С.УЯНГА
Ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хүүтэй олгож байгааг засах шаардлагатай. Монголбанкнаас гарч буй санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулж МИК гэрээ байгуулсныхаа төлөө хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдээд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан МИК тайлбар хийлээ.
Монголын ипотекийн корпорацийн 17.3 хувийг төрийн өмчит компаниуд буюу Хөгжлийн банк, Төрийн банк, 82 хувийг хувийн хэвшлийн зургаан компани, үүнээс гадна 1990 иргэн хувьцаа эзэмшдэг юм байна. "МИК ОССК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга болон ТУЗ-ийн хараат бус гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуун нар мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ЗЭЭЛ ОЛГОХ ЯВЦАД МИК ИРГЭДЭЭС ЯМАР НЭГЭН ХҮҮ, ШИМТГЭЛ, ХУРААМЖ АВДАГГҮЙ
"МИК ОССК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон 10 арилжааны банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. Өнөөдөр 10 банкнаас тав нь үлдсэн нь банк санхүүгийн байгууллагын эрсдэлийг харуулж байна. Компанийн хувьцааг хүссэн цагтаа авч, зарах боломж хүн бүрд нээлттэй. Учир нь 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болсон. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг мэдээлэл ч нээлттэй байдаг. МИК үүссэн цагаасаа хойш Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр гаднын олон байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн бөгөөд үйл ажиллагаандаа олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлж ирсэн. Санхүү тайлангаа олон улсын аудитын компаниар гаргуулдаг. Мөн бусад олон улсын холбоонд элссэн. Иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох процессод МИК огт оролцдоггүй. Банк бие даасан шийдвэр гаргадаг. Тийм учраас зээл олгох явцад МИК иргэдээс ямар нэгэн хүү, шимтгэл, хураамж авдаггүй. Зээлийн нөхцөл буюу хүүгийн хувь хэмжээ, хугацаа, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг эрх бүхий байгууллага тогтоодог бөгөөд МИК-ын оролцоо огт байхгүй. МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болоод байна. Өнөөдрийг хүртэл гарч байгаа зээл нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлбөрөөр Монголбанк дахин арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд зээл олгож байна. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанк тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад шууд олгож, банк, иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Банкны салбарын хэмжээнд 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарсны 80 хувь нь хөнгөлөлттэй зээл, 20 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээс гарсан зах зээлийн нөхцөлтэй ипотекийн зээл байна.
Ипотекийн зээл иргэдэд очиход тогтоож байгаа зургаа, найман хувь гэх хэмжээнд МИК огт оролцдоггүй. Нээлттэй хувьцаат компанийн хувьд ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилдог. Компанийн зүгээс ТУЗ-д хэнийг оруулах вэ гэдэгт шийдвэр гаргах боломжгүй. Улс төрийн албан тушаалтан мэдэгдэл гаргаснаар МИК-ын үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй. Гэхдээ бид гаднын хөрөнгө оруулагч нартай харьцдаг байгууллагын хувьд эдгээр хүмүүстээ мэдээлэл өгөх ёстой. МИК 2021 онд олон улсын зах зээлд гаргасан бондын үнэ унаж байгаа. Мэдэгдэл гарсан өдөр МХБ дээр тус компанийн хувьцаа 13 хувиар унасан. Асуудлын мөн чанарыг сайн ойлгож байж, иргэдэд мэдээлэл өгөхгүй бол буруу, ташаа ойлголтоос болоод 15 жил зорьж бий болгосон орон сууц санхүүжилтийн тогтолцоог нураачих вий дээ. Энэ тогтолцоо байхгүй бол орон сууцны хөтөлбөр үргэлжлэх боломжгүй болно. Та бүхэн санаж байгаа бол арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээлийг 24-30 хувийн хүүтэй олгодог байсан. Хугацаа нь 5-12 жил байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдал руу буцаж орох эрсдэлтэй" гэлээ.
"МИК ОССК" ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуун: ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВИАР БОДВОЛ 20 ХУВЬ РУУ ОРОХ ЭРСДЭЛТЭЙ
-Үе үеийн Засгийн газар иргэдэд аль болох бага хүүтэй орон сууцны зээл олгохыг хичээж ирсэн. Анх 20 гаруй хувьтай зээлийн хүүг буулгаад 2013 оноос хойш найман хувиар явсан. Юмны үнэ их өсөж байна. Зургаа, найман хувь нь хасах талдаа болчихсон байгаа. МИК зээлүүдийг багцлаад хөрөнгө оруулагч нарт санал болгож дахин мөнгө татаж орон сууцны ипотекийн зээлийг дэмждэг байгууллага. Хэрэв МИК шиг байгууллага байхгүй бол хүмүүс орон сууц авах нь багасна. Орон сууцны зээлийн хүү зах зээлийн хувиар бодвол 20 хувь руу орох эрсдэлтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 78 (6810)