Б.ОД
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Одоогоор цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоон их хэмжээний мөнгийг битүүмжилж, зохион байгуулагч нарыг тогтоон мөрдөн шалгаж байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөрийтэй тоглож байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байгаа гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Иргэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлэхийг зөвлөлөө. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг цагдаагийн байгууллага хангаж, хамтран ажиллах юм.
Эх сурвалж:www.polit.mn