Б.ОД
Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалтыг энэ сарын 22-нд зохион байгуулах талаар Монголын Мэргэжлийн циркчдийн холбоо болон бусад төлөөллүүд өнөөдөр мэдээлэл өглөө.
Монгол циркийн хөгжлийн төв, Монгол циркус энтертайнмент төв, Монголын циркчдийн холбоо, Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургууль гэсэн 30 байгууллага нэгдэж чуулганаар нэгдсэн удирдлага болон ТУЗ-ийн гишүүдээ сонгох юм байна.
Энэ талаар Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар "Манай улсын циркчид дэлхийн 150 гаруй орны 5000 гаруй циркт тоглолт хийдэг. Олон улсад гайхагддаг циркийн үзүүлбэрээ ард түмэндээ байнга толилуулж чадахгүй байна. Циркчид маань мэргэжлийн тоглолт үзүүлж, бэлтгэл сургуулилт хийхэд өргөн орон зай зайлшгүй шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэр, циркийн урлагт аюулгүй байдлыг хангасан байр, талбай чухалд тооцогддог. Манай салбарт тулгарч буй гол асуудал энэ. Үүнийг шийдэхийн тулд нэгэн зорилго, нэгдсэн удирдлагатай хэрэгтэй байгаа юм.Манай улс гуравхан сая хүн амтай мөртлөө циркийн урлагаар дэлхийд гайхагддаг. Олон улсын А зэрэглэлийн тэмцээн уралдаанд байнгын байр эзэлж байгаа. Тиймээс циркийн салбарыг илүү хөгжүүлэхийн тулд эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр дор орох зорилготой байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn