С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэгийг урилаа.
АРЧУГ ХААНЫ ДҮР УРАН БҮТЭЭЛИЙН МААНЬ ЖАГСААЛТАД БАХАРХАЛТАЙГААР БИЧИГДЭЖ БАЙНА
-Та театраас хөндийрөөд нэлээн удсан. Эргээд тайзан дээр “Тамгагүй төр”-ийн Арчуг хааны дүрээр ирсэн сэтгэгдлийг тань сонсоё?
-Таны асуултыг сонссон чинь гоё дурсамж санаад орчихлоо. Би Б.Лхагвасүрэн гуайтай уран бүтээлийн онцгой холбоотой. Хамгийн анх “Ганган төгс” киноны давлагаа явахад зохиол дээр нь Б.Лхагвасүрэн гуай ажиллаж байсан. Тэр үед бид хоёр шилийн сайн эрийн тухай гоё тангараг бичье гэж ярьж байтал чадаагүй. Дараа нь “Хийморь” киноны дууны үгийг надад гар бичмэлээрээ бичиж үлдээсэн. Өөрөөр хэлбэл, Лхагваа ахын хамгийн сүүлийн шүлгийг би хадгалж байгаа. Гэхдээ дуу болж хараахан амилаагүй. Сүүлд Цагаан сарын үед таарахад “Ахынх нь бие хөдлөхгүй ч тархи минь ажиллаж байгаа болохоор дүүдээ бичиж өгнө” гээд шүлгээ өгсөн. Маш их бэлгэшээж хадгалж явдаг. Тэгээд өнөөдөр Арчуг хааны дүр намайг сонгож ирсэн нь хувь зохиол юм. Гадны жүжигт Отелло, Гамлетад тоглохсон гэж ярьдаг бол Монголын сонгодог бол Тамгагүй төр" юм.
Шекспир "Ромео, Жульетта"-гаар хайр сэтгэл мөнх гэдгийг илэрхийлсэн бол Б.Лхагвасүрэн төр бол мөнх оршино гэдгийг гайхалтай бичсэнээрээ яах аргагүй сонгодог юм. Монголын сор болсон сонгодог бүтээлийн хааны дүрд тоглоно гэдэг үгээр илэрхийлж гүйцэмгүй мэдрэмж юм байна. Гайхалтай хувь тавилан, хувь зохиол юм даа. Ийнхүү Арчуг хааны дүр миний уран бүтээлийн жагсаалтад бахархалтайгаар бичигдэж байна. Өмнөх тавилтаас улбаалж түүчээлж аваад залуучуудад хүргэж, дамжуулж байгаа гүүр нь болох хариуцлагатай үүргийг үүрэлцэж байгаадаа баяртай байна.
Би 1999 онд сургуулиа төгссөнөөс хойш 2018 он хүртэл тасралгүй УДЭТ-т ажиллахдаа орчин үеийн болон сонгодог жүжгүүдийн гол, туслах дүрд тоглосон. Тэр ч утгаараа театр миний хоёр дахь гэр болж, биед минь нэвт шингэсэн гэж хэлж болно. Харин сүүлийн таван жил кино урлаг, найруулагчийн ажилд анхаарч театраасаа түр чөлөө хүссэн. Эргээд тайзан дээр ирэхдээ суут зохиолчийн "Тамгагүй төр" жүжгээр ирсэндээ жаахан эмээсэн ч сэтгэл хангалуун байгаа. Цэцэг авах, үзэгчид босч ирээд алга таших хоёр үнэхээр тансаг байлаа. Мэдрэмж сэргэлээ.
-Л.Жамсранжав гуайн бүтээсэн Арчуг хаан, Эрдэнэбилэгийн бүтээсэн Арчуг хаан хоёр ямар ялгаатай юм бэ. Дүрийн судалгаа хийхдээ юуг нь илүү тодотгохыг зорьсон бэ?
-Ч.Найдандорж найруулж Л.Жамсранжавын тоглож байсан Тамгагүй төрд би олны хэсэгт тоглож, дэргэдээс нь харж байлаа. Тэр үеийн жүжгийн тавилтыг өнөөдрийнхтэй харьцуулашгүй. Үзэгчдийн шаардлага хүлээлтэд нийцүүлж байж шинэлэг болно. Хамгийн наад захын жишээ л гэхэд тайз, дэлгэц, дуугаралт гээд технологийн шийдэл талаасаа ч тэс ондоо юм.
Энэ удаа Б.Баатар найруулагчийн шийдэл, дэглэлт дор урьд нь тайзан дээр хамтарч ажиллаж байсан хамтрагчидтайгаа гар сэтгэл нийлж ажиллалаа. Сэтгэл хангалуун байна. Жүжгийн нэр нь хүртэл "Тамгагүй төр" гээд дуугарчихсан байгаа нь хангалттай. Хоёрхон үгээр ямар агуу санааг илэрхийлж байна вэ. Үг бүрийг нь бодож, задалмаар амттай. Арчуг хааны өрнөл, үндсэн чиг шугамнаас гадна эцэг хүнийг л харуулья гэж бодсон. Монголчууд гэрээ засаад төрөө зас гэдэг. Хүний гэр, гал голомт, гэр бүл ямар байгаагаас шалтгаалж улс орны өнгө төрх тодорхойлогддог гэж боддог. Тиймээс төрийн тэргүүн, хаанаас гадна эцэг хүн ямар байх ёстой юм бэ гэдгийг тодруулж гаргаж ирэхийг хичээсэн.
Үүний өмнө тоглосон Тэнгэрийн хүү жүжиг мөн л адил Хүннүгийн Модун Шаньюй хааны тухай. Ялгаатай нь Модун Шаньюй бодит түүхэн дүр бол Арчуг уран сайхны гэдгээрээ ялгаатай. Хүннүгийн хоёр хааны дүрд дараалаад тоглоно гэдэг баргийн жүжигчинд олдохгүй хувь завшаан юм. Жүжигчний ажиллагаа, найруулагчийн шийдэл шинэлэг, огт өөр өнцгөөс харсан уран бүтээлүүд.
-Нөгөө талаас нэгэнт зөвшөөрөгдөөд олны сэтгэлд мөнхөрчихсөн дүрийг дахин амилуулна гэдэг том хүлээлт үүсгэлээ. Зарим хүн Л.Жамсранжав гуай та хоёрыг харьцуулж үзсэн байх. Тэр хүний бүтээснээс давж гарах гэдэг ч юм уу сэтгэлзүй ямар байв. Энэ том сорилт хүлээлтийг яаж давж гарав?
-Анх бол эмээсэн. Б.Лхагвасүрэн гуай бичиж үлдээгээд анх удаа тавьж байгаа бол нэг хэрэг. Гэтэл өмнө нь ард түмний хайрлаж хүндэлж явдаг мундаг жүжигчний бүтээсэн дүрийг дахин гаргаж ирэхэд тодорхой хэмжээний айдас, эмээх зүйл байлгүй яахав. Гэхдээ шинэчилсэн хувилбар, өөр найруулга, өөр тавилт гэдэг талаасаа харьцуулж бас болохгүй. Тухайлбал, энэ удаагийн дэглэлтийн найруулагчийн өнцөг нь төр мөнх орших тухай дуугарч байх жишээтэй. Найдандорж найруулагчийн шийдэл арай өөр байсан гэх мэтээр заавал харьцуулах шаардлагагүй болов уу. Нөгөө талаас би яагаад ийм бардам зоригтой байна вэ гэвэл орчин цагийн залуучуудад энэ жүжгийг шинэчилсэн хувилбараар хүргэхэд гүүр нь болж байгаадаа туйлын баяртай байгаа.
Б.Лхагвасүрэн зохиолч Б.Баатар найруулагчид жүжгийг дахин тавих санал тавьсан юм билээ. Энэ бол маш үнэ цэнтэй. Зохиолч, найруулагч хоёр нэгийг бодсон байх. Тиймээс дахиад нэг найруулагч гурав, магадгүй таван жилийн дараа "Тамгагүй төр"-ийг барьж аваад тавиасай.Олон найруулагчид өөр өөрсдийн өнцөг, шийдлээр энд тэндгүй дахин дахин тэсрээсэй гэж хүсдэг. Үргэлжлэл нь үүрд мөнх оршиж битгий тасраасай гэж чин сэтгэлээсээ бодож байна даа.
-2014 онд Модун Шаньюйгийн дүр хэр баргийн аавын хүүд олдохгүй ховор боломж шүү гэж та ярьж байсан. Гэтэл өнөөдөр Арчугийн дүрд сонгогдлоо. Дүрийн сонголт цэвэр найруулагчийн шийдэл байв уу, сонгон шалгаруулалт байсан уу?
-Жүжигчдийг сонгон шалгаруулах нь найруулагчдын өнцөг байдаг. "Тамгагүй төр"-ийн хувьд Б.Баатар найруулагч сонгон шалгаруулалт гэхгүйгээр шууд урилга өгсөн. Найруулагчийн санал тавьсны дагуу баг бүрдэж бэлтгэлдээ орсон. Арчуг хааны дүрд тоглоно гэдгээ хоёр жилийн өмнө мэдсэн. Цар тахалтай холбоотойгоор жаахан удааширсан.
"ТАМГАГҮЙ ТӨР"-ИЙГ КИНО БОЛГОХ САНАА ТӨРСӨН...
-Сүүлийн үед сайн жүжиг гэдэг жүжиглэх, дуулах, бүжиглэхээс гадна тайзны шийдэл зэрэг олон урлагийн огтлолцол дээрээс гарч ирж байна. Үүн дээр нэмээд үндэсний бүтээл гэж нэрлэж болно. Энэ шийдлээр Монголын урлагийг олон улсад гаргах тал дээр танд юу бодогдов?
-Би Б.Баатар найруулагчийг хардаг. Их гоё монгол үнэртэй бүтээл хийдэг. Аль ч төрлийн бүтээлдээ чанар, чансаа, жишиг тогтоохыг хичээдэг. Монгол тулгатны 100 эрхэм гэхэд агуулга нь монгол үндэстний оршихуй, тээшийн тухай байдаг нь үлгэр дуурайлал авч, сонсууштай. Наадам гэхэд зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн баяр байх тухай үзэл санааг харууллаа. Ингэж бодож байтал жүжиг яриад ороод ирсэн нь агуу "Тамгагүй төр". Тэгээд зогсохгүй Арчуг хааны дүр байсанд хэлэх үг олдоогүй. Би түүний бүтээлийг хардаг шиг намайг харж ойлгосон юм болов уу.
Би Монгол гэсэн брэндэд дуртай. Одоо ч гэсэн “Тэнгэрийн чину” гээд туульсын хэлбэртэй түүхэн олон ангит кино хийж байгаа. Учиргүй талбай дээр гараад төрийн далбаагаа мандуулаад “Монгол цус, цөс. Нэр минь Монгол” гээд орилж чадахгүй. Харин энэ хэлэмжээ уран бүтээлээрээ дамжуулж хүргэх юмсан гэж боддог. Энэ хоёр маань огтлолцож надад итгэл найдвар хүлээлгэсэн байх. Итгэлийг нь алдахгүйг хичээж байна.
-Та өнгөрсөн хугацаанд жүжигчин Эби биш найруулагч, продюсер гээд олон төрөлд хүч үзсэн. Тухайлбал, Хийморь киног нэрлэж болно. Тайзнаас кино руу, киноноос тайз руу шилжихэд ямар ялгаа байв?
-Монголын нийгэм дөрвөн уулынхаа голоос гарч чадахгүй байна. Энэ хайрцагнаас хальж гарахсан гэж бодсондоо олон улсын уран бүтээлчидтэй харилцаа холбоо үүсгэсэн нь “Хийморь” кино байлаа. Олон боломж олж харж, цөөнгүй жимийг ч гаргалаа. Тэр жимээ зам болгохын төлөө зүтгэмээр байна. Зөвхөн кино урлагийн салбарт олж харахад л бид дөрвөн уулынхаа голд түгжигдсэн сэтгэлгээтэй хүмүүс болжээ. Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр айлын хүүхдүүдтэй тоглож үзэх хэрэгтэй. Тэдний аав нь юу ярьдаг, хүүхдүүд нь ямар дүрмээр яаж тоглож байгааг судалж, зэрэгцэж алхах ёстой юм билээ. Ингэж чадвал Монголын кино урлаг хөгжихөд хэцүү зүйл алга. Хичээж чадвал боломж байна.
Монголчууд ямар байдгийг гадныхан харж чадахгүй байна. Бид өөрсдөө харагдаж чадахгүй байна. Мэдрүүлж чадвал түүх соёлоос эхлээд нөөц боломж, онцлог их бий. Хамгийн гол нь Монгол гэдгээ алдахгүйгээр зүтгэх ёстой. Монголчууд бол гайхалтай өвийг тээж яваа ард түмэн. Үүнийг орчин үеийн чанар стандартад нийцүүлж урлагаар гаргаж ирвэл гайхалтай амжилт олох зам нээлттэй байна.
- Кино, тайз хоёр зарчмын ялгаатай. Тайз бол үзэгчидтэй шууд амьд харьцаа үүсгэж байдаг. Танд аль нь илүү санагддаг, таныг жүжигчний хувьд аль нь илүү хөгжүүлж задалсан бэ?
-Хоёуланд нь би хайртай. Тайз, дэлгэц ажиллагааны хувьд төстэй. Театрын нэг агуу зүйл бол амьсгаа даран мэдэрч, энерги солилцдог амьд холбоос. Тэр мөч хамгийн нандин алтан агшин. Жүжигчин хүн алдах эрхгүй. Үүний тулд хөшгөө нээхээс өмнө маш их бэлтгэл сургуулилт шаарддаг.
Кино хүмүүсийг дэлгэцээр удирдана. Зураачаар яривал нэг ёсондоо баллууртай гэсэн үг. Цаасан дээр дүр зурахдаа жаахан онцгүй болчихвол баллуурдаад засч болно. Гэтэл жүжгийн хувьд бийр бэхээр алдаа гаргах эрхгүйгээр цаасан дээр зурж байна. Бүр үзэгчдийн нүдэн дээр зурдаг. Зүйрлэж яривал ийм. Түүнээс биш уран бүтээлчдийн хэлэх санаа, зохиолын задаргаа, жүжигчний ажиллагаа гээд бүх процедур адилхан. Нэг нь илүү, нөгөөх нь дутуу ажиллана гэсэн зүйл байхгүй. Үүрэг хариуцлагын хувьд театр жүжигчнээс цэвэр авьяас, мэдрэмж, хөлс, нулимсыг шаардаж, нэхэж байдаг. Сайн байвал тэр дор нь алга ташилтаар шагнуулна. Алдвал “алгадуулна”.
-Киноны төрөлд та чамлахааргүй туршлага хуримтлуулсан. Магадгүй "Тамгагүй төр"-ийг яг энэ чигээр нь энд тэнд олон удаа тоглоход нүсэр ажиллагаатай учраас видео хэлбэрээр үзүүлмээр ч юм шиг. Танд кино болгох санаа төрсөн үү?
-Төрсөн...
-Таны хувьд театр, киноны найруулагчтай аль алинтай нь ажилласан. Харин энэ удаа Б.Баатар найруулагчтай ажиллахад ямар сэтгэгдэл төрөв. Найруулагчийн ямар шийдэл сэтгэгдэл төрүүлэв?
-Б.Баатар найруулагч нэг зүйл рүү акцент өгдөггүй. Том зургаар, олон өнцгөөс харж байгаа нь их сонирхол татсан. Найруулагчаас гадна зурагчин, зураглаач гээд бүгдийг нь мэдэрч байна. Маш олон өнцгөөс харж, задгай сэтгэнэ. Юунд ч баригдахгүй. Зоригтой.
Зарим найруулагч жүжигчдийг гурав алхаад тийшээ хар, үгээ тэгж хэл гэдэг ч юм уу нарийн зүйл дээр анхаарч шаардлага тавьдаг. Харин Б.Баатар найруулагч ерөнхий схемээ гаргаад тэр дотроо жүжигчдийг чөлөөтэй амьдруулж байна. Гэхдээ нарийн хийц бүрийг олж харж олон зүйл рүү зэрэг анхаарч чаддаг гээд бидэнд суралцах, хөгжих маш том боломжийг өглөө. Театрт байхдаа олон жүжигт тоглосон. Энэ удаагийнх шиг 3-4-хөн метрийн зайтай цацдаг проекторыг жүжгэндээ тааруулж бэлдүүлж, захиалж хийлгэж авчирдаг. Уран бүтээл ийм л байх ёстой гэдгийн төлөө нэг хувцсыг урж хаяад дахиад оёулах хэмжээний шаардлага тавьдаг найруулагч хэд билээ. Бодож төлөвлөснөө санасандаа тултал гаргадаг авьяасыг анзаарч харлаа. Уран бүтээлчдийг, багаа үнэ цэнтэй байлгаж, эрхлүүлж чадаж байгаад баярлалаа гэж хэлмээр байна.
-Тайз дэлгэц, хувцас хэрэглэл, техникийн шийдлээс эхлээд бүх зүйл ханасан түвшинд хүрлээ гэх хүмүүс байсан?
-Бидний сэтгэлгээ бол тасархай байсан. Гэхдээ театрын барилга байгууламж, тайз, дэлгэцээс эхлээд үнэхээр шинэчлэх хэмжээнд аль хэдийнэ хүрсэн. Ийм нөхцөл боломжид тааруулж хийнэ гэдэг хэцүү. Давж сэтгэсэн зүйлээ бололцоондоо тааруулж хийх нь харамсалтай юм даа. Хөшиг буулгахаас эхлээд бүгд гар ажиллагаатай. Одоо үүнийг болих хэрэгтэй. Тиймээс энэ далимд нэг зүйлийг заавал хэлмээр байна. Төр засаг театрын урлагийг харах цаг болсон. Бүхэл бүтэн улсын драмын төв театр нь аймгийн театраас дор байна. Нийслэл хотын “А” зэрэглэлийн бүсэд байгаа улаан байшингийнхаа тайз, дэлгэц, орчин нөхцлийг технологийн хувьд шинэчлэх хэрэгтэй. Хэддүгээр зуун билээ гэдгийг бодох цаг болсон. Ингэж байж үзэгчид таашаал авч агуу сонгодог зохиолууд мөнх амьдарна гэж ярихаас биш яг өнөөдрийн орчин нөхцөлд бол харамсалтай дүр зураг бууж байна. Уран бүтээл, уран бүтээлчид бол тусдаа асуудал. УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр нэг байшингийн нэг нэг өрөөнд байгааг гадныхан сонсвол гайхна. Гоё хөгжүүлээсэй л гэж бодох юм.
ТӨРИЙНХӨН ҮГ БОЛГОНЫ “АМЬ”-ИЙГ ХАРЖ, МЭДРЭЭСЭЙ
-Театр хүнд юм бодуулдаг газар гэдэг. Хэрэв та "Тамгагүй төр"-ийг үзэгчийн нүдээр харвал юуг нь онцлох байсан бол?
-Үзэгчийн суудлаас бол жүжгийг сэргээж, шинэчилж байгаад алга таших нь зүй. Б.Лхагвасүрэн гуайн сонгодог жүжиг дахин амилж мөнх оршоосой. Үүгээрээ сонгодог байгаасай гэж алга ташина. Мөн эцэг хүн ямар байх ёстой вэ гэдгийг л мэдэрч ойлгож сууна байх даа.
-Б.Лхагвасүрэн гуай миний жүжгийг “тамгагүй төрийнхөн” нэхэхгүй юм. Бусад нь л нэхээд байх юм. Хэчнээн тоглосон ч тэд ирж харагдаагүй. Тайзан дээрээс өөрийгөө өрөөлийг яг адилхан буулгаж харах хэцүү санагддаг юм болов уу. Ер нь бол сэтгэлээс айх ёстой гэж ярьсан нь бий. Жүжиг ч өөрөө хаан төрийн тухай гэдэг утгаараа одоогийн төрийн хүмүүст хэрхэн хүрээсэй, юуг нь ойлгоосой гэж хүсч байна вэ?
-Бүгдийг нь мэдрэх ёстой. Үг болгоны “амь”-ийг хараасай. Төрийн төлөө ажилладаг төр рүү зүтгэж байгаа хүмүүс ямар байх ёстойг мэдрээсэй. Зарим хүмүүс ичдэг байгаасай. Төр рүү хэн дуртай нь сарвалзаж болдог, үгүйг ухаарч, төрийн босго өндөр байгаасай гэж хүсч байна.
Улс төр бол мөнхийн сэдэв. Эртнээс эдүгээг хүртэл мөнх байж ирлээ. Тэр дундаа яг энэ цаг үед "Тамгагүй төр" ихийг бодогдуулна даа. Ер нь зарим үед урлаг уран сайхныг жүжиг гэж харж болохгүй. Урлаг хүчтэй зэвсэг байж ирснийг түүх харуулдаг шүү дээ. Тиймээс "Тамгагүй төр"-ийг эх орны дуудлага гэж харж, ухаарал аваасай гэж бодож байна. Амьдрал дээр костюм пиджактай тоглож байна гэж бодож хариуцлагатай алба хашдаг хүмүүс маань, залуу хойч үе үзэж нэгийг бодож хоёрыг тунгаагаасай. Магадгүй асар их болгоомжлол, эмзэглэл төрүүлэх байх. Юун төлөө их зохиолч маань тархиа буцалгаж, зүрхээ савлуулж бичлээ дээ. Түүнийг нь олонд хүргэх гэж хичээж буй бидний ч утга учир гарах байх.
-"Тамгагүй төр"-ийг үндсэндээ театрын оролцоогүй тавилаа. Гэтэл үүнээс өмнөхөн Хаадын хаан жүжгийг тавьсан ч нийгмийн анхааралд төдийлөн сайн өртсөнгүй. Өнөөдөр "Тамгагүй төр" ямар шуугиан тарьж байгааг та мэдэрч байгаа байх. Шуудхан асуухад театрт “цохилт” өгчихөж байгаа юм биш үү?
-Хийморь киног улс хийгээгүй шүү дээ. Магадгүй энд асуултын тэмдэг тавих ёстой байх. Би байдгаараа зүтгэсэн. Тэр байтугай улсыг бодлогын хэмжээнд дэмжээч гээд орж байсан. Нэрийг нь хэлээд яахав. Улсаас цалинждаг учраас филармонийг амьд хөгжим тоглоод өгөөч гэхэд хөдлөөгүй. Шат шатныхаа хүмүүс дээр чагтлагдаад хаагдсан. Гэтэл би Номадиа пикчерстэй хамтарч байсан. Тэднийх филармонитой гэрээтэй ажилладаг гээд ярихад ямар ч асуудалгүй бүтсэн. Гэх жишээний л.
"Тамгагүй төр" бол "Херо энтертайнмент"-ын залуучууд санаачлаад жүжигчид, продюсертойгоо уулзаж тохироод хувцасны салон, төмрийн дархчуултай яриад ямар ч асуудалгүй бүтээлээ. Эвлэлдэн нэгдэж чадвал төрийн оролцооноос үл хамаарч түмэн олны таашаалд нийцэхээр бүтээл гарч ирж байна. Гэтэл яагаад улсын юм гэхээр бүтэл муутай байдаг юм бэ. Нэгэнт салбарын яамтай болсон юм чинь ядаж улсынхаа “А” бүсэд байрлах улаан байшингаа авраач, шинэчлээч, сэмбийтэл аваад яваач гэж хүсмээр байна. Монголын нэр нүүрийг тодорхойлох ганц байгууллага шүү. Нүүр бардам байх юмсан.
ЖҮЖГИЙГ ҮЗЭГЧИД БОСГОЖ ИРДЭГ
-Жүжгийн нээлтэн дээр "Тамгагүй төр" залуучуудын нөхөрлөлөөс төрсөн бүтээл гэдгийг урлагийнхан хэлж байсан. Үүнтэй холбогдуулж асуухад нэг үе драмын театрт “Драм дөрөв” орж ирээд од болж байлаа. Одоо өөрсдийн замаар явж байна уу гэж харагдаж байна. Ер нь та дөрөв ямар талаараа зөрчилдөж бас нөхөрлөж ирэв?
-Бид дөрөв нэг сургуулийн жүжигчний дараалсан ангийнхан. Эхлээд Пара, дараа нь Амгаа бид хоёр, тэгээд Боогий төгссөн. Бидний үзэл бодол сонирхол нэг байсан учраас драмын театрт орж байлаа. Нэг тайзан дээр үеийн залуучууд тоглож, нөхөрлөж ирсэн. 20 гаруй насны залуучуудыг дуу хуургүйгээр төсөөлөхгүй. Бид дөрөв хоёр ч цомог гаргасан. Улаанбаатарт хоёр тоглолт хийсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ч толилуулсан үе бий. Мэдээж хүн хүний үзэл бодол, дотоод итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл тусдаа. Миний хувьд гэхэд жүжигчин найруулагчийн ангийг төгссөн. 18 жил жүжигчнээр ажилласан учраас найруулж үзэхийг хүсч, тэр хүслээ дагасан. Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ хоёр маань театртайгаа илүү ойр олон жил болж байна. Г.Амгаланбаатар СУИС-даа багшилж байна. Ер нь заавал хамтдаа байх ёстой юм биш. Яахав, тохироо бүрдвэл эргээд хамтдаа уран бүтээл хийх үе ирэх байх аа.
- Б.Баатар найруулагч багаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх ур чадвар гэж үнэлсэн. Та “Хийморь” кинон дээр ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайз гээд олон орны уран бүтээлчидтэй хамтарч, удирдан зохион байгуулж ажилласан шүү дээ. Гадаад болон Монголын жүжигчидтэй хамтрахад ямар ялгаа олж хардаг вэ?
-Монголд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа байдал учир дутагдалтай. Тухайлбал, дунд сургуульд Хүрэн морь найраглалыг орж байгаа юу. Үгүй. Эх оронч байх, үүх түүхээ судлах, соёлоо тээх тухай яриагаа дунд сургуулиас эхлэх ёстой. Эндээс эхлээд ямар мэдлэг төлөвшил олгох вэ гэдгээс анхаармаар байна. Цаашлаад мэргэжлийн жүжигчин бэлтгэж байгаа сургуулиуд наад зах нь морь унахыг зааж өгөх хэрэгтэй. “Хийморь” кинон дээр ажиллахад морь унаж чаддаг хүүхэд алга. Жүжигчин хүн сэлж чаддаг, морин дээр давхидаг, морин дээрээсээ харвадаг байх хэрэгтэй. Ийм чадваруудыг эзэмшүүлээд гаргах хэрэгтэй. Мөн гадаадаас мэргэжлийн мундаг багш нарыг авчирч хичээл заалгах, туршлага солилцох ажлыг дэмжээд хийж болдоггүй юм болов уу гэсэн бодол төрсөн шүү.
- Үзэгчид их шуналтай. Тиймээс үзэгчдийн таашаалд нийцүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Хүмүүсийн итгэл даах ямар гоё байдаг юм бэ гэдгийг мэдэрсэн өдрүүд байв уу?
-Мэдэрч байна. Бэлтгэл сургуулилт хийх нэг хэрэг. Үзэгчдийн өмнө тоглох огт өөр мэдрэмж.Амьд энерги мэдрэгддэг. Зарим хэсэгт үзэгчид хамт уурлаж, инээж, уйлж байгааг мэдрэхээр улам илүү хөглөгдөж, жүжиг сүнслэг болж эхэлдэг. Үзэгчид өөрсдийгөө суугаад үзэж байна л гэж бодоод байдаг. Яг үнэндээ жүжгийг босгож ирдэг. Үзэгчдийн санаа алдах, нулимсаа арчих, бухимдах гээд хөдөлгөөн бүхэн нийлж заалыг амилуулж байдаг. Урд суугаа хүн нулимсаа арчиж байгааг харах, надтай хамт уйлж байгаа мэдрэмжийг хайрламаар. Хаантай цуг уйлж байна гэж бодох ямар гоё гэж санана. Үзэн ядаж байгаа нь хүртэл гоё. Энэ бүх мэдрэмжийг тайлбарлахад үг ч багадна.
Агуу зохиолчийн хэлсэн үгнүүдийг мэдрэмж, тархиараа боловсруулж амаараа гаргана гэдэг надад бүхэл бүтэн сургууль төгссөн юм шиг л болж байна. Нэг мөр нь, нэг үг нь хүртэл шидтэй. Нийлүүлж базаад ойлгох аваас туйлдаа хүрсэн амттай хоол шиг үгийг цээжиндээ суулгаж, баг багаар зөөгөөд үзэгчдэд хэлнэ гэдгийг юутай зүйрлэх билээ. Заримдаа хэмжээг нь ихдүүлэх вий, багадуулах вий гэж бодож хэлэхэд хүртэл айдастай санагддаг. Хэтэрхий эмоцитой хэлж болохгүй. Яг тэнцвэртэй торгон мэдрэмжтэй барьж тоглоход хэцүү. Бачуурахдаа хурдан хэлмээр санагдана. Гэтэл нэг үг нь хаягдах вий гэж эмээж, харамсмаар.
Өвгөдийн сүнс, Хаадын сүнс намайг дарж байна
Өтгөсийн сүнс олон шөнө надад шивнэлээ
Өнгөрсөн шөнө бүр зандчиж хонолоо
Хаад ихэсийн сүнс хад нурах шиг л намайг дарж байна
Эцэг гэдгээ чи нэгэнтээ мартаж
Эзэн хаанаа үзүүл гэж
Тэнгэрээс хашхирсан зарлигтай
Тэрсэлдэж би чадахгүй ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 80 (6812)