаа, шинжилгээ ажиглалтад үндэслэн туурвижээ. Зураач Зураб Церетелигийн уран бүтээлийн цар хүрээ том хэмжээний монументал баримал, уран зураг зэрэг олон төрлийг хамарсан байдаг. Тиймээс түүний сэтгэлгээний өвөрмөц толь болсон зургийн үзэсгэлэнг сонирхоорой.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралтай үзэсгэлэн
Үзэсгэлэнгийн үеэр “Илья репиний нэрэмжит дүрслэх урлагийн акедемийн дэг сургууль Монголын дүрслэх урлагт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрдэм шинжилгээний хуралд олон илтгэгч оролцож, уран зургийн салбарын олон асуудлыг хэлэлцсэн юм. Дүрслэх урлагийн акедемийн захирал Д.Уранчимэг “Монголын дүрслэх урлагийн акедеми дахь А.Ф.Пахомовын зураасан зургийн дэг сургалт” сэдвээр илтгэл тавьсан бол. Тус акедемийн дээд сургууль, урлаг судлалын шинжлэх ухааны доктор С.Бадрал “И.Е.Репиний академийг төгссөн Монгол барималчдын бүтээлч нөлөөлөл”, урлаг судлаач О.Сосор "Зураач-Багш С.Элбэгдорж" сэдвүүдээр илтгэл тавилаа. Зураб Церетелигийн энэхүү үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 80 (6812)